Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Тэгвэл өнөөдөр (2019.12.13) эхний хэлэлцүүлгийг “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд Төрийн ордонд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол шуудан” ХК, зарим аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон төрийн бус байгууллага, хуульч судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Ирэх онд Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болно. Сонгууль бүрээр зөрчил, маргаан гардаг нь зохион байгуулагч байгууллагуудыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулдаг. Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгууль зохион байгуулахад оролцдог, тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж ажилладаг Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад өнгөрөгч 10, 11 дүгээр саруудад очиж ажилласан. Энэ үеэр холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллээс үзвэл сонгууль зохион байгуулахад сонгогч иргэдийн хаягийн асуудал хөндөгдөж, зарим ойлгомжгүй буюу зөвхөн нэг байгууллагаас шалтгаалахгүй хамтарч шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа нь ажиглагдсан. Эдгээр асуудлыг шийдэх гарц, шийдлийг ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Учир нь хаягжилтын асуудал сонгуультай жил бүр асуудал дагуулдаг. Тухайлбал, Нэг хаяг дээр давхар бүртгэл хийгдэж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор “царцааны нүүдлийг” бий болгодог. Үүнд зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ цаг үед шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах бололцоо бий” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд “Газар байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “Монгол Улс дахь хаягжуулалтын өнөөгийн байдал” сэдвийн дор илтгэл тавив. Үүнд Эрх зүйн баримт бичиг, хаягжуулах аргачлал, Хаягжуулалтын өнөөгийн байдал, хийгдсэн ажил, Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хөндсөн юм.
2013 онд Хаягжуулалтын тухай хуулийг баталсан. Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол, 2019 оны 325 дугаар тогтоолоор тус тус “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг баталсан байдаг. 2013-2017 онд 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 23124 гэр хорооллын гудамж, 316199 хашаа, 23732 байшинг хаягжуулсан. Харин Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 10071 гэр хорооллын гудамж, 280332 хашаа, 89188 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. Энэ мэдээллийн санг үндэслэн аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө санхүүгийн асуудлаа шийдэж тэмдэгжүүлэх ёстой. Гэтэл энэ ажил учир дутагдалтай, эрээвэр хураавар болсон. Одоогоор 122 сум албан ёсоор хаягаа зоогоод тэмдэгжүүлсэн байгаа. 2019 онд 59 сум төсвөө иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулаад бэлтгэл ажлаа хангаад байна. Нийтдээ 172 сум байна. Одоогоор 159 сум хаягжуулах ажлаа хийгээгүй байгаа. Харин нийслэлийн хувьд мэдээллийн санг бүрэн үүсгэсэн. Сонгуулийн дараа албан ёсоор тэмдэгжүүлэх ажил эхэлнэ гэдгийг тэрбээр танилцуулав.
Нийслэл хотод хаяг олголтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Шинэчилсэн хаягийн гаднах тэмдэглэгээг хийхийн тулд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байгаа талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрынхан хэлж байна.
Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сонгогчдын нэрийн жагсаалт гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэлт тавив. Тэрбээр, “Хаягжилтыг зөвхөн сонгуулийн асуудал мэтээр олйгох нь хэт өрөөсгөл юм. Хаягжилтыг зөв хөгжүүлэх нь улс орны хөгжлийн асуудал. Манай улсад хаягжуулалтын асуудлыг орхигдуулж ирснээр төрийн болон бизнесийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд хүндрэл үүсгэдэг. Учир нь обьект болон гудамж талбайн хаягжилт нь хоёр өөр хэлбэрээр хэрэглэгддэг. Тухайлбал, ногоон болон цэнхэр дэвсгэртэй хаяг орон нутаг, нийслэлд ашиглагдаж байна. Мөн гал команд, түргэн тусламжийн автотээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэхэд гэр хорооллын гудамж, хашааны хаяг нь тодорхой бус байдгаас цаг алддаг. Иймд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид бүгд нэгдсэн ойлголтод хүрч, тодорхой шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Манай улс нийт 3.336.994 хүн амтайгаас 50,8 хувь нь эмэгтэй, 49.2 хувь нь эрэгтэй. Үүнээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн эрх бүхий насны 2.114.939 иргэн байна. Орон нутагт 1.137.879 иргэн, нийслэлд 977.060 иргэн бий. Гэхдээ сонгуулийн санал авах өдөр хүртэл 18 нас хүрч, сонгууль өгөх эрхтэй болох иргэдийн тоо, нас барах, иргэний харьяаллаа өөрчлөх зэрэг шалтгаанаас үүдэн дээрх тоонд өөрчлөлт орохыг холбогдох албаныхан хэллээ.
Дараа нь “Ээлжит сонгуулийн бэлтгэл ажил” сэдвээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас илтгэл тавьсан бол Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээлэл хийв.
Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн техникийн суурь шалгалт, засвар үйлчилгээг тогтмол хийж байгаа. Санал тоолох төхөөрөмжийг хадгалж буй агуулах болон серверийн аюулгүй байдлыг хангах ажлыг график, төлөвлөгөөний дагуу хийж байна гэв.
Мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн төсөвт 20,5 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 16,5 тэрбум төгрөг тус тус батлагдсан. УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдвал саналын хуудасны, техник худалдан авах болон гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зардал тус тус нэмэгдэхээр байгаа аж.
Илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжлэв. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хаягжилтын байдал өнөөдөр яагаад зөрчилтэй буй талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулав. Тухайлбал, 2013 онд Засгийн газраас баталсан 280-р тогтоолыг хүчингүй болгосон хэрнээ 325-р тогтоолыг яагаад түр зогсоосон, мөн орон нутаг, нийслэлийн хэмжээнд хаягжилт хэдэн хувьтай байгаа талаар тодруулж байв.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү хийсэн тайлбартаа, 280-р тогтоол хүчингүй болсон шалтгаан нь хаягийн зип код хаягдсан учир 2019 оны “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам” тухай 325-р тогтоолыг гаргах шаардлага үүссэн. Харин энэ тогтоол 2021 оноос хэрэгжиж эхэлнэ. Иймд ажлын хэсгээс уг тогтоолын түр зогсоох шийдвэр гарсан гэв.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Сонгуультай холбоотойгоор маргаан дагуулдаг байсан саналын хуудас тоолох, иргэдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Одоо хаягжуулалтыг цэгцлэх ёстой. Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байдлыг Сонгуулийн тухай хуулиар зогсоох бололцоотой. Иргэний хаяг дээр зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн хүнийг сонгуульд санал өгөх эрхийг нь хаах замаар “царцааны нүүдэл”-ийг арилгах зохицуулалтыг оруулах боломжтой. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Асуудал тулгарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай учраас Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгнө” хэмээгээд сонгуулиас өмнө хаягжуулалттай холбоотой ажлыг түргэн шуурхай шийдвэрлэж, батлагдан гарсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үүргийн хариуцлагатай, санаачилгатай гүйцэтгэхийг санууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )