Дипломат харилцаа, геополитик, олон улсын харилцааны хэтийн чиг хандлагын тухай бодлогын судалгаа хийдэг АНУ-ын “Стратфор” агентлаг Монгол Улсын гадаад харилцааны тухай сонирхолтой нийтлэл бэлтгэжээ. Мөнхийн хөрш болсон Орос, Хятадаа “сайн хөрш” гэж, АНУ болон бусад улсаа “гуравдагч хөрш” гэж тодорхойлсноор тусгаар тогтнолын алтан цулбуураа хадгалж байгаа тухай, Монгол Улсын тусгаар байдлын тухай ойлголт Орос, Хятадад цаашлаад АНУ-д хэрхэн өөрчлөгдсөн тухай, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаа хэрхэн давуу тал болгож байгаа тухай маш сонирхолтой өгүүлсэн байна. Бодлогын судалгааны дээрх сонирхолтой нийтлэлийг 2009-2012 оны хооронд АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан Жонатан Аддлетон, АНУ-ын Гадаад харилцааны яамны ахлах мэргэжилтэн асан Жефф Гүүдсон нар хамтран бичжээ. Нийтлэлийн дэлгэрэнгүйг та бүхэнд хүргэе.
Монгол Улс. Газар зүйн хувьд ч, хүн ам зүйн хувьд ч, эдийн засгийн хувьд ч ер бусын улс. Зүүн Азийн далайд гарцгүй энэ улс асар өргөн уудам нутагтай ч хүн амын нягтшил хамгийн бага улсын нэг. Газар нутгийн хэмжээ Аляск мужтай дүйх энэ улсад гурван сая хүн аж төрнө. Хойд талаараа 133 сая хүн амтай ОХУ, өмнө талаараа 1.4 тэрбум хүнтэй Хятадын дунд байдаг гэж бодохоор ер бусын орон гэж тодорхойлоход ч багадахаар. Дээрээс нь дэлхийн хамгийн хүйтэн уур амьсгалтай орон гэж байгаа. Дээрх хүчин зүйлс Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдалд саад болж байгаа ч онцолж тодорхойлох ёстой сайн зүйлс бишгүй. Соёлын аялал жуулчлалын асар том боломж, дэлхийн хамгийн шилдэг ноолуур, өдгөө хэрүүлийн алим болоод байгаа ч ашигт малтмалын арвин их нөөц энэ улсад бий. Сайн, саар олон тодорхойлолтоо түр азнаад гол асуудалдаа оръё.
Өнгөрсөн зууны Монгол Улс
Монголын эзэнт гүрний ялгуусан түүхийг дуулаагүй хүн энэ дэлхийд бараг үгүй биз. Найм илүү зууны тэртээ 1206-1368 онд энэ эзэнт гүрэн дэлхийн соёлын түүхэнд тод ул мөрөө тамгалаан үлдээсэн юм. Гэвч эзэнт гүрэн унаж, босож байдаг жамын үнэнийг Монголын эзэнт гүрэн бишгүйдээ туулсан.
Хэдэн хэсэг болж цацсан шагай шиг бутарсан энэ улс эцэстээд 1691 онд Манж Чин гүрний эрхшээлд орсон билээ. 1911 онд тусгаар тогтнолоо зарлах хүртлээ энэ улс бүтэн гурван зууны турш их гүрний өвөрт багтах болсон юм. Улмаар 1915 он Хиагтын гэрээгээр хятадын захиргаанаас гарч тусгаар тогтнолоо цогцлоох үндсийг тавьсан билээ. Ингэхдээ Оросын тусламжийг дурдахгүй өнгөрч болохгүй. Үүнд хятадууд тийм ч дуртай байгаагүй. Оросын тусламж үлэмж их ч гэсэн 1917 онд Октябрын хувьсгал мандтал монголчууд дахин хоёр жил хүлээх шаардлагатай болсон юм.
Монгол Улсад 1968 он гэхэд Зөвлөлтийн зургаан дивиз бүхий анги нэгтгэл байрлаж байлаа.
Улмаар Улаан арми хөх тэнгэрийн Монгол Улсад нэвтрэн, 1924 онд хуучны хаант засгийг түлхэн унагаад Хятадын өмнөх бамбай улс мэтээр ашиглаж ирсэн нь түүхэн үнэн. Монгол Улс 1950-иад онд Хятад-Орос улсуудын харилцаа ээдрээтэй болох хүртэл хоёр их гүрэнтэйгээ найрсаг харилцаатай байж ирсэн. Улмаар их гүрний илэрхий нөлөөгөөр нэгнээсээ нүүр буруулах хэрэгтэй болсон ч төрийн залгамж чанараараа бүр нэг ч их холдчихоогүй юм. Монгол Улсад 1968 он гэхэд Зөвлөлтийн зургаан дивиз бүхий анги нэгтгэл байрлаж байлаа. Дээрх анги нэгтгэл 1992 оны арванхоёрдугаар сар хүртэл Монголын нутгаас бүрэн гараагүй билээ.
Орос орхин одов
Монголын нутгаас оросууд гарч одсон ч үүнээс шалтгаалсан хоёр том зовлонг тал нутагт нь үлдээж орхижээ. Хамгийн эхнийх нь эдийн засгийн ужиг хямрал байлаа. Тухайн үед Зөвлөлтийн дагуул байсан энэ улс Үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 40 хувийг, импортын техник хэрэгслийн 90 хувийг, өргөн хэрэглээний барааны тэн хагасыг, шатахууныхаа бүгдийг нь Оросоос л хангаж байсан юм. Орос нүүр буруулахад энэ бүгд маш том шанаа болж Монгол Улсад буусан.
Харин хоёр дахь зовлон нь илүү экзистенциал зовлон байсан юм. Арай өөдрөгөөр харъя гэвэл Монгол Улс одоо л нэг жинхэнэ утгаараа бүрэн эрхт улс болж өөрсдийнхөөрөө замнах боломжтой болов. Хэдийгээр Бээжин 1945 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ч далдуураа хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байсан юм.
Зарим талаар түүхийн тодорхой хугацааны туршид Хятадыг эзлэн түрэмгийлж явсан авч түүхийн шоглоомоор нэг, нэгнээ эзэлж, илэрхийлж явсан улс. Үндсэрхэг үзэлтэй монголчуудын хувьд хятадууд хэзээ нэгэн цагт газар нутгийг булаан эзэлнэ гэсэн айдас өнөө хэр нь амь бөхтэй оршсоор байна. Чухам иймийн учир Монгол Улсын хамгийн том зорилт бөгөөд хэрэгжүүлэх ёстой бодлого бол тусгаар тогтнолоо хамгаалах явдал юм. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд дипломат харилцаан дээр дараах хоёр голлох бодлогыг баримталжээ. Энэ нь мөнхийн хөрш болсон Хятад, Оростой “сайн хөрш”-ийн бодлогоо үргэлжлүүлж, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Герман, Их Британи, Австрали, Канад улстай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж “гуравдагч хөрш” гэсэн байр сууринаас харилцаж байна. Энэ нь нэг талаараа хэзээ нэг цагт их гүрнүүдийн аль нэг бодлоо өөрчлөөд Монгол руугаа халдвал “гуравдагч хөрш”-ийн орнуудаар дэмжүүлнэ гэсэн далд санаатай аж.
Монгол Улсын хамгийн том зорилт бөгөөд хэрэгжүүлэх ёстой бодлого бол тусгаар тогтнолоо хамгаалах явдал юм.
Нэрт олон улс судлаач Френцис Фүкүямагийн боловсруулж, тодорхойлсон энэ санаа эхэндээ амжилттай байсан ч ОХУ, Хятадын өрсөлдөөн барууны улс орнуудтай харилцах гадаад харилцааны бодлого илэрхий өөрчлөгдөж энэ цаг үед таарахгүй гэдэг нь тодорхой боллоо. Энэ ээдрээтэй цаг үед Монгол Улс шатрын хөлгөө бүхэлд нь тооцоолж, түүндээ тааруулан бодлогоо өөрчлөх ёстой болоод байна.
Бодлогоо өөрчилсөн Бээжин
Их гүрнүүдийн өрсөлдөөнөөс хамгийн тодоор гялалзаж байгаа нь Хятад юм. Энэ улс яг одоо бүс нутаг, цаашлаад дэлхий дахинд үзэл баримтлалаараа манлайлж байна. Тэд “Бүс ба зам” санаачилгаа дэлхий дахинд танилцуулсан нь дэд бүтцийн олон арван төсөл хөтөлбөрөөр улс гүрнүүдийг холбох тэдний стратегийн бодлого нь аль ч улс орноос түрүүлж сэтгэсэн байлаа. Дэд бүтцийн дээрх хөтөлбөрүүдэд Хятадыг Зүүн Европ, Монгол цаашлаад ОХУ-тай холбох эдийн засгийн зургаан коридорын тухай бодлого бий. Ингэснээр ашигт малтмалын экспортын нэгэн шинэ зах зээл нээгдэж, бүс нутгийн хамгийн том логистик болох тооцоотой. Хэдийгээр Хятадын энэ бодлого удаашраалтай юм шиг харагдаж байгаа ч дэлхий даяар төслийн эхний шат аль хэдийнээ эхэлжээ.
Хятад гадаад бодлогоо илүү үр дүнтэй болгохын тулд эдийн засгийн хөшүүрэг ашиглаж байгаа.
Нөгөөтээгүүр АНУ-Хятадын хооронд үүссэн худалдааны маргаан Монгол Улсад шууд нөлөөлж байгаа. Монгол Улсын экспортын голыг Хятад улс нугалдгийнхаа хувьд нөлөөлөхөөс ч аргагүй. Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болсон зэс, нүүрс, алтны экспортын 80 орчим хувийг БНХАУ эзэлдэг. Эдийн засгийн хүнд байдал бодлогын уян хатан бус байдал нь Монгол Улсыг 2017 онд Олон улсын валютын санг бараадан 5.5 тэрбум ам.долларын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголт үлдээгээгүй юм.
Хятад гадаад бодлогоо илүү үр дүнтэй болгохын тулд эдийн засгийн хөшүүрэг ашиглаж байгаа. Газар нутаг, соёлын ихээхэн маргаан байдаг Төвөдийн шашны тэргүүн XIV Далай лам 2016 онд Монголд айлчлахад шийтгэл болгон импортын тарифыг буулгаж байсан билээ. Дэлхийн газрын ховор элементийн 80 гаруй хувийг олборлодог энэ улс асар их баялагтай жижиг хөршийнхөө ашигт малтмал тойрсон геополитик хангалттай явуулж байгаа.
Бодлогоо өөрчилсөн Москва
Гэхдээ нөгөө талд ОХУ Хятадыг гадаад бодлогын хувьд урт хугацааны “аюул занал” гэж харж байгаа. Тиймээс ч ОХУ хятадын нөлөөллийг тэнцвэржүүлэх нэг том алхам нь Монгол Улстай эдийн засгийн харилцаагаа сэргээх явдал гэж үзсэн. Монгол Улс 2017 оноос хойш газрын тосон бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг ОХУ-аас авч байна. Энэ нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
ОХУ хэдийгээр үлдэж хоцорсон Зөвлөлтийн үеийнх шигээ цэрэг оруулаад эзэлчихгүй ч эдийн засгийн хувьд, үзүүлэх тусламжийн хувьд Монгол Улсад нөлөөтэй болчихвол Хятадын нөлөөллийг багасгах хамгийн том алхам гэж үзэж байгаа.
Харилцаагаа шинэ шатанд гаргасны хамгийн том жишээ нь 2019 онд хоёр улс дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 1.5 тэрбум ам.долларын сан, Транс-Монголын төмөр замын шинэчлэл зэргийг дурдаж болно. Үүнээс онцолж ярих ёстой нэг зүйл бол Орос-Хятадын байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах явдал юм. Өнгөрсөн оны сүүлээр арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалаар ОХУ байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах маршрутыг судлахаар тохиролцсон билээ.
ОХУ хэдийгээр үлдэж хоцорсон Зөвлөлтийн үеийнх шигээ цэрэг оруулаад эзэлчихгүй ч эдийн засгийн хувьд, үзүүлэх тусламжийн хувьд Монгол Улсад нөлөөтэй болчихвол Хятадын нөлөөллийг багасгах хамгийн том алхам гэж үзэж байгаа. Үүнийгээ гадаад бодлого дээрээ ч харуулж байна. Гэхдээ нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд ОХУ-ын хувьд ч, БНХАУ-ын хувьд ч байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах нь хэн, хэндээ ашиггүй үйлдэл.
Вашингтон өөрчлөгдөж байна
Газар зүйн байршил, үзүүлж буй нөлөөлөл, эдийн засгийн багтаамж зэргийг нь харсан ч Монгол бол Вашингтонд ач холбогдол багатай улс. Гэвч ашиг сонирхол, олон улсын харилцааны хэтийн төлөвийг харвал Монгол Улс шиг ач холбогдолтой улс үгүй. Тиймдээ ч харилцаагаа бэхжүүлж ирсэн. Худалдаа, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, ардчиллыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хангах, энхийг дэмжих ажиллагаанд уриалан, зарим талаар хамтран оролцож байна.
