ЦАХИМ ЧАГНУУР I Ц.Нарантөгс: Туниа муутай байгаа нь дэлүүтэй холбоотой

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Монголын уламжлалт анагаах ухаанд хаан мэт зүрх, хатан мэт элэг гэдэг бол дэлүүг бага хатан нь гэдэг. Хоол боловсруулах эрхтэнд чухал үүрэгтэй, цус төлжүүлэхээс гадна олон чухал үүрэг гүйцэтгэдэг дэлүүг хэрхэн эрүүл байлгаж, хамгаалах тухай болон уг эрхтний тухай сонирхолтой ярилцлагыг “Цахим чагнуур” булангийн өнөөдрийн дугаарт нийтэлж байна. Уламжлал ёсоор  “Хасу Манал” эмнэлгийн эмч Ц.Нарантөгсийн яриаг хүргэе.


-Дэлүү гэдэг эрхтэн ямар үүрэгтэй эрхтэн бэ?

-Дэлүүг бид эрхтэн гэж ерөөсөө боддоггүй. Гэтэл дэлүү нь ходоодны үйл ажиллагаатай салшгүй холбоотой эрхтэн. Уламжлалт ангаах ухаанд дэлүү нь хоол шингээх эрхтэн гэж үздэг. Дэлүүний тунгалгаас гарсан цөвийг ходоодонд хураадаг бөгөөд үүнийг салс гэдэг. Дэлүү нь хэвлийн хөндийн зүүн талд байдаг бөгөөд зууван дугуй, булчирхайлаг эрхтэн. Хэвлийн зүүн талын 9-11 дүгээр хавирганы ард байрлах бөгөөд 9-13 см урт эрхтэн. Дэлүү нь цус төлжүүлэх үйл явцад идэвхтэй оролцдог. Мөн архаг цус алдалт, үжил зэргийн үед чөмгөн дэх цус төлжих хэдийн үйл явц алдагдахад дэлүү нь цус төлжүүлэх гол эрхтний үүргийг гүйцэтгэдэг. Дэлүүнд төмрийн хуримтлал их байдаг.  Төмрийн уургаар бодисын солилцоонд орж уушгинд хүчилтөрөгч авч агаарын бөмбөлөг үүсгэж бүх эд эрхтэнд хүчилтөрөгч тарааж байдаг. Дэлүү нь хортой бодисыг шүүж боловсруулах, өвчин үүсгэгч нян, вирус зэргээс цусыг цэвэрлэн дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цусыг шүүх явцдаа хөгширч, эсвэл хувирч өөрчлөгдсөн цусны улаан эсүүдийг таньж устгадаг байна. Жишээлэхэд, зарим өвчний үед халдвар авсан цусны улаан эсүүд нь дэлүүнд шүүгдэн үхдэг. Үүнээс гадна бага зэргийн гэмтэлтэй эсүүдийг таних чадвараараа дэлүү нь элэгнээс илүү байдаг аж. Иймд дэлүүг авах, эсвэл хатингарших үед эдгээр эсүүдийн цусан дахь агуулга нэмэгддэг. Дэлүү нь уургийн солилцоонд оролцон альбумин, глобин ялгаруулдаг. Хоол боловсруулах, тээвэрлэх, жижиглэх, ус чийгийг шингээж уушгинд хүргэх, цусыг хянах, цус төлжүүлэх, булчинг тэжээлийн бодисоороо тэтгэх, тэжээлийн бодисыг шингээн цааш нь дамжуулах үүрэгтэй.

-Дэлүүний үйл ажиллагаа алдагдахад ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Дэлүүний чи энерги суларсан үед хувирган өөрчлөх, зөөвөрлөх үүрэг нь алдагдаж гэдэс дүүрэх, цуцах, жин алдах шинж тэмдэг илэрдэг гэж үздэг. Цусны урсгалыг тогтоон барих үүрэгтэй болохоор дэлүүний чи энерги нь хэвийн үед цусны эргэлт хэвийн. Харин суларвал цусыг тогтоож барих нь суларч хөхрөлт, хамраас цус гарах, биеийн юм их ирэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж үздэг. Биеийн булчинг тэтгэдэг болохоор дэлүүний чи энерги суларсан үед булчин цуцах, чадалгүй болох, хөл гар цуцах шинж тэмдэг илэрдэг гэж үздэг. Дэлүүний шим тэжээлийг тээвэрлэх үүрэг нь хоол амтлах чадвартай нягт холбоотой гэж үздэг. Иймд дэлүүний үйл ажиллагаанд хямрал гарвал хоолонд дургүй болох, хоол амтлах чадвараа алдах, заримдаа хоолонд дургүй болох, дотор муухайрах шинж илэрнэ гэж үздэг ажээ. Ам, уруул нь дэлүүний чи энергийн хүчтэй, эсвэл суларсныг илтгэдэг гэж үзнэ. Чи энергийн эргэлт хэвийн үед уруул улаан байдаг бол алдагдаж эхлэхэд шаравтар туяатай, өнгөө алдаж, суларна. Үүнээс гадна дорнын анагаах ухаанд дэлүүг нь таван цулыг дулаанаар тэтгэж, ухамсрыг хадгалж, хүний биеийн тогтолцоо, биеийн хүчийг тодорхойлогч эрхтэн гэж үздэг юм байна.

-Уламжлалт анагаах ухаанд дэлүү нь ямар махбод, шинж чанартай эрхтэн юм бол, бусад эрхтнүүддээ хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүний нурууны араар эрчим хүчний судал гүйдэг. Рома судал буюу наран судал, жома судал буюу саран судал, ум судал буюу мэдрэлийн судал гэж байдаг. Мэдрэлийн судлаас эрчим хүчний долоон хүрд нээгддэг. Жома судал нь сэрүүн чанарын судал бөгөөд ходоод, дэлүү холбоотой байдаг учраас хүйтэн, сэрүүнээс өвчин үүсэх боломжтой. Ходоодонд бадганы гол орших орон. Бадган гэдэг нь салс юм. Дэлүү бол чийглэг, батлаг шинж чанартай, шороон махбодтой. Ходоодны шингээгч шар буюу ферментийг ялзлагч бадган гэнэ. Энэ нь нойр булчирхайнаас орж ирдэг фермент юм. Энэ нь хоолыг шингээдэг. Дэлүү бол бадганы мөн чанартай бөгөөд хүйтэнд илүү өвддөг. Дэлүү нь өөрийн гэсэн галын илчээ бөөрнөөс авдаг учир бөөр бол дэлүүний нөхөр нь байдаг. Бөөрний тамир доройтвол дэлүүний илч буурдаг. Бөөр сэмжинд ороогдсон байдаг нь бөөрний илчийг барихын тулд цаанаасаа зохилдлогоотой байдаг байх нь. Бөөр нь дэлүүний нөхөр байтал дэлүү нь бөөрөндөө ачаалал өгдөг дайсан нь болдог. Элэг бол цусыг бий болгодог эрхтэн бол дэлүү цусыг төлжүүлдэг. Дэлүү нь элгэндээ нөхөр бол элэг нь дэлүүгээ өвчлүүлдэг. Элэг өвдөхөөр дэлүүгээ өвчлүүлээд томруулдаг.

-Бөөрний тамир доройтвол дэлүүний галын илч буурдаг байх нь ээ?

-Тийм. Одоогийн залуус туранхай, туниа муутай, цонхигор харагдаад байдаг нь дэлүү, ходоодны галын илчгүй болсных. Үүний шалтгаан нь илчлэг багатай хоол идэх болсонтой холбоотой. Хонины сайхан мах, ясны шөл, чөмөг, сүүлний өөх зэргээс зайлсхийгээд сэрүүн чанарын будаа, жимс, хүйтэн чанарын хоол унд иддэг болсон байна. Энэ байдлаас болж ядарч, сульдах, нойргүйдэх, турах, дэлүүний цус төлжилт багасдаг.

