Б.Лхамдарь: Харшлын үед хамрын цацлага удаан хэрэглэхийг хориглодог

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Нийгмийн хөгжлийн хэрээр нарны, хүйтний, эмийн, хүнсний, металл эдлэлийн, тоосны, чихрийн, шавжны гээд янз бүрийн харшил жилээс жилд нэмэгдсээр байна. Хамгийн элбэг тохиолддог тоосонцорын харшил гэхэд шарилж, лууль зэрэг элбэг тархдаг ургамлаас эсвэл гэр ахуйн, үйлдвэрийн, ном цаасны тоосноос үүддэг гэдэг. Харшил идэвхиждэг хаврын улирал эхэлсэн учраас Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Клиникийн III тасгийн эрхлэгч, арьс харшлын эмч Б.Лхамдарьтай ярилцлаа.


-Дэлхийн нийт хүн амын 40 гаруй хувь нь харшлаар өвчилсөн гэсэн тоо байдаг. Ер нь Монголд түгээмэл тохиолддог харшлын тоог хэлэх боломжтой юу?

-Сүүлийн жилүүдэд бүхий л төрлийн харшлын өвчнүүдийн тохиолдол нэмэгдсээр байна. Ямар эрхтэн системийг хамарснаас шалтгаалаад харшлын олон хэлбэр байдаг. Жишээлбэл, харшлын коньюктивитийн үед нүд загатнана, улайна, нулимс гоожино, харшлын ринитийн үед хамар битүүрнэ, найтаана, нус гоожино. Астма өвчний үед хоолой бачуурч ханиана, амьсгалахад төвөгтэй болно. Мөн харшлын гаралтай арьсны өвчнүүдийн үед төрөл бүрийн тууралтууд гарч болно. Тухайлбал, хамгийн түгээмэл тохиолддогоос дурдвал атопийн дерматит, чонон хөрвөс байна. Харшлыг үүсгэх шалтгаанууд ургамлын тоос, хүйтэн, халууны нөлөөлөл, төрөл бүрийн гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд гэх мэт олон янз. Харин эмийн шалтгаант харшил хамгийн хүнд тохиолддог.

-Түгээмэл тохиолддог харшлуудын ерөнхий шинж тэмдэг ямар байдаг вэ?

-Харшлын өвчний тохиолдол жил ирэх тусам хурдацтай нэмэгдэж байна. Манай оронд яг энэ үед их тохиолддог, цаг үетэй нь уялдуулаад ургамлын тоосны шалтгаант харшлыг жишээ болгон тайлбарлая. Ургамлын тоосны шалтгаант харшил ихэвчлэн дөрөвдүгээр сараас эхэлдэг. Улмаар тухайн хүн яг ямар ургамлаас харшилтайгаас шалтгаалаад IV-IX сар хүртэл харшил нь сэдэрдэг. Дөрөвдүгээр сараас модлог ургамлын харшил сэдэрдэг. Энэ үеэр хамар битүүрэх, нүд загатнах, найтаах, ханиах гэх мэт зовиур илэрнэ. Үет ургамлууд болох өвс, цэцэг зэргээс харшилтай бол зуны саруудад харшил үргэлжилнэ. Шарилжны харшилтай бол VII-IX сард харшлын шинжүүд илэрдэг. Ургамлын харшилтай хүмүүс ихэвчлэн угсруулж олон найтаах, хамар битүүрэх, нус гоожих, нүд загатнах, нулимс гоожих, нүдний салст улайх, чих загатнах, байнга хамар битүүрснээс толгой өвдөх зэрэг зовиур илэрдэг. Цөөн тохиолдолд энэ шинж тэмдэг нь астма буюу багтраа болж хүндэрдэг.

-Нарны харшил, хүйтний харшил гээд сонсоход хүртэл сэргийлэхэд бэрхтэй харшлууд байх юм. Эдгээр харшлын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

 -Нарны харшил хавар, зун, намрын улиралд илүүтэй тохиолддог. Хүний биеийн нар туссан хэсэгт харшил үүсч улайх, гүвдрүү, бэлцрүү гарах, загатнах, заримдаа ус шүүстэй тууралт гарахыг хэлнэ. Нарны харшилтай хүмүүс нарны хамгаалалттай тосыг наранд ил гарах хэсгүүддээ түрхэж, хурц нартай өдрүүдэд битүү даавуун хувцас сонгож өмсөх хэрэгтэй.

