БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Онцгой байдлын комиссоос Бээжин хотын сургуулиудын хичээл эхлэх тодорхой хугацаа болон элсэлтийн ерөнхий шалгалтын товыг зарласан байна.
Энэ сарын 27-ны өдөр Бээжин хотын ахлах сургуулийн төгсөх ангиуд, тавдугаар сарын 11-ний өдрөөс дунд сургуулийн хичээлийг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.
Хичээл эхлэхтэй холбогдуулан Онцгой байдлын комиссоос эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, багш нарт хандан анхааруулга гаргасан байна. Үүнд:
Сургуулийн дотоод орчинд сурагчдыг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, анги сэлгэж явахгүй байх,
Сургууль гэр хооронд зорчихоос өөр маршрутаар явахгүй байх,
Гаднын иргэдийг сургуулийн орчинд нэвтрүүлэхгүй байх ,
Эцэг эхчүүд хүн олон цугласан газраар явахгүй байж, урьдчилан сэргийлэх хамгаалалтыг тогтмол хийж байх,
Ангийн сурагчдын халууныг өдөрт 2 удаа хэмжих, /Сэжигтэй тохиолдол илэрвэл тусгайлан бэлтгэсэн бүсэд тусгаарлалт хийж, мэргэжлийн байгууллагад хандах, улмаар ангиар нь хичээл орохыг зогсоох, онц нөхцөл байдал үүссэн тохиолдолд сургуулийн хэмжээнд хичээл орохыг зогсоох арга хэмжээг дээд шатны боловсролын байгууллагаас авна./
Сургуулийн орчинд амны хаалттай байх,
Сургуулийн эд хогшил болон нийтийн талбайн халдваргүйжүүлэлтийг тогтмол хугацаанд хийж байх,
Анги танхимын агаарын солилцоог нэмэгдүүлж, ангийн ариутгалыг өдөрт 2 удаа хийх,
Хичээл эхлэх үед нийтийн эрүүл мэндийн боловсрол болон вирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай хичээл орох,
Сургуулийн нийтийн агааржуулалтын системийг ойрын хугацаанд ашиглахгүй байх зэрэг болно.
Бага ангийн хичээл эхлэх хугацааг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дараа зарлах юм. Цэцэрлэг болон сургалтын төвүүд ойрын хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг зарлажээ.
Бээжин хотын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд, дунд сургуулийн анги дэвших шалгалт долоодугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон байна.
Бээжингийн ахлах, дунд сургуульд сурдаг гадаадын иргэд 14 хоногийн өмнө Бээжин хотод ирж, шинжилгээ өгнө, 14 хоног тусгаарлагдсан байх ёстой гэнэ.
Бээжин хотын хэмжээнд, их дээд, сургуулиудын хичээл цахим хэлбэрээр явагдаж байгаа ч сургууль цуглах хугацаа тодорхойгүй хэвээр байна. Учир нь их, дээд сургууль цуглах үед улс орон даяар шилжилт хөдөлгөөн ихсэж, БНХАУ-ыг зорин ирэх гадаад оюутны урсгал мөн нэмэгдэх тул вирусний халдварын тархалтын дотоод болон гадаадын нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай байгаа гэж Бээжин хотын Онцгой байдлын комиссоос мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
bux delxiid taraachikhaad