КОВИД-19 | Хоолны ширээ, плитка зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Коронавирусний халдвараар дэлхий дахинд нийт 2.4 сая хүн өвчлөөд байна. ОХУ сүүлийн өдрүүдэд анхаарал татаж байгаа юм. Хойд хөршид өвчилж буй иргэдийн 60 орчим нь 45-аас доош насныхан байгаа аж. ОХУ-д эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан хамгаалах хувцас нэн шаардлагатай байгааг албаныхан мэдээлсэн бөгөөд эхний ээлжид сая гаруй хувцсыг Хятадаас авахаар болжээ.

ДЭМБ-аас иргэдэд хандан маскаа тогтмол зүүх, гараа савандаж угаах, зайнаас харьцах, агаарын сэлгэлт хийх, дэлгүүрээс худалдан авалт хийхдээ хатуу хайрцаг, төмөр, пластик савлагаатай зүйлтэй болгоомжтой харьцах, эдгээр гадаргуутай зүйлийг худалдаж авсан бол савантай бүлээн усаар арчих, хүнсний ногоог халуун усанд 15 минут орчим байлгаж, дараа нь сайтар зайлж хэрэглэх, хоолны ширээ, плитка зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэхийг зөвлөж байна. Эдгээрийг бүгдийг нь хэрэгжүүлж чадвал халдвараас сэргийлэх боломжтой юм.

Сүүлийн 24 цагт АНУ-д нас баралт есөн хувиар, Испанид таван хувиар нэмэгдсэн бол Францад нас баралт хамгийн өндөр буюу 16 хувьтай, Италид 13 хувьтай байна.

Тэгвэл Сингапурт шинээр 596 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь гадаад ажилчдын дотуур байрны халдвараас улбаатай өвчлөл аж. Азиас хамгийн их анхаарал татаж байгаа улс болох Японд шинээр 369 тохиолдол илэрч, нийт 10500 гаруй хүн өвчлөөд байна. Өмнөд Солонгосын хувьд зайнаас харилцах арга хэмжээг тавдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлүүлэх аж. ДЭМБ хүн хоорондын зайг сайтар барихыг зөвлөсөөр байгаа юм. Герман улсад л гэхэд иргэдийг 1.5-2 метрийн зайд явахыг анхааруулж, маск зүүхийг хатуу сануулжээ.

 

Top