ФОТО: БНСУ-аас ирсэн 244 иргэнийг тусгаарлах байруудад хүргэлээ

2020 оны 03 сарын 15

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өнөөдөр /2020.03.15/ 16:40 цагт МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авч ирлээ. 

Шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хувиарлан тээвэрлэлээ.

Нэн тэргүүнд мэс засалд орсон, хүнд өвчтэй зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 50 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт 184 хүнийг Энх Саран сувилалын газарт, тус улсын Бусан, Тэгү хотоос ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тус тус хүргэж тусгаарлаж, ажиглалтад авлаа.

Онгоцноос бууж байхдаа хүүхдүүд гараа даллан, мэхийн ёсолж, агаарт үнсэлт илгээн талархлаа илэрхийлж байлаа

Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлан ажиглана. Зорчигчдод анхны үзлэг, шинжилгээ буюу халуун үзэх, асуумж бөглүүлэх ажлыг нислэгийн явцад МХЕГ-аас томилогдсон хилийн хяналт шадгалтын байцаагч нар хийж гүйцэтгэсэн байна.

Нислэгээр ирсэн иргэдийг ариутган халдваргүйжүүлж, тээвэрлэн байршуулах ажлыг ХӨСҮТ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ нэгдсэн зохион байгуулалттайгаар ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын шууд удирдлага дор мэргэжлийн өндөр түвшинд богино хугацаанд амжилттай зохион байгуулж ажиллалаа.

Онгоцноос бууж байхдаа иргэд болон хүүхдүүд гараа даллан, мэхийн ёсолж, агаарт үнсэлт илгээн талархлаа илэрхийлж байлаа.

Мөн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын  тавьсан шаардлагыг биелүүлж, хүлээцтэй соёлтой, хүндэтгэлтэй хандаж байв  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

Top