-Эд зүйлс, бүтээгдэхүүнээс харшилтай бол түр зуурын шинжтэй, зовиур багатай байдаг уу?

-Нүүр, гар, биеийн арьсанд ямар нэгэн зүйл хүрэлцсэний улмаас үүссэн харшлыг хавьтал харшлын дерматит гэж нэрлэдэг бөгөөд энэ үед тууралт гарах, загатнах шинжүүд илэрдэг. Гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн эд зүйлс, төмөр, саван, угаалгын нунтаг, будагтай хувцас гэх мэт харшил үүсгэдэг зүйлс нь биед хүрэлцсэний улмаас тухайн хэсэг газраас эхлээд улайх, бага зэрэг хавдаж бэлцрүү болох, улмаар загатнах үед маажиж үрэвсэх, шалбархай үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тухайн бүтээгдэхүүнээс нэг удаа л харшилсан бол дахин харшил үүсдэг. Учир нь харшил үүсгэгчийн талаарх мэдээлэл дархлааны эсэд санамж болоод үлддэг. Тиймээс дахин тэр бүтээгдэхүүнээ хэрэглэвэл харшил өмнө нь байснаас илүү хүндэрч болзошгүй.

-Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн, саван, угаалгын нунтаг зэргээс харшилсан тохиолдолд заавал эмчид хандах хэрэгтэй гэсэн үг үү?

-Харшил үүссэн ямар ч тохиолдолд эмчид эрт хандах хэрэгтэй. Аливаа бүтээгдэхүүнээс харшилсан уу, ямар нэг байдлаар арьсаа гэмтээснээс болж нянгийн гаралтай үрэвсэл явагдсан уу гэдгийг мэргэжлийн бус хүн хараад ялгаж чадахгүй. “Өөрөө эдгэнэ, удахгүй гайгүй болох байх” гэдэг талаас нь асуудалд хандаж болохгүй.

 

ХАРШИЛ УДАМШИХ ХАНДЛАГАТАЙ

-Зарим хүн гэнэт харшилтай болчихжээ эсвэл удамшсан гэж ярьдаг шүү дээ. Харшил ихэвчлэн юунаас болж үүсдэг вэ.?

-Харшлыг шууд удамшдаг гэж ойлгож болохгүй. Харин удамших хандлагатай гэж үздэг. Жишээлбэл, нэг айлын хүүхдүүд харшилтай байх магадлал илүү өндөр байдаг. Ихэр хүүхэд адил харшлын өвчнөөр өвдөх магадлал 70 хувь байдаг. Ээж, аав хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 75 хувь, ээж, аавын аль нэг нь харшилтай бол магадлал 50 хувь болдог. Энэ мэт судалгаануудад үндэслэж харшлыг удамших хандлагатай гэж олон судлаач үздэг.

-Хүмүүс удаан хугацаанд шинж тэмдэг илрээд явсны дараа эмчид ханддаг уу?

-Ихэвчлэн өвчнөө хүндрүүлчихээд, төрөл бүрийн ардын аргуудыг туршиж дуусаад ирэх нь элбэг. Гэхдээ өөртөө болон гэр бүлдээ анхаарал сайн тавьдаг, эрүүл мэндийн боловсролтой, хариуцлагатай хүмүүс ихэсч байна. Харшлын өвчнүүдэд илрэх хугацаа гэж бий. Жишээлбэл, хоол хүнсний харшил ихэвчлэн хүүхэд насанд мэдэгддэг. Хүүхэд бор хоолонд орох үеэс эхлээд таван нас хүртэл хоол хүнсний харшлаар өвдөх тохиолдол хамгийн их байдаг. Хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагааны хөгжилтэй холбоотойгоор, хүүхэд байхдаа төрөл бүрийн хүнсийг анх идэж үздэг зэргээс хамаараад харшил илэрнэ. Хоол хүнсний харшилтай зэрэгцэн атопийн дерматит буюу иргэдийн нэрлэж байгаагаар диатиз нярай үеэс, бага наснаас эхэлдэг. Нүүр, биеэр харшлын тууралт гарч, загатнах, улайх, арьс хуурайших гэх мэт зовиур, шинж тэмдэг илэрдэг. Зөвхөн харшлын өвчнүүд гэлтгүй ямар ч өвчний үед эмнэлэгт хандвал хурдан эдгэрнэ, зардал ч хэмнэгдэнэ.

-Тоосны харшил, ургамлын харшил юугаараа ялгаатай вэ?

-Харшил үүсгэдэг ургамал  тоосоо гөвөх цагаар ургамлын харшил илэрдэг. Тоосны харшлын хувьд гэр ахуйн, үйлдвэрлэлийн тоос гээд ерөнхийд нь хоёр ангилдаг. Нүдэнд ил харагдах, харагдахгүй тоосон дунд амьдарч байдаг гэрийн тоосны хачиг гэж бий. Гэрийн тоосны хачиг хэд хэдэн төрөлтэй. Үйлдвэрийн тоосонд ч ялгаагүй тоосны хачиг амьдарч байдаг. Тиймээс тэр ургамал болон хачгаас харшилтай, тухайн зүйл нь их байгаа газарт зовиур илэрдэг.

-Харшил хүндэрсэн тохиолдолд астма болдог гэж ойлгож болох уу?

-Харшлын буюу атопийн марш гэж ойлголт байдаг. Үүнийг тайлбарлая. Хоол хүнсний харшил, атопийн дерматит харшил таван нас хүртэл тохиолдол нь их байснаа аажимдаа буурдаг. Гэтэл сургуулийн наснаас эхлээд ургамал, нүд, хамрын харшлын тохиолдол өсдөг. Өсвөр наснаас астма өвчний тохиолдол нь ихэсдэг. Ургамлын тоосны харшлаас шалтгаалж астма үүсч хүндэрч болзошгүй байдаг.

 

ШАРИЛЖНЫ ЭСРЭГ ВАКЦИН ЭМЧИЛГЭЭНД ЖИЛД 500 ОРЧИМ ХҮН ХАМРАГДАЖ БАЙНА

-Харшлын эмчилгээний хувьд зөвлөхгүй юу?

-Нэгдүгээрт, ямар ч харшлын үед тухайн харшил үүсгэж байгаа зүйлээс хол байх, татгалзах хэрэгтэй. Хоёрдугаарт, арьсны өвчнүүдийн үед арьс арчилгаа чухал. Гуравдугаарт, эмнэлэгт эрт үзүүлж эмийн эмчилгээ болон тухайн хэсэг газрын эмчилгээг хийдэг. Үүнээс гадна ургамлын болон тоосны харшлын өвөрмөц эмчилгээний арга болох вакцин эмчилгээ гэж байдаг. Энэ эмчилгээ нь тухайн харшил үүсгэдэг зүйлийг хүний биед бага багаар оруулж, дархлаанд дасал үүсгэх байдлаар хийгддэг. Вакцин гэхээр тариа тарих, эм уух гэсэн байдлаар хүмүүс ойлгох нь бий. Тийм биш. Тухайлбал манай төвд хамрын цацлага хэлбэрээр бэлтгэсэн “Шарилжны эсрэг вакцин” эмчилгээг жил бүрийн гуравдугаар сарын сүүлээс харшилтай хүмүүсээ бүртгээд, хяналттайгаар эхэлдэг. Эмчилгээг гурван сарын хугацаанд хийнэ. Тухайн хүн вакцинаа гэрээр эмчийн хяналтад хэрэглэдэг. Энэ эмчилгээнд жилд 500 орчим хүн хамрагдаж байна. Ийнхүү гурваас таван жил эмчилгээнд хамрагдаж байж үр дүн сайн гардаг. Энэ жилийн хувьд бүртгэл маань дуусаад, вакцинаа хэрэглээд эхэлж байна. Тиймээс ихэвчлэн гуравдугаар сард эмчилгээнд хамрагдах хүмүүсээ бүртгэдэг. Мөн ургамлын харшлыг тодруулах арьс хатгах сорилын шинжилгээг жилийн дөрвөн улиралд хийдэг. Анхааруулж хэлэхэд, уг эмчилгээнд хамрагдахын тулд заавал шинжилгээ өгч, оношоо тодруулсан байх шаардлагатай.

-Арьс арчилгаа чухал гэлээ. Тодруулбал яаж арьсаа арчлах вэ?

-Харшлын гаралтай арьсны өвчний үед арьс хуурайших шинж тэмдэг элбэг байдаг. Тиймээс арьсаа сайн чийгшүүлж байх нь чухал. Арьс хуурайшиж эсвэл арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан байхад зовиур илүү тод илэрч, илүү их загатнадаг. Харин арьсны бүрэн бүтэн байдлыг хангаж, чийгшүүлэгч тос сайн түрхэж байвал хүнд зовиураас хамгаалах боломжтой. Тийм болохоор өөрт тохирсон чийгшүүлэгч тосыг олж аваарай. Арьс судлалын холбоо болон ДЭМБ-аас хамгийн сайн тос бол тухайн хүнд тааламжтай мэдрэмж төрүүлж байгаа тос гэж тодорхойлдог. Юун түрүүнд чийгшүүлэгч тос нь өнгөгүй, үнэргүй байх шаардлагатай. “Харшил үүсгэхгүй, эмзэг мэдрэмтгий арьсанд зориулсан” гэсэн хаяг, шошготой байвал сайн. Тухайн тосыг түрхэхэд загатнаа үүсэхгүй, улайхгүй байхад танд тохирч таарч байна гэсэн үг. Таарсан тосоо өдөр болгон түрхэх хэрэгтэй. Усанд ороод 5-10 минут дотор бүх биендээ түрхээрэй. Хэрвээ харшлын улмаас таны бие загатнадаг бол маажихгүйгээр шууд тосоо түрхэх нь зүйтэй.

-Харшил илрүүлэх шинжилгээнд хамрагдахдаа юунд анхаарах вэ?

-Харшлын өвчнүүдийн үед хийгддэг хэд хэдэн өвөрмөц шинжилгээний аргууд байдаг. Ургамлын харшил, тоосны харшил, хоол хүнсний харшлыг арьс хатгах сорилоор тодорхойлдог, эсвэл цуснаас сорьц авч өвөрмөц шинжилгээг хийж болно. Арьс хатгах сорилыг яаж хийдэг вэ гэхээр ургамлаас гаргаж авч үйлдвэрлэсэн сорилыг арьсан дээр дусаагаад хатгахад тэр хэсэг газарт улайж бэлцийж байгаа эсэхээс хамаарч харшлыг тодорхойлдог. Зарим тохиолдолд энэ шинжилгээг хийж боломжгүй байдаг. Тухайлбал, харшил нь хүнд байдлаар илэрсэн, жирэмсэн, хөхүүл эхчүүд, бага насны хүүхэд, өндөр настан, харшлын эмчилгээтэй байгаа хүмүүст арьс хатгах сорилыг хийдэггүй. Тэдгээр хүмүүст цуснаас сорьц авдаг өвөрмөц шинжилгээг хийдэг. Гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бодисуудад хүрэлцэх байдлаар харшил үүсдэг хүмүүст арьс бигнэх сорилоор шинжилгээ хийж болдог. Дээрх шинжилгээнүүдийг хийлгэхээс өмнө эмчилгээний төрлөөс хамааран 72 цагаас 14 хоногийн хугацаанд эмчилгээ хийгээгүй байх шаардлагатай.

-Хамрын цацлага зэрэг харшлын эмчилгээний бүтээгдэхүүнийг дур мэдэн авах нь бий. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

-Олон төрлийн хамрын цацлага байдаг. Хамар битүүрэхийг богино хугацаанд шууд намдаадаг цацлага гэхэд хамрын салстыг хуурайшуулах гаж нөлөөтэй. Сүүлийн үед хамрын салстыг хуурайшуулахгүйн тулд чийгшүүлэгч хольсон цацлага гарч ирсэн. Аль нь ч байсан удаан хугацаанд хэрэглэхийг хориглодог. Мөн харшлын урвалыг намдаадаг эмчилгээний цацлага гэж байна. Тиймээс харшлын эмчид үзүүлээд өөрт тохирох цацлагаа сонгож авахыг зөвлөе.

