Канадын Ванкувер хотноо дэлхий дээрх анхны цахилгаан онгоц туршилтын нислэгээ амжилттай үйлдэж, иргэний агаарын тээвэр хийх боломжтойг харууллаа гэж Австралийн “MagniX” компани мэдээлжээ.
Тус компани “Harbour Air” иргэний агаарын тээврийн компанитай хамтран энэхүү онгоцны хөдөлгүүрийг бүтээжээ. Эл технологийн ачаар иргэний агаарын тээврийн компаниуд зардлаа хэмнэж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг явуулах боломжтой болж байна. Цахилгаан агаарын тээврийн эрин үе эхэлж байна гэж тус компани мэдэгдсэн байна.
Зургаан хүний судалтай 62 жилийн настай “DHC-2 de Havilland Beaver” бага оврын онгоцыг цахилгаан хөдөлгүүрээр тоноглож, туршсан бөгөөд онгоцыг “Harbour Air” компанийг үндэслэгч, гүйцэтгэх захирал Грэг МакДугалл жолооджээ. Нар жаргасны дараа хийсэн нислэгийг 100 хүн үзэж сонирхсон бөгөөд нислэг 15 минут үргэлжилжээ.
Түүний хэлснээр, “Harbour Air” компани ирээдүйд зөвхөн цахилгаан онгоц ашиглахаар зорьж байна. Цахилгаан хөдөлгүүр арчилгаа маш бага шаарддаг тул олон сая ам.долларыг хэмнэх боломжтой гэж тэрбээр ярьжээ.
Гэхдээ цахилгаан онгоцны аюулгүй, найдвартай байдлыг баталгаажуултал тус компани хоёр жил хүлээх болж байна. Канадын тээврийн сайд Марк Гарнье цахилгаан онгоц байгальд илүү ээлтэй агаарын тээврийн шинэ чиг хандлагыг тодорхойлно гэж туршилтын өмнө онцолж байжээ.
Цахилгаан онгоцны зай нэг цэнэглэлтээр 160 км зайг туулах хүчин чадалтай. Хэдийгээр энэ нь хол зай биш ч “Harbour Air” зэрэг ойрын зайд нислэг үйлддэг компаниудад хангалттай гэнэ. Энэ нь хувьсгалыг эхлүүлэхэд хангалттай гэж “MagniX” компани онцлоод ирээдүйд урт зайг туулах чадвартай цахилгаан мотор, зайг хөгжүүлэх боломжтой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )