Хонконгийн Засгийн газар сүүлийн зургаа орчим сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлаас үүдэн уналтад ороод буй эдийн засгаа сэргээхэд зориулан дөрвөн тэрбум хонконг доллар буюу 511 сая ам.доллар зарцуулах амлалт өгчээ.
Энэ зунаас хойшхи хугацаанд Хонконгийн Засгийн газар аялал жуулчлал, жижиглэнгийн худалдааны салбараас ихээхэн хамааралтай эдийн засгаа сэргээх зорилгоор нийт 3.2 тэрбум ам.доллар зарцуулаад байна. БНХАУ-ын тусгай захиргааны бүсийн эдийн засаг сүүлийн арван жилд анх удаа буурч, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл сулраад байна.
Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн энэхүү арга хэмжээ дунд болон жижиг бизнесийг дэмжих замаар ажлын байрыг хадгалах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой.
Хонконг нь Хятадын жуулчдын шоппинг хийх хамгийн дуртай газар. Гэвч өнгөрсөн сард жижиглэнгийн худалдааны эргэлт 24.3 хувь буюу 30.1 тэрбум хонконг доллароор буурсан үзүүлэлт гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )