Нийслэлийн улс төрийн өнгийг салхи улайруулж, шахаа цэнхэртүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Хотоо аль намаар ч удирдуулмаар юм бэ дээ. АН олонх болохоор үр хүүхдийнх нь бизнес томорч, халаасаа оффшор бүс хүртэл түнтийлгэнэ. МАН нь хашаа, хашлагаар татвар төлөгчдийн хөлсийг үнэгүйдүүлж дуусах шинжтэй.  Улаанбаатар хотын улс төр ч энэ хүрээнд өрнөж байна. Засагласан нам сайжруулсан түлш, хашаа хайсаар суртал ухуулга хийдэг болсон бол сөрөг хүчний хэд нь иргэдийн анхаарлыг татан энэ чигт өдөөн турхирах жүжиг тоглосоор өдөр хоногийг өнгөрүүлж байна. Юу юугүй хаяанд ирээд байгаа сонгуулиар ч иймэрхүү асуудлыг тойрон  сонгогчдыг татах оролдлого хийх бололтой. Харин хотын намууд өөрсдөө ийм дүр төрхтэй байна. 

 

Хотын МАН

Нэгийгээ шоронд, бас нэгийгээ хөөчихсөн МАН-ын төлөөлөгчид одоо нийслэлийн ИТХ-ын 45 суудлаас 32-ыг өмчилөн хотыг удирдаж байгаа. Парламент дахь бүлгээ даган хоёр хуваагдсан тэднийг УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар дээрээс удирддаг. Хотын намын хорооны даргын суудал байх ёстой нийслэлийн Засаг даргын албан тушаалд С.Амарсайхан сууж байгаа гэдэг утгаараа эв нэгдлийн хувьд хэврэг гэж үнэлэгддэг. Нийслэлийн МАН-ынхан нэг хүнд байх ёстой хоёр суудлыг хоёр өөр хүнд салган өгснөөр эв нэгдлээ ганхуулсан. Үндсэндээ нийслэлийн МАН-д Д.Сумъяабазарын, С.Амарсайханы, хотын фракц гэсэн албан бус хуваагдал өнөө хэр байгаа. Хэдийгээр хамгийн олон гишүүнтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийнхэн хотын намын хороондоо ноёрхож байгаа ч нэг гарт зангидах хүч бүрэлдээгүй нь хотын даргын сунгааны үеэр илэрч байлаа. Дээр нь хамгийн эв нэгдэлтэй гэдэг Чингэлтэй дүүргийн намын хороо саяхан УИХ-ын хоёр гишүүний амбийцаас шалтгаалан задарсан. Угаасаа Баянгол болон Сүхбаатар дүүрэгт АН засаглаж байгаа гэж харвал, хотын МАН ч хэцүүхэн байдалтай 2020 сонгуультай золгох нь дамжиггүй болоод байгаа. Нийслэлийн МАН-ын шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг энэ байдал гол өрсөлдөгч АН-ынханд ч олз болох нь дамжиггүй. Тэдэнд байгаа ганц хөзөр нь Улаанбаатар хотын ужгирсан асуудал болох агаарын бохирдлыг буруулсан гэдэг том суртал ухуулга. Энэ суртал ухуулга өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард амины үнэтэй байсан бол өнөөдөр салхи салхилахаар арилдаг гамшгийн угаар хэвээр байгаа. Цаашид салхигүй өдөр олон тохиох тусмаа хэцүүдэх шинжтэй. Агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэж ам алдсан МАН-ын өөрсдөө ч өнөөдөр яг хэдэн хувиар бууруулаад буйгаа хэлж мэдэхгүй гэсэн. Хотын дарга С.Амарсайхан цаг нь болохоор зарлана л гэсэн. Албан ёсны тоо баримт гараагүй байхдаа сурталчилгаа пиартаа хэт их мөнгө хаясан нь л алдаа. Бусдаар бол бүтээн байгуулалт гэж гавиад байх юм лав л өнгөрсөн хугацаанд хийсэнгүй. С.Амарсайхан дарга Улаанбаатар хотыг метротой болгоно гэж амласан хоёр дахь хүнээр тодорсноос өөрцгүй л байна. Харин хувийн хэвшлийнхний амбаар савийг бол нураахаараа нэг болсон шүү. Түүнд нь ч олонх алга ташсан талаар олон нийтийн сүлжээгээр зураг сэтгэгдэл тараасан. Дээр нь хотын захиргаанаас санхүүжүүлсэн шар хашаа, цагаан чулуу гэх мэт асуудал нийтэд шахаа мэт харагдан үе үе  нийслэлийн МАН-ын нэрийг муугаар дуудуулах болсон.  