-Харшилтай бол тогтмол эмчид үзүүлэх, шинжилгээ өгч хянуулах  шаардлагатай юу?

-Тодорхой харшлын өвчнүүдэд эмч шаардлагатай гэж үзсэн хүндээ л шинжилгээ хийдэг. Харшлаа тодорхойлуулсан тохиолдолд ямар өвчин гэдгээс шалтгаалж хяналтад байх ёстой болон сэдэрсэн үедээ ирж болох харшлууд байдаг. Заавал өвдсөний дараа гэлтгүй өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид хандаж ч болно.

 

ДАРХЛАА ДЭМЖДЭГ ЯНЗ БҮРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХАРШИЛ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ

-Харшил бүрэн эдгэдэг үү?

-Харшил бүрэн эдгэх боломжгүй. Хүний дархлаа ой санамжтай. Харшил үүсгэгч хүний биед дахиж ороход тэмцэж эсэргүүцэхийн тулд бэлэн байдалд байдаг. Тэр ой санамж бүрэн арилахгүй ч гэсэн өвчнийг сэдрээхгүй байх, одоо байгаа зовиурыг бүрэн намдаах боломж бий. Хүн аливаа өвчнөөс өөрийгөө сэргийлье гэвэл зөв цагт унтах, зөв хооллох хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийж, зөв амьдралын хэв маягтай байх нь чухал. Үүнээс биш дархлаа дэмждэг гээд янз бүрийн бүтээгдэхүүнийг нэмэлтээр хэрэглэх нь эсрэгээрээ харшил үүсгэх эрсдэл учруулж магадгүй. Ерөнхийдөө зөв амьдралын хэв маяг аливаа өвчнөөр өвчлөхгүй байхад хамгийн чухал.

-Нэг удаа л эмчид үзүүлээд эмчийн зөвлөсөн бүтээгдэхүүнийг удаан хэрэглээд явж болох уу?

-Болохгүй. Тухайн үеийн зовиур болон хүний биеийн онцлогт нь тохирсон эмчилгээг тохирох тунгаар эмч зөвлөдөг. Дахин өвчин сэдрэхэд хуучин хэрэглэж байсан эмчилгээ эсрэгээрээ өвчнийг хүндрүүлж ч болзошгүй. Жишээ нь, арьсанд түрхдэг эмчилгээний тосонд аргаах хатаах, гуужуулах, нянгийн эсрэг гэх мэт төрөл бүрийн холимогууд байна. Гэтэл нэг өвчний тодорхой шатуудад эдгээр эмчилгээний тоснуудыг ээлжлэн хэрэглэнэ. Хэрэв буруу шатанд буруу эмчилгээг хийвэл арьс улайх, хуурайшч хагарах зэрэг гаж нөлөө илэрнэ.

-Ханиад болон харшилд төстэй шинж тэмдгүүд илэрдэг шүү дээ. Хооронд нь яаж ялгах вэ?

-Улирлын буюу ургамлын тоосны харшлын үед нэг дор гурав ба түүнээс дээш удаа угсруулж найтаадаг. Тогтмол саруудад ч юм уу өвдөх цаг хугацаа нь тогтмол шинжтэй байдаг. Харшил үүсгэгч нь байдаг газруудад очихоор сэдэрдэг учраас харшлыг ялгаж таньж болно. Харшлын өвчин халуурахгүй гэдэг том онцлог байна. Астматай хүмүүст ч гэсэн ханиалгах зовиур илрэх ч халуурахгүй. Харшлын гаралтай төвөнхийн үрэвслийн үед мөн ханиалгана. Гэхдээ эмчид хандаж эрт зөв оношлуулж эмчлүүлэх нь хамгийн чухал.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.192) 2020 оны 04 сарын 06

7 nastai khuukhed bactsin hiideguu\n

0  |  0
Зочин(43.242.243.221) 2020 оны 04 сарын 06

Тэгээд эмчид үзүүлэхээр олигтой ч үздэггүй байж ядаж байгаа хүнд та нар юу ч хэлж чаддаггүй ш дээ амьсгалахын тулд дусаагуур хэрэглэхээс яах билээ\n

1  |  0
Top