-Элэг, цөсний өвчлөл дэлүүнд ямар хор нөлөөтэй вэ?

-Монголчууд элэг, цөсний өвчлөл ихтэй. Уур амьсгал, хоолны хэрэглээ, мал аж ахуй эрхлэх байдлаас болдог. Цөс байнгын өтгөн байх нь өтгөн цөстэй хүүхэд төрөхийн эхлэл болдог. Цөс өтгөн байхаар шар нь арвидаж, дэлүүний услаг, салслаг чанар багасаж, өтгөн хатах, хий дүүрэх шинж илэрдэг. Дэлүү бол дархлааны системийн эрхтэн. Элэгний халуунаас болж цээж гашуун оргих, шар арвиддаг. Элэг цөсний баруун талд халуун, дэлүү, ходоодны талд сэрүүн хүйтэн чанартай болоход арга билгийн тэнцэл алдагдаж,  нэг талдаа хий, бадган, нөгөө талдаа шар нь үүсэхээр дэлүү хоосорч үндсэн үйл ажиллагаа нь алдагддаг.

-Тэнцвэрийг барихын тулд улирлын чанартай дэглэм шаардлагатай юу?

-Тийм ээ. Дэлүү бол бактерын эсрэг бие үүсгэж дархлааг дэмждэг. Дэлүү эрүүл байх нь улирлын чанартай хоол хүнсээ тохируулах хэрэгтэй. Жишээ нь намрын улиралд төмөр махбод буюу уушгины махбод дэлгэрч эрчим хүчээ авч, дархлааны системийг бэлтгэж, өвөлдөө бэлдэж байдаг. Энэ үед уушги төлжиж байгаа учир эрүүл агаар маш чухал. Нөгөөтэйгүүр ханиад томуу хүрэх эрсдэл өндөр болдог. Жилд 72 хоног улирлын судлууд дэлгэрдэг. Өвлийн 72 хоногт бөөрний судал, хаврын улиралд элэгний махбод, зуны улиралд зүрхний махбод дэлгэрдэг. Улирал солигдох завсрын 18 хоногт дэлүүний махбодыг анхаарах хэрэгтэй. Европын анагаах ухаанд улирал солигдох үед дархлаа сайжруулах эмчилгээг заавал хийдэг. Энэ нь үүнтэй холбоотой. Намрын сүүл сард дэлүүгээ эрхэм болгох хэрэгтэй.

-Нойр булчирхай нь дэлүүтэй ямар холбоотой юм бэ?

-Нойр булчирхайг дэлүүний үйл ажиллагаанд хамааруулж үздэг. Нойр булчирхай өвдсөн хүн гүйлгээд байдаг. Энэ нь дэлүүний хийн өвчин гэсэн үг. Дэлүүний өвчтэй хүн тайван, тогтмол хөдөлгөөн хийх хэрэгтэй. Мөн нөгөө талдаа дэлүүний өвчин хөдөлгөөнгүй хүмүүст тохиолддог. Бадган арвидах буюу тарган хүмүүс байдаг. Энэ төрлийн хүмүүс амтлагийн амтыг хэтрүүлж болохгүй. Энэ нь сахрын өвчин болдог. Хэт их өлсөх, хэт их идэх зэрэг нь дэлүүний үйл ажиллагааг хямраадаг. Өлөн хурдтай хөдөлгөөн хийж болохгүй. Морийг өлөн дээр давхиулбал дэлүү нь томроод багтраад унадаг. Үүнийг дэлүүтэх гэдэг дээ. Тэрэнтэй л адилхан.

