Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын шуурхай хурал Женевт болж, Хятадад гарсан коронавирусийн халдварын улмаас “Олон улсын онц байдал” зарлалаа.
"Онц байдал зарласнаар дэлхий дахин энэхүү өвчинд илүү анхаарал хандуулж чадна" гэж ДЭМБ-иас үзэж байна. Мөн коронавирусийг онц аюултай гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус “Бид энэ вирус эрүүл мэндийн тогтолцоо сул улс оронд тархахдаа ямар хохирол учруулахыг мэдэхгүй байна. Бид энэ орнуудад туслах ёстой. Ийм шалтгаанаар манай байгууллага Олон улсын онц байдал зарлаж байна” гэлээ.
ДЭМБ-ын зүгээс БНХАУ-ын коронавирустэй хийж байгаа тэмцэл, хүчин чармайлтыг өндөр үнэлжээ.
Тедрос Аданом Гебрейесус мөн "Одоогийн байдлаар дэлхийн 18 оронд халдвар илрээд байна. Хятадаас гадна дөрвөн оронд буюу Вьетнам, Герман АНУ, Японд хүнээс хүнд халдсан тохиолдол гарсан. Хятадын Засгийн газрын шуурхай ажиллаж байгаа" гэж хэлсэн байна. Онц байдал зарласан нь Хятадад итгэхгүй байгаа хэрэг биш гэдгийг тэрбээр мөн онцолжээ.
ДЭМБ-аас коронавирустэй холбоотой 7 захирамж гаргалаа.
1. Олон Улсын аялал жуулчлал, худалдаанд саад болох ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй. Хятадтай хийх худалдаа, жуулчлалд хязгаарлалт тавих хэрэггүй.
2. Эрүүл мэндийн тогтолцоо сул улс оронд тусламж үзүүлэх.
3. Эмчилгээний вакцин гаргаж авах ажлыг яаравчлах.
4. Худал цуурхал, буруу мэдээлэлтэй тэмцэх.
5. Коронавирусын эсрэг тэмцэх төлөвлөгөө болон урьд өмнөх ажлын алдааг илрүүлж, шинэчлэн хийх.
6. Өвчин гарсан улс орнууд мэдээллээ хоорондоо болон ДЭМБ-тай хуваалцах.
7. Бүх улс орон хамтран ажиллах.
Сэтгэгдэл ( 0 )