ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр өглөөний ээлжит мэдээллээс хойш дэлхийн улс орнуудад өвчлөл бүртгэгдсээр байна. Өглөөний 11.00 цагт дэлхийн 30 оронд өвчлөл бүртгэгдсэн байсан бол 16.00 цагийн үед 33 орон болж нэмэгдсэн байна. Кувейт, Афганистан, Ирак зэрэг орнуудад өвчлөл нэмэгдлээ. БНСУ-д өвчлөл хурдацтай тархаж, өглөөнөөс хойш 61 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тэгэхээр өвчний цар хүрээ тэлж байгаа учраас хүн бүр анхаарах шаардлагатай байна” гэлээ.
Харин тус улсад өвчилсөн гэх Монгол Улсын иргэний тухай Эмнэлгийн тусламжийн газрын дарга Н.Буянжаргал хэлэхдээ “Коронавирусын онош батлагдсан монгол иргэний биеийн байдал маш хүнд байгаа. Элэг, бөөрний дутагдал гэсэн оноштойгоор аппаратын эмчилгээнд орон эмчлэгдэж байгаа гэдэг мэдээллийг Гадаад хэргийн яамнаас авч байгаа. Бид бүхэн Гадаад хэргийн яамаар дамжуулан БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагатай харилцан ажиллаж байна. Иргэний биеийн байдалтай холбоотойгоор тандалт судалгаа явуулахад, дээрх иргэн нэгдүгээр сард Монгол Улсад байхдаа томуугийн шинжилгээнд хамрагдаж, шинжилгээгээр H3N2 буюу улирлын томуугийн халдвартай гарч байсан. Иргэн бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус улсад ажиллаж амьдарсан гэх өгүүлэмжтэй. Хамт байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулахад хариу сөрөг гарсан гэдэг мэдээлэл бидэнд байна” гэлээ.
Түүнчлэн ДЭМБ-аас өвчний халдвар маш хурдацтай тархаж байна, тиймээс өвчний эсрэг тэмцэх бүх боломж бололцоогоо оашиглах хэрэгтэй гэх зөвлөмжийг өгч байгаа. Гэвч энэхүү өвчний халдварын хажуугаар худал мэдээлэл маш ихээр тарж, иргэдийг айдаст автуулах хандлага байна. Худал мэдээлэл нь өвчний халдвараас ч илүү аюултай гэдгийг онцолж байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Гадаад харилцааны яамнаас Эрүүл мэндийн яамыг тухай бүрт нь мэдээллээр хангаж ажиллаж байна. БНСУ-д вирусын халдвар авсан гэх мэдээллийн араас маш олон буруу ташаа мэдээлэл гарч байна. Тэгэхээр манай улсын иргэн нас бараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Гадаад улсад манай улсын иргэн нас барах, гэмт хэрэг зөрчилд холбогдсон бол албан ёсоор мэдэгдэх журамтай. Бидэнд албан ёсоор дээрх мэдээлэл ирээгүй, албан ёсны хариу хүлээлгүйгээр бид холбогдох сувгаар тодруулсан. Тэгэхээр иргэний биеийн байдал хүнд байгаа. Гэхдээ амьд сэрүүн байгаа хүнийг нас барсан мэтээр мэдээлэх нь буруу юм. Өвчтөний ар гэрийн байдлыг мөн бодох хэрэгтэй. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг. Тэгэхээр нэг ч монгол хүн битгий өвдөөсэй, энэ өвчнөөр битгий нас бараасай гэдэг үүднээс төрийн бүхий л байгууллагууд цаг алдалгүй ажиллаж байхад дээрх мэт худал мэдээлэл битгий түгээгээрэй гэж уриалмаар байна. Элчин сайдын яам цаг наргүй ажиллаж байна. Мэдээллийг албан ёсоор нэг сувгаар Эрүүл мэндийн яамнаас авна уу. Тэгэхээр цаашдаа Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээлэлд итгэж, бодит мэдээллээ авна уу гэж хэлмээр байна. Нотлогдоогүй тодорхой болоогүй мэдээллийг бусдад бүү түгээнэ үү” гэлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэрт коронавирусын халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Вирусээс илүү аюултай үг бас байдаг байхнээ
Ene nuhriin huvld uvchnuus iluu auyaltai yum bdag yum bhdas b