SOS: Ноцтой ослын улмаас нэг хүн амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 25

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 108 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 67-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж, нийслэлд нэг хүн амь насаа алдсан байна. Тухайлбал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ны өдөр 21:10 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 41 настай, эрэгтэй О мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явжээ. Харин осолдсон явган зорчигч О нь ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Тухайн хэргийг илрүүлэх чиглэлээр Тээврийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Зам тээврийн хэрэг, осол санамсар, болгоомжгүй үйлдэгддэг боловч гэмтсэн иргэд тусламж үзүүлээгүй, ослын газрыг орхиж явсан үйлдэл нь хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал болдог гэдгийг анхаарч үүргээ ухамсарлаж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг иргэд, жолооч нарт анхааруулж байна.

Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.02.23-ны өглөөний 08:00 цагаас 2020.02.27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг анхааруулж,байна. Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байх, хорио цээр тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.188.228) 2020 оны 02 сарын 25

Манай монгол эрчүүд яагаад ийм байдаг юм бол. Архи ууж агсан тавьж гэр бүлээ дарамтална, гараад жолоо барьж осол хийнэ яацарцан арчаагүй амьтад вэ

2  |  0
Top