АНУ-ын Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын үзэл баримтлал нь ОХУ, БНХАУ-ын нөлөөллийг багасгахад чиглэгдсэн байдаг тул Монгол Улстай ардчиллын үнэ цэн ярьж холбогдож буй билээ.
Түүгээр ч зогсохгүй бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том асуудал болсон Солонгосын хойгийн асуудалд Улаанбаатарыг татан оролцуулж Улаанбаатарын яриа хэлэлцээ гэж хүртэл зохиож буй. АНУ ер нь Монголоос нэг л зүйлийг хүсэж байгаа. Их гүрнүүдийн дунд ардчиллаа аварч үлдэн, цэцэглэн хөгжиж өндөр хөгжиж буй Орос, Хятадын нөлөөллийг багасгах тэнцвэрийн бүс байх явдал.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын гадаад бодлогод ардчиллын ач холбогдол, үнэ цэн мэдэгдэхүйц буурсан. Гэвч АНУ-ын Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын үзэл баримтлал нь ОХУ, БНХАУ-ын нөлөөллийг багасгахад чиглэгдсэн байдаг тул Монгол Улстай ардчиллын үнэ цэн ярьж холбогдож буй билээ. Энэтхэг-Номхон далайн гэж тодорхойлсон АНУ-н гадаад харилцааны шинэ цонх нь бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх явдал. Цаашлаад Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох явдал ч гэж харж болох. Чухам аль ч агуулгатай байсан ардчилал улам бүр хумигдаж буй хоёр их гүрний нөлөөллийг багасгахад чухал ач холбогдолтой.
Эцэст нь
Эцэст нь дүгнэж хэлэхэд Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн том баталгаа нь ОХУ хэвээр байна. Хэдийгээр Монгол Улс тусгаар тогтносон улс ч гэсэн ОХУ-ын хувьд стратегийн бүхий л салбарт нөлөөллөө алдахыг хүсэхгүй байгаа нь сүүлийн үед байгуулсан гэрээ хэлцлээс тодорхой харагдана. Магадгүй ингэж байж Хятадын “аюул заналхийллийг” тогтоон барьж болно.
Тус улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоноос хойш энэ байдал улам бүр мэдрэгдэх болсон. Гэвч дэлхийн геополитик эдийн засгийн харилцаанд БНХАУ нэгэнт өнгөлөхөөр шийдсэн л бол гадаад бодлогынхоо чиглэлийг өөрчлөх шаардлагатай байна. Үүний тулд “гуравдаг хөрш” гэж тодорхойлсон барууны холбоотон улсуудтай харилцах харилцаагаа өөрчилж, стратегийн түншлэлээ улам лавшруулах ёстой. Магадгүй Номхон далайн улсуудад энх тайван тогтоохын тулд Монгол Улс өөрсдөө түүчээлэн бүс нутгийн “гүүр” бий болгох шаардлагатай.
Газар зүйн байршлын хувьд Монгол Улс яах аргагүй ингээд таарчихсан болохоор Монгол Улс бодлогоо өөрчлөхөөс өөр арга байхгүй.
Сэтгэгдэл ( 4 )
ганц хужаагаас хамааралтай байгаад байвал тусгаар тогтнол алдагдана. Дэлхийн бүх улс оронтой адилхан харилцаатай байх ёстой
Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн том баталгаа нь ОХУ хэвээр байна.
маш сонирхолтой нийтлэл байна, баярлалаа
МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНААР ДЭЛХИЙН БҮХ УЛСТАЙ ЭНЭ ТЭНЦҮҮ ХАРИЛЦАЖ. ӨӨРСДИЙН ДАВУУ БАЙДЛАА ЯАМАГТ УРЬДЧИЛАН ХАРЖ ТҮРҮҮЛЭН ДЭЛХИЙН БОЛОН БҮСИЙН БОДЛОГЫГ САНААЧИЛДАГ БАЙНГА ИХ ГҮРЭН МЭТ СЭТЭГДЭГ БАЙХ НЬ МОНГОЛЧУУД БИДНИЙ ТУИЛЫН ЗОРИЛТ ЮМ ДАА