Төрийн албаны ерөнхий шалгалтын эхний шалгаруулалтыг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс зохион байгуулсан. Төрийн албаны шалгалтын тест алдаатай, программ хангамжийн хувьд доголдолтой байсан талаар Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугир шүүмжлэлтэй хандаж байна. Тэрбээр шалгалтыг орон даяар дахин явуулах шаардлагатай гэж үзэж буй юм. Энэ асуудлаар түүнтэй ярилцлаа.
-Төрийн албаны ерөнхий шалгалтад Өмнөговь аймгийн иргэд хэр оролцов. Шалгалттай холбоотой санал, шүүмжлэл их байна?
-Төрийн албаны шалгалтад Өмнөговь аймгийн 260 гаруй иргэн оролцсон. Шалгалт өгсөн хүмүүсээс 33 хүн эхний шалгаруулалтад тэнцсэн. Эхний шалгаруулалт 55 асуулттай, 55 оноотой. Түүнээс 35-аас дээш оноо авсан шалгуулагчийг хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулах журамтай. Улс орон даяар явуулсан энэ шалгалтад нийт хүмүүсийн 10-20 хувь нь тэнцсэн байна. Тэгэхээр төрийн албаны шалгалтыг бүтэн жил авахгүй байснаар орон нутагт төрийн ажил их цалгардсан. Тухайлбал, төрийн албаны шалгалтыг хүлээгээд зарим сургууль захиралгүй жил шахам боллоо. Гэтэл жил хүлээлгэж авсан шалгалтын тест нь алдаатай байсан.
Тухайлбал, ерөнхий шалгалтын тестэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс албадын дарга нарын хэдэн хувиас доошгүй байх вэ” гэсэн асуулт байсан. Ямар ч ойлгомжгүй асуулт. Махчилж ойлговол жендертэй холбоотой асуулт юм болов уу. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь хэлтэс, албадын дарга нарынхаа хэдэн хувиас доошгүйг эмэгтэй албан хаагч томилох вэ” гэсэн асуулт юм шиг байгаа юм. Гэтэл ийм алдаатай хийчихсэн. Үүнийг Төрийн албаны зөвлөлд хэлэхээр алдаагаа зөвшөөрч байгаа. Төрийн албаны зөвлөл “Эхний шалгаруулалтад 34 оноо авсан 74 хүн энэ асуултад хариулж чадалгүй унасан байсан. Тийм учраас хоёрдугаар шатны монгол хэлбичгийн шалгалтад оруулах эрх өгсөн” гэсэн. Тэгэхээр алдаагаа хүлээн зөвшөөрсөн байгаа биз дээ.
Тестийн бас нэг алдаа нь банкны тухай асуулт байсан. “Арилжааны банкны зарим үүргийг хүснэгтэд үзүүлжээ. Хүснэгтийн аль хэсэгт алдаатай өгөгдөл байна вэ “ гэсэн асуулт байсан. Тэгсэн мөртөө хүснэгт нь байхгүй. Доор нь хэдэн тоо тавьчихсан. Ийм маягийн тестийн алдаа маш их байна.
Хоёрдугаарт, компьютерын программ алдаатай. Тухайлбал, нийт 55 оноо авах ёстой байтал 57 оноо гэж гарч ирсэн. Мөн нэг ч тест зөв бөглөөгүй юм шиг 0 оноо хүртэл гарч ирсэн байна. Компьютер дээр зураг нь гардаггүй, үсгийн фонд нь танигддаггүй алдаанууд их гарсан. Гуравдугаар тестийн зарим асуулт нь төрийн алба хаших гэж байгаа хүнд бараг шаардлагагүй асуулт орж ирсэн. Хуулийн асуулт маш цөөхөн. Төрийн албаны ёс зүйн талаар асуулт бараг байхгүй.
-Төрийн албаны шалгалтад бэлтгэх номоос шалгалтын тестийг бэлтгэдэг гэж ойлгодог?
-Төрийн албан зөвлөлөөс “Төрийн албаны шалгалтад бэлтгэх гарын авлага” гэж ном хэвлүүлж, 21 мянган төгрөгөөр борлуулсан. Ихэнх нь хуулийн тестүүд байдаг. Гэтэл энэ номоос 10 хүрэхгүй тест ирсэн. Нийт 55 асуултын 20 хүрэхгүй нь хуулийн асуулт байсан. Уг нь хуулийн асуулт голлох ёстой. Гэтэл түүх гэх мэт эрээвэр, хураавар асуултууд орж ирсэн. Ерөөсөө шалгалт өгөх гэж байгаа залуусыг шалгалтад унагах гэж байгаа юм шиг асуулт байсан.
Түүхийн асуултад гэхэд “Чулуун зэвсгийн үеийн мэргэжлийн хэллэгээр нэрлэснийг нь олно уу”, “Монголын нууц товчоон дээр багалзуур ид гэж юу гэсэн үг вэ” гэх зэргийн асуулт ирсэн. Энэ нь тийм чухал асуудал уу. Төрийн албаны шалгалтын эхний шатыг 16-ний өдөр авч дуусаад 17-ны өдөр хоёрдугаар шатны Монгол хэлний шалгаруулалтад 16 оноо авсан хүнийг 37 оноо авсан болгоод оруулсан. Есөн оноо авсан хүнийг 35 оноо авсан болгоод хоёрдугаар шатны шалгаруулалтыг өгүүлсэн. Үүнийгээ юу гэж тайлбарлаж байна гэхээр программд алдаа гарсан учраас энэ хүмүүсийг нэмж хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулж байгаа гэж тайлбарласан. Шалгалтаас гарч ирээд 9, 16 оноо авсан гэдгээ хэлээд явж байсан хүмүүс гэнэт тэнцсэн болоод явчихаар үлдсэн 8000 залуу хардана биз дээ. Ийм зүйл болсон.
Мөн ТАЗ-ийн компьютерын программ алдаатай байсан, тест алдаатай болсноо хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас саяны шалгалтаар 35 оноонд хүрээгүй хүмүүсийг ойрын хугацаанд дахин шалгалт авах зайлшгүй шаардлагатай. Дахин шалгалт авахдаа тестийн алдаа, программаа сайжруулах ёстой. Төрийн албан хаагчид нэн шаардлагатай асуултыг тестэд оруулж, шалгалтаа яаралтай авахыг хүсэж байна.
Би ТАЗ-ийн дарга нартай удаа дараа холбогдож, 50-аас дээш оноо авсан хүмүүсээс яаралтай дахин шалгалт аваач гэдгийг хэлсэн. Гэтэл ТАЗ-өөс ирэх дөрөвдүгээр сараас л дахиж шалгалт авна гэж хүнд суртал гаргаж байна. Төрийн албыг ёс зүйтэй, хариуцлагатай, хуулиа дээдэлдэг болгоход сургах ёстой байгууллага нь ийм хариуцлагагүй, сэтгэлгүй байж, олон залуусыг хохироож байгаа нь болохгүй юм. Хэрэв иймэрхүү байдлаар ажлаа явуулах бол ТАЗ Монгол Улсад байгаад яах юм бэ. ТАЗ нь энэ алдаа гаргаад байгаа нөхдүүдэд нэн дариу хариуцлага тооцож, нэр хүндээрээ хохирсон 8000 гаруй залуучуудаас дахин шалгалт авахыг шаардаж байна. Энэ тал дээр төр засаг, Ерөнхий сайд маань анхаарах хэрэгтэй. Энэ шалгалтаас болж төрийн албан хаагч, төрийн нэр хүнд давхар унаж байна. Төрд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж байгаа хүмүүс ТАЗ-ийн ажилд онцгой анхаарч, саяны шалгалтыг дахин явуулах тал дээр ажиллах хэрэгтэй байна. Мөн саяны шалгалтад оролцсон, хохирсон залуучууд дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй.
-Нийт 8000 гаруй залуучууд шалгалт өгсөн. Түүнээс тодорхой хувь нь тэнцсэн. Гэтэл 9, 16 оноо авсан хүмүүс тэнцсэн болж, хоёрдугаар шатны шалгаруулалтад орсон нь ямар учиртай вэ?
-ТАЗ-д би хандаж, 28-аас дээш оноо авсан хүмүүсийг хоёр дахь шатны шалгаруулалтад оруулаач гэдэг хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Уг нь ТАЗ өөрсдөө журмаа боловсруулсан учраас өөрчлөлт оруулах боломжтой юм. Энэ жилийн Төрийн албаны шалгалтад 8000 гаруй хүн орсноос 800 гаруйхан хүн тэнцсэн. Нийт шалгалт өгсөн хүний 10 гаруйхан хүн нь тэнцсэн байгаа юм. Гэтэл одоо Өмнөговь аймагт төрийн албаны ажлын захиалга 137 байна. Өмнөговь аймагт шалгалтад 33 хүн тэнцээд, дээр нь 16 оноо авсан хоёр хүүхдийг нэмээд хоёрдугаар шатанд 35 хүн шалгалт өгсөн. Хоёрдугаар шатанд 32 тэнцээд гурван хүн тэнцээгүй. Одоо гурав дахь шатны шалгаруулалтад энэ хүмүүсээс хэд нь хасагдахыг мэдэхгүй юм. Тэгэхээр зэрэг 137 ажлын байрны захиалгыг яаж нөхөх юм.
Гэтэл ТАЗ-өөс аймгийнхаа Төрийн албаны салбар зөвлөлтэй яриад зохицуулах хэрэгтэй гэж байгаа. Салбар зөвлөлөө хууль зөрчүүлэх нь байна шүү дээ. Төрийн албаны шалгалтад тэнцсэн хүн л төрийн албанд орж ажиллах эрхтэй. Аймгийн Тамгын газрын дарга төрийн албаны шалгалтад тэнцээгүй хүн ажилд авсан байх юм бол өөрөө ажлаас халагдах хуулийн заалттай. Тэгэхээр зэрэг хууль зөрчүүлэх гээд байгаа ТАЗ-ийг цаашид яах юм. Энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна.
-Өмнөговь аймагт 137 албан хаагчийн орон тоо байна. Энийг яаж нөхөх вэ. Ажлын байранд хүмүүсийг нь томилохгүй болохоор төрийн ажил цалгардаад байдаг. Та түрүүн хэллээ, сургуулийн захирлыг томилж чадахгүй бүтэн жил боллоо гэж?
-Улс орон даяар төрийн албаны нөөцөд хүн байхгүй учраас бүтэн жилийн хугацаанд хууль зөрчөөд оронд нь хүн ажиллуулж байгаа тохиолдол их бий. ТАЗ Тамгын газрын дарга нарыг хууль зөрчүүлэхэд хүргэж байна. Ер нь Төрийн албыг цэгцлэх, эрх мэдлийг нь орон нутагт өгөх шаардлагатай болсон. Өмнөговь аймагт суурин хүн ам нь 70 мянган. Мөн уул уурхайн компаниудыг дагаад хөдөлгөөнт хүн ам мөн тооны ажиллаж, амьдарч байгаа. Нийт 130-140 мянган хүн тогтмол амьдардаг манай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд сүрьеэгийн мэргэжилтэн хоёрхон ажиллаж байна. Гэтэл Өмнөговиос цөөн хүн амтай ихэнх аймгуудад 5-6 мэргэжилтэн ажиллаж байгаа. Өмнөговийн төв дээр замын цагдаа хоёрхон ажиллаж байна. Тэгэхээр орон тоо, ажлын ачааллаа зохицуулахын тулд орон нутагт эрх мэдлийг нь өгөх шаардлагатай байна.
-Бусад аймгийн удирдлагууд дээрх асуудал дээр ямар саналтай байна вэ?
-ТАЗ-ийн удирдлагуудтай би уулзаж, залуучуудаас дахин шалгалт авах асуудлаар ярьсан ч ерөөсөө хүлээж авсангүй. Мөн аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга, удирдлагуудтай уулзаж дээрх асуудлаар ярилцлаа. Аймаг болгон төрийн албатай холбоотой асуудал байгаагаа хэлж байна. Саяны шалгалт алдаатай, буруу байлаа гэдгийг хэлж байна. ТАЗ нь хүмүүсийн үг авдаггүй, том толгойтой газар байна. Тийм учраас би хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байгаа энэ юм.
Сэтгэгдэл ( 6 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37
ерөнхий мэдлэг гээд байгаа монгол хүн мөн үү гэдэгдээр л унаад байгаа юм шүү дээ
Энэ ихэд эмгэнэлтэй , инээдтэй , ичмээр асуудал байна. Төрийн албаны зөвлөлийг татан буулгасан нь дээр байхаа.
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
60 тэрбумыг схемээр орж ирээд ааилгад огсон монго эргуулээд олж торд шургалсан нохдууд АТГ т унэн торхоо харуулж, 60 тэрбум хэрэгжсэн гэдгийг нотлоод байх шиг байгаа юм даа. Бас чадваргуй ГЭДЭГ НЬ торийн албан чухал тестийг хуртэл алдаатай хийчихдэг байна шуу. Хохирол, заржал, чирэгдэл, шударга бус байдал, зарим хумуус давуу боломж гараж огох гэх олон асуудал гараж байгаа юмдаа.