ТОЙМЧИЙН ӨНЦӨГ: Таван сумтай нөхөр таван тийшээ харжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

-Н.Алтанхуяг, З.Энхболд нар С.Эрдэнийг хоёр талаас нь хавчин дайрах тактик барьж байгаа гэх мэдээлэл бий-

Нэгэнтээ АН-ын даргаар ажиллаж асан З.Энхболд эртний сайхан домгийг улс төрийн тайзан дээр амилуулж, АН-ын даргад нэр дэвшигч таван нөхөрт эв найртай байхыг билгэдэн таван сум багцлан өгсөн. Бараг л цусан тангараг өргүүлэх нь халаг байв. Энэ нь саяхан мэт боловч дөрвөн онтой золгож, таван сум атган андгай өргөж зогссон таван нөхөр таван тийш харжээ. Домог амилуулсан З.Энхболдыг тооцвол зургаан тийш харсан ч гэж болно. 

Өнгөрөгч 2016 оны сонгуульд тугаа бөхийлгөсөн АН, түүний дарга З.Энхболд дүрмийн дагуу тахимаа өгөх үед улс төрийн тайзан дээр Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын дүрүүд гарч ирсэн. Тэд уг нь намын даргад өрсөлдөхөөр тулааны талбарт араа шүдээ хурцлан зогссон хэрэг. Энэ үед намын дарга З.Энхболд таван өрсөлдөгчөө хар хоргүй сайхан тулалдаж, цаашид намынхаа эв нэгдлийг хангаж явахыг хүссэн санаатай. Ийнхүү тэрбээр хэлэхдээ “2020 оны амжилт өнөөдрөөс эхэлнэ. Хариуцлагатай байгаарай. Хэн нь ч ялсан, хэн нь ч ялагдсан ялсан даргадаа амжилт хүсээд хамтран ажиллаарай. Эвтэй байгаарай” хэмээсэн байдаг. Яах аргагүй л найруулагчийн ажил мөн. Магадгүй З.Энхболд цаад таван нөхрөө хөөрхөн дөнгөсөн байх магадлал ч  цухалздаг.

Ямартай ч З.Энхболд домог амилуулж ерөөл айлдаад ч таван сумтай нөхөр таван тийшээ харж, даргын сонгууль дууссан мөчөөс нэг нэгэндээ дайсагнаж эхэлсэн. Алунгоо эхийн домогт өгүүлснээр бол тэд багцалсан сум шиг нэгэн цул байж чадсангүй, нэжгээд тус тус сум болон эхнээсээ ялагдал хүлээж эхэлжээ. Ийнхүү АН-ын даргын уралдаанд Даатгалын байгууллагаас улс төрийн  бараан намтраа эхлүүлсэн С.Эрдэнэ арай илүүрхэж түрүүлэв. Өнөөд­рийн нөхцөл байдлаас харвал С.Эрдэнэ намын дарга болсондоо бараг харамсаж байхыг үгүйсгэхгүй.

Юуны өмнө сумтай нөхдөөс Л.Гантөмөр өрсөлдсөн шокноосоо гараагүй “Нэг ардчилал”-ын залууст үлгэр ярин намын даргатайгаа далд өрсөлдсөөр байна. Чухам сонгууль болохын цагт хаашаа эргэхийг мэдэх юм алга. Харин Ж.Батзандангийн хувьд ил цагаан өрсөлдсөөр байгаад өрх тусгаарлав. Түүнд бол буцах, ухрах зам үгүй болсон. Нэгэн цагт хаан шахуу явсан Н.Алтанхуяг одоо болтол дүрээсээ гарч чадахгүй, сэнтий зүүдлэн цочиж сэрсээр байгааг ойр орчмынхон нь дуулгасан. Энэ л муу зүгийн зүүд түүнийг ийнхүү намаа хаглахад чамгүй үүрэг гүйцэтгэж байгаа. “Барын сүүл явснаас батганы толгой явах”-ыг ч илүүд үзсэн байж болно. “Намаа цэвэрлэнэ” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөс татгалзсан цагаас хойш мандаж ахуй цагт нь бурханчлан шүтэж байсан хөдөө гадааны нөх­дийг С.Эрдэнийн өөдөөс галлуулсаар байна. Эцэс­тээ хар дарсан зүүд нь түүнийг нэг мөр тэтгэвэрт суулгаж ч магадгүй. Гэхдээ Н.Алтанхуяг, З.Энхболд нар С.Эрдэнийг хоёр талаас нь хавчин дайрах тактик барьж байгаа гэх мэдээлэл байдаг.