-Дэлүүг эрүүл байлгахын тулд ямар идээ ундаа хэрэглэвэл зохилтой вэ?

-Дэлүүг эрүүл байлгахад махан хоол нэн тустай. Маханд төмөр их байдаг. Хэт их идэхгүй, идсэн хойноо даарахгүй, хэвтэхгүй, дулаан байх хэрэгтэй. Улаан анар жимс /гранат, сэмбэрүү/ -ийг идвэл ходоодны галын илчийг нэмж, витамин c ихтэй хоол хүнс идэх нь төмөр зөөвөрлөх чадварыг нэмэгдүүлдэг. Ясны шөл сайн уух хэрэгтэй. Дэлүүнд кальцийн хуримтлал байдаг. Хүний биед хөлд яс ургавал зүү дэлүүний дээр зүү тавьж кальцийн хуримтлалыг тараадаг.

-Та түрүүнд дурдлаа. Бадган арвидсан дэлүүний өвчтэй хүмүүст ямар хоол хүнс тохиромжтойг дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Тарган, дотор шар ихтэй улс эрчмийг задалж, хөдөлгөөн сайн хийх, амтлаг идээг хорих, галын илчийг нэмэгдүүлэх амтлаг халуун амтыг хэрэглэх, салсыг багасгах жор уух, ходоодыг цэвэрлэх, зөгийн балтай ус уух хэрэгтэй. Энэ төрлийн хүмүүс нойр ихтэй, хөдөлгөөн удаан болдог.  Халуун чанарын дэлүүний өвчин шингээгч шар хямарснаас үүсдэг. Үүнийг дарахын тулд ногоон өнгийн ургамал, идээ ундаа сайн. Шанцай, өргөст хэмх, ногоон навчит ургамал, ислэг идээ их идэх. Шартай хүн ааруулын шүүс уух, цагаан идээ идэх, аарц уух, ээзгий, ээдэм, шар сүү элэг цөсний халуунд маш сайн. Дэлүүний хийтэй хүнд исгэлэн айраг, тараг болохгүй.

-Ямар төрлийн хоол хүнс өвчлөл үүсгэх шалтгаан болдог вэ?

-Манайхан ямар хоол хэрэглэж байгаагаа мэддэггүй. Жишээлбэл, есийн тосыг халаадаг тос мөн үү биш үү гэдгийг мэддэггүй. Ялангуяа транс тос, дал модны тос байна. Манайхан есийн тосоор хоолоо хуураад хийдэг. Үүнээс болж элэг, цөсний өвчин, сахрын өвчин, харшлын өвчин, хавдрын өвчний эх үүсвэр болдог. Цэвэр оливын тос бол маш сайн тос. Гэхдээ халааж хэрэглэдэггүй. Хятадууд олон сая хүн амтай хэр нь хавдрын өвчлөл багатай байдаг нь ургамлын шүүгээгүй тос хэрэглэх хэрэглэдэг. Манай оронд 1970-аад оны үед сахрын өвчтэй хүн олддоггүй байлаа шүү дээ. Эмнэлэгт дадлагын оюутнуудад сахрын өвчтөн үзүүлэх гэхээр олддоггүй байсан. 1990 оноос есийн тос хэрэглэснээс хойш өвчлөл нэмэгдсэн. Архи  уудаг хүн хортойг нь мэдсээр байж уугаад байдаг шиг ургамлын тосыг халааж хэрэглэж болохгүйг мэдсээр байж хэрэглээд л байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээгий(43.242.243.148) 2024 оны 11 сарын 20

Дэлүү том хүний дэлүүг яаж эмчлэх вэ? Зөвлөгөө өгөөч

1  |  0
c(66.181.183.252) 2021 оны 01 сарын 22

u.tosiig halaahgvi yaj heregleh yumbeee

1  |  0
Энхмаа(103.229.120.65) 2019 оны 11 сарын 13

Баярлалаа.

1  |  0
Top