Хотын АН

 АН хотод засагласан дөрвөн жилд сүүлийн 30-аад жил байгаагүй бүтээн байгуулалт өрнөсөн нь үнэн. Тэд мөнгө ч ихтэй байсан, дэмжлэг ч дутахааргүй үед ажилласан. Гэхдээ агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах талаар МАН-ынхан шиг дэвшил гаргаж чадаагүй. Авто замын төлбөрийн асуудлыг Э.Бат-Үүл хотын дарга байхдаа нэг санаачлаад, энэ удаагийнх шиг нийтийн эсэргүүцэлтэй тулгаран буцааж байлаа. Түүний багийнхан авто зам ашигласны төлбөрийг бүх тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд ногдуулах бус хотын төвөөр явах бол 40 мянган төгрөгийн хураамж төлөх сонголтыг иргэдэд үлдээх төсөл санаачилсан удаатай. Гэвч халаасыг нь ухаад эгдүүцдэг жам ёсоор бид өөрсдөө дургүйлэхээд цуцлуулж дөнгөсөн. Яг л одоогийнх шиг нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруул, шавыг нь тавьсан метроны замаа барьж байгуул, замын сүлжээгээ өргөтгө зэрэг шаардлагыг МАН-ын зүгээс хүчтэй тавьсан. Мөн Э.Бат-Үүлийн үед сайжруулсан зуух тараахыг дагалдуулан сайжруулсан түлш үйлдвэрлэх санаачилга гарсан ч тэр үеийн Ерөнхий сайд нь “түүхий нүүрсний хөтөлбөр” болгон хэрэгжүүлсэн байдаг. Төсөл авсан аж ахуйн нэгжүүд нь ч нэвтрүүлсэн зүйл байхгүй алга болцгоосон. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад гол үүрэг гүйцэтгэх учиртай гэр хорооллын дахин төлөвлөлт АН-ын үед эхэлсэн гэдгийг ч энд дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ мэт нийслэлийн АН-ынхан хийсэн зүйл ихтэй боловч улсын баатраасаа авахуулаад ашиг сонирхлын асуудалд хутгалдсан. Тухайн үед хотыг удирдаж байсан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн асуудал өнөөдөр ч хууль хяналтын байгууллагаар шалгагдаж дуусаагүй байна. Энэ нь 2016 оны сонгуулиар Э.Бат-Үүлийн багийг ялагдал хүлээхэд нөлөөлсөн гэж үздэг. Одоо Э.Бат-Үүлийн хамт 2012-2016 онд хот удирдсан Д.Баттулга нийслэлийн намаа даргалж байгаа. Бодлогын хувьд Д.Баттулгыг бараг л Э.Бат-Үүл гэж үзэж болох учраас нийслэлийн АН дотор “түгжилдэх” үзэгдэл үндсэндээ гараагүй гэхэд болно. Мөн тэдний мэдэлд байгаа төв намын удирдлагаасаа дэмжлэгтэй Баянгол, Сүхбаатар дүүрэг бий.  Гэвч С.Эрдэнийг төв намын дарга болсноос хойш түүний эсэр өрнөсөн хөдөлгөөнүүд нийслэлийн намын хороондоо халдварлахгүй гэх баталгаагүй. Нийслэлийн ИТХ-д 11 төлөөлөгчтэй тэд өнгөрсөн хугацаанд МАН-ын бүлгийн зодоонд оролцсоноос өөрөөр дорвитой алхам хийгээгүй дээ. Нийгмийн талдаа бол хааяа нэг хуралдааны үеэр агаарын бохирдлыг бууруулах ганц гарц гэж үздэг гэр хорооллын дахин төлөвлөлтөө л нэхсээр суугаа.

 

Хотын гуравдагч

Намуудын улс төрийн чанар чансааг авч үзэхэд, яах ч аргагүй улсын хүн амын тал хувь нь аж төрж буй нийслэлд гурав дахь гол хүчин бол МАХН. Хот одоохондоо шинэчлэн зохион байгуулагдсан МАХН-аар удирдуулж үзээгүй болохоор сайжруулсан нэртэй зуух, нүүрс шиг туршилтын туулай болох нь эрдэнэт хүний эрсэдсэн шиг эрсдэлтэй мэт. Одоогоор нийслэлийн МАХН-ыг удирдаж буй Э.Эрдэнэжамъян 2020 онд хотын дарга болно хэмээн сайрхаж яваа. МАХН-ын дарга Н.Энхбаярын улаан хамгаалагчаар олонд танигдсан тэрбээр сүүлийн хэдэн жил намдаа тэргүүн эгнээнд яваа. МАН болон АН сүүлийн дөрвөн жил засаглахдаа дээр дурдсан дүр зурагтай ажилласан учраас өөртөө боломж бий гэж бодож байгаа нь лавтай. Юмыг яаж мэдэх вэ. Сонгогчид яаж эргэж болдгийг өмнөх сонгуулиудын дүн хангалттай харуулсан. Түүний багт олонд танигдан хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч төдийлөн байхгүй бөгөөд жагсаал болгонд харваж явдаг Б.Жагар тэргүүтэн МАХН-аас нийслэлд хүч үзэх болов уу.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
У(203.91.115.44) 2020 оны 01 сарын 17

МАН ӨМНӨХӨӨ МУУЛАХААС ӨӨР ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ .АН НАМЫН ҮЁД БАТҮҮЛИЙН БАГ МАШ ИХИЙГ ХИЙСЭН НЬ ОЛОНД ХАРАГДАЖ БАЙГАА. ХОТЫГ ХОТЫН УНАГАН ИРГЭД Л УДИРДАН АМАРСАЙХАН МЭТ НЬ ЧАДАХГҮЙГЭЭС ГАДНА ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР ХАНДАЖ БНА МАН ХОТООС ЗАЙЛЦГАА. АН НАМАА ДЭМЖИН ШҮҮ ТЭД ТАНЫ ЬӨЛӨӨ БҮХНЭЭ ЗОРИУЛНА.

0  |  0
Зочин(103.57.93.84) 2019 оны 12 сарын 21

Амарсайхан зайлвал таарна

0  |  0
Tut(64.119.22.100) 2019 оны 12 сарын 20

MAN ER NI HULGAICH TSUNHCHIN GUBS DOLOOGCH IHTEI NAM YUM.

0  |  0
Срл(203.91.115.52) 2019 оны 12 сарын 22

НИЙСЛЭЛД АН ЗАСАГЛАХ ЁСТОЙ .ХОТЫГ ХОТЫН ХҮН Л УДИРДАХААС БАТБОЛД АМАРСАЙХАН МЭТ НЬ ЧАДАХГҮЙ ЖИЖИГДЭНЭ .АН АА ДЭМЖИЧГЭЭЁ

1  |  1
Top