Канад улсын MERIT төсөл, Засаг даргын Тамгын газар хамтран хэлтсүүдийн ахлах мэргэжилтнүүд болон Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдэд “Төрийн албан хаагчийн гол ур чадварууд болон бусад хүний нөөцтэй холбоотой сургалтыг явуулах сургагч багшийг бэлтгэх сургалт”-ыг өчигдөр, өнөөдөр /2019.11.28, 29/ зохион байгууллаа.
Тухайн сургалтаар аливаа сургалтыг бусдад хэрхэн хүргэх, заах арга барилыг эзэмшүүлэх талаар лекц орж, багаар ажиллах дадлага ажлуудыг хийсэн байна. Сургалтыг MERIT төслийн Техникийн зөвлөх Вилл Гау удирдан явуулсан бөгөөд сургалтад 28 төрийн албан хаагч оролцож, сертификатаа гардан авчээ.
Тус төслийн Техникийн зөвлөх Вилл Гау энэ сарын 21-ээс ирэх сарын 3-ны өдөр хүртэл Дундговь аймагт ажиллах бөгөөд ажиллах хугацаандаа аймгийн хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэнд албан хаагчдын сургалт, хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр зөвлөн туслах аж.
MERIT төсөл нь Дундговь аймагт 2017 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд хүний нөөцийн чиглэлээр Төрийн албаны зөвлөлийн дэмжлэгтэйгээр ур чадварт суурилсан хүний нөөцийн менежментийн бодлогыг нэвтрүүлж байна. Мөн ажлын байрны дүн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн гаргах арга зүйн туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн үндсэн ажилтнуудын ур чадвар, тэдгээрийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн менежмент, карьерын менежментэд ашиглах үндсэн суурийг тавьж байгаа юм.
Дундговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )