КОВИД-19 | Өндөр настай, суурь өвчинтэй хүмүүс нас барах эрсдэлтэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Коронавирусний халдварын тархалт өндөр байгаа Итали, Испани, Франц, АНУ зэрэг улсад сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлж, эрт тусгаарлах арга хэмжээ авах тал дээр анхааран ажиллаж байгаа аж. Тархвар зүйн дүнгээс харахад халдвар авсан хүмүүст шинж тэмдэг илрэхээс өмнө болон илэрсний дараа халдвар тараах эрсдэл өндөр байгаа гэнэ. Халдвар илэрснээс хойш эхний долоо хоног, ялангуяа дөрөв дэх өдрөө тараах эрсдэл оргил үедээ хүрдэг байна. Вирусний ачаалал их байх тусам эмнэл зүйн шинж тэмдэг хүнд байгаа аж. Нийт халдварын 44 хувь нь шинж тэмдэггүй үедээ тархсан байсныг мэргэжилтнүүд тогтоожээ. Тухайлбал, Уханьд өвчилсөн 26 мянган хүний 60 хувь нь огт шинж тэмдэггүй тохиолдлоос халдварласан байна.

Өндөр настай, хавсарсан суурь эмгэгтэй хүмүүст нас баралтын хувь өндөр байгааг ДЭМБ анхааруулжээ. Өмнөд Солонгос, Япон, Шинэ Зеланд, Швейцарт асрамж, халамжийн төв, шашны цугларалт, амьд хөгжмийн тоглолт, баар ресторан зэргээс халдвар авах тохиолдол дийлэнх нь байсан бөгөөд Японд хийгдсэн нарийвчилсан судалгаагаар агааржуулалт муутай, хаалттай орон зай, эмнэлэг зэрэг нь халдварын голомт болжээ. Түүнчлэн Филиппинд өвчилсөн хүмүүсийн 20 хувь нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байсан аж.

Итали, Испани, Франц зэрэг нас баралт, тархалт өндөр байсан орнуудад хоёр, гуравдугаар сартай харьцуулахад өвчлөл бага багаар буурч байгаа ч нас баралт өндөр хэвээрээ байна. Өдөрт 300-500 орчим хүн эндсээр байгааг ДЭМБ-аас мэдээлжээ.

 

Top