Намаа ялалтад хүргэсэн Н.Алтанхуяг даргын­хаа суудлыг З.Энх­болдод алдаж, хонь чоно мэт явсан өдрүүд байдаг ч том эрх ашгийн төлөө тэд хэнтэйгээ ч нэгдэж чадна. Нэг талаас өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, нөгөө талаас өдрөөс өдөрт эзэнгүйрч байгаа намынхаа хувь заяаны төлөө нэгдэх том шалтгаан байгаа учраас тэднийг хонь чоно мэтээр харах хэрэггүй.

Мэдээллийн хэрэгсэлд дурдаж байгаагаар бол Н.Алтанхуяг нам байгуулахаа мэдэгдсэн харагдана. Ерөнхийлөгчийн тамгын газрыг АН-ын нэг фракцийн штаб шахуу болгосон З.Энхболд хуулийн хугацаанд төрийн албаа өгч, айсуй сонгуульд бэлдэхээ зарласан.З.Энхболдын хувьд С.Эрдэнийн дор ажиллах эсэх нь эргэлзээтэй ч АН-ын тэргүүн дэд даргаар очих магадлал байгааг эх сурвалжууд дуулгасан. Өнгөрөгч сонгуулиар АН-ыг шороотой хутгачихаад даргад нэр дэвшигчдээ багцалсан сум өгч зогссон З.Энхболдын хувьд ямар нэгэн төлөвлөгөө зурсан нь ойлгомжтой. Харин Н.Алтанхуягтай юу, С.Эрдэнэтэй юу гэдэг л сонирхол татна. Ерөнхийлөгч Х.Баттулгад АН дотор байр сууриа бат бөх байлгах мөнхийн сонирхол бий. Саяхан л ахин дахин санал хураалган Ерөнхийлөгч болсон санагдах авч бас л дараагийн сонгууль тулчихаж. Тэгэхээр Х.Баттулгын байр суурийг АН дотор хадгалах учиртай хүн нь З.Энхболд гэхээр тэр аль ашигтай байрлал руу явна. С.Эрдэнэ рүү ноцох нь ойлгомжтой. Гагцхүү сонгуулийн наана уу, цаана уу гэдэгт л хамаг учир бий.

Өдгөөгийн УИХ дахь АН-ын зөвлөлийн даргаар ажиллаж буй Д.Эрдэнэбатын хувьд наанаа буурь заан, цаанаа төлөвлөгөө зурж суугаа байх. Салхи хаашаа ч эргэсэн тэр бол тал алдахгүй. С.Эрдэнэтэйгээ сонгуульдсан ч болно, З.Энхболд хүчээ авчихсан ч алзахгүй. Н.Алтанхуягийг АН-ын даргаар ажиллаж байхад Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, хожим танхимд нь сайдын алба хашиж байсан гээд түүнд давуу талууд бий. Улс төр бол улс төр учраас эрх ашгийнхаа төлөө явахаас өөр аргагүй.

З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттул­гын дэмжлэгтэй хүн гэдэг утгаараа хамгийн хүчтэй байж болох юм. Учир нь Ерөнхийлөгчийн ар талд МоАХ-ны партизанууд байгааг мартаж болохгүй. МоАХ АН-ыг хойморлож яваагүй ч цагийн цагт хүчтэй байсаар ирсэн фракци гэдэгт хамаг учир бий. Үүнээс харвал З.Энхболд АН-д Тэргүүн дэд даргын орон зай гаргаж ирсэн хойноо МоАХ-г эзнийх нь заавраар хөдөлгөж болох юм. Тэр өөрөө АН дотор хүч муутай ч бүлэглэлтэй гэхээр боломж харагдаж байгаа юм.

Дашрамд дурдахад өдрөөс өдөрт гишүүдээ алдаж байгаа ч дарга нарынхаа тоог нэмсээр байгаа АН-ын хувьд “Зуун ямаанд жаран ухна” гэгч болох биз. Өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн АН-ын гишүүд хамтарсан мэдэгдэл хийж, С.Эрдэнийг намаасаа зайлахыг шаардсан. Тэдний хувьд “С.Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд 100 сая төгрөгийн босго тавьж өгсөн нь 60 тэрбумын схемыг үргэлжлүүлсэн хэрэг. Тэгэхээр намаас түргэн зайлж өөрөө огцрох хэрэгтэй. Хэрвээ огцрохгүй бол бид тэмцэнэ” хэмээсэн.

Үүнээс харвал С.Эрдэнийг АН-ын дарга болсон цагаас хойш АН-аас нүүр буруулагчдын тоо өнөөдрийг болтол нэмэгдсээр байгаа юм. Энэ тал дээр Н.Алтанхуяг чамгүй идэвхтэй явж байгаа. Үүн дээр З.Энхболдын ажиллагаа эхлүүл С.Эрдэнэ сонгуулийн нүүр ч үзэхгүй байж болно.

“Нэг ардчилал” хэмээх залуус бол хэн ялна тэр тал руу ханарч мэдэх нөхдүүд. Өдгөө С.Эрдэнэболдын тэргүүлж буй залуучуудын байгууллага ч хэн гэдэг ах ялалт байгуулах шинж тэмдэг илэрнэ тэр зүгт анхаарч таарна. Ардчилсан залуучуудын холбоо гэх сүрхий нэртэй албан тушаалын залуу донтонгуудын энэ нэгдэлд үүнээс өөр зам үгүй, Ухрах ч боломжгүй нөхөд. Тэгэхээр тэдэнд найдах хэрэггүй. Зөвхөн АН ч биш МАН-ын залуучуудын байгууллага ч адилхан. Залуу луйварчдын холбоо гэж нэгэн эрхэм хэлсэн нь огт ташаарсан зүйл биш.  Өдгөөгөөс гурван жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сард АН-ын даргын сонгууль болсон цагаас хойш АН-аас гарах хүсэлтэй гишүүдийн тоо нэмэгдсээр байгаа.

Сүүлийн нэг жилд энэ байдал бүр ч хүчтэй үргэлжиллээ. Сонгууль болоход лавтай хагас жилийн зай бий гэхээр хэнчээн ч гишүүд АН-ын хаалгыг савж мэднэ. Тиймээс АН-ын гишүүд энэ мэт нөхцөл байдалд дүгнэлт хийх цаг нь болсон гэдгийг хаа хаанаа хэлж буй. АН-аас гарах гишүүдийн хүсэлт цааш үргэлжилсээр байвал С.Эрдэнэтэй хариуц­­лага тооцохоос өөр арга­гүй. Гишүүд хүсэлт гаргаж, мэдэгдэл хийхдээ “С.Эрдэнийг зайл огцор” гэсэн үгийг байнга дайж байгаагийн цаана ямар учир байна. Улс төрийн ээдрээтэй талбарт энэ намд үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ олон жил нэгдсэн хүмүүсийн зүтгэл талаар болох ёсгүй гэдгийг ч ахмадууд ярьж байна. Сайн ч муу ч энэ намд өөрийн гэсэн гучаад жилийн намтар түүх бий. Өдгөөгийн удирдлагын баг, бүтэц бүрэлдэхүүнээс эхлээд бодлогын шинэчлэл хийх цаг болжээ гэдгийг бүгд л ярьж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(139.5.219.68) 2019 оны 12 сарын 03

5 таван сум бариад 5 тийшээ алга бол гээгүй.

0  |  0
Зочин:(66.181.161.36) 2019 оны 12 сарын 03

Угаасаа таван сумаа нийлүүлж биш нэг нэгээр нь барьчихаад л нийлүүлж чадахгүй байгаа хүмүүс шүү дээ. Нийлүүлье гэхлээр эрх ашиг нь холдуулаад. нийлүүлэхгүй байхаар нэр төр нь унаад ацан шалаанд орчихсон нам шүү дээ. Тэгээд ч манай улсад олон улсын жишигт нийцсэн улс төрийн нам байхгүй. Зөвхөн албан тушаал, эрх мэдэл. авч идэхийн тулд л арга буюу ”эв нэгдэл”-ээр халхавчлан арай ядан тэсэцгээж байгаа бүлэгүүд л байна.

0  |  0
Zochin (66.181.185.148) 2019 оны 12 сарын 03

Asuudal erdene gedeg retsedivt bgaa

0  |  0
Зочин(192.82.65.120) 2019 оны 12 сарын 03

АН С.Эрдэнийг дарга болсноос хойш нар харахаа больсон болтой.\n

0  |  0
Top