Айл өрхүүд хашааныхаа 60 хувийг ашигладаггүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Монголчууд хэдэн мянган жилээр нүүдэллэж ирсэн ард түмэн. 19 дүгээр зууны эхэн үеэс эхэлж суурин амьдралд алхам алхмаар шилжиж, өнгөрсөн 100 жилийн хугацаанд одооноос л хашаандаа хэрхэн ая тухтай, цэвэр цэмцгэр, үлгэр жишээ амьдрах дөр сууж байна гэхэд хилсдэхгүй. Хашаандаа сайхан амьдрахын ач холбогдлыг ойлгож, бие биедээ үлгэрлэж эхэлсэн жишээг дурдаад байвал дуусашгүй. Улаанбаатар хотод 200 мянган хашаа байдаг бол мөн түүнтэй дүйцэхүйц тооны хашаа 21 аймгийн 330 суманд бий. Гэр хороолол хүрээгээ тэлэхийн хэрээр нийслэлд агаар, хөрс орчны бохирдол зэрэг гэр хорооллоос үүдэлтэй олон асуудал урган гарч ирдэг. Тиймээс хашаандаа цэвэрхэн, эрүүл, аюулгүй сэтгэл хангалуун сайхан амьдрах ямар, ямар арга байгааг хамтдаа эрэлхийлье.

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН УРТ ХУГАЦААНЫ БОДЛОГО ДУТАГДАЖ БАЙНА

Төр засгаас хот төлөвлөлтийн тодорхой бодлого баримтлаагүйгээс болж замбараагүй газар олголт, гэр хороолол, орон сууц холилдон, галын машин, түргэн тусламжийн тэрэг ч багтах зайгүй шавааралдах болсон. Жишээ нь энэ хороог орон сууцжуулна, тэр хороог жишиг гэр хороолол болгоно гэдэг тодорхой дүр зураг байхгүйгээс иргэд хэрхэхээ мэдэхгүй эргэлзээ, хүлээлт дунд таг гацчихсан. Дахин төлөвлөлтөөр баригдсан 20 жилийн насгүй хоёр өрөө байраар 700 мкв газраа сольчихоод ирээдүйд хүүхдүүддээ юу өвлүүлэх билээ гэдгээ бодох л хэрэгтэй. Нэхмэлийн шар, 40,50 мянгат зэрэг 50 жилийн настай барилгууд эхнээсээ ашиглах боломжгүй болж байгааг бид харж байна. Өөрийнхөө хашаанд байшин барьсан бол хүссэн цагтаа буулгаж, хүссэн загвараараа шинэчлэн барьж, хэдэн үеэрээ тэр газар дээрээ амьдарч болно. Газар нутаг давчуу гаднын оронд барилга байшингаа дээшээ өндөрлөхөөс өөр аргагүй байдаг бол манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд аль болох таруу, сийрэг байрлуулах боломжтой. Сонгууль болгоноор нэг нам нь орон сууцжуулна, нөгөө нь хашаанд нь  сайхан амьдруулна гээд л амлалт өгөөд гарч ирдэг. Иргэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хөдөлмөр зүтгэлээ зориулаад хашаагаа сайхан болгочихоод байж байтал “Маргааш газар дээр чинь орон сууц барина, газраа чөлөөл” гэвэл яах билээ. Тийм учраас төр засаг урт хугацааны хот төлөвлөлтийг тодорхой болгох шаардлагатай байна.

 

ХӨРШИЙН ХОЛБОО ҮҮСГЭЖ ДЭД БҮТЦЭЭ ШИЙДЭХ НЬ ХЯМД ТУСДАГ

Нэг хэсэг хүмүүс орон сууцанд амьдрах сайхан гэж нийгмээрээ хошуурч, 20 жилийн хугацаатай зээл аваад хоёр өрөө байранд орчих юм бол хорвоогийн хамаг жаргалыг эдлэх нь тэр гэж эндүүрч байсан. 50 мкв байрны эрх чөлөө, 500 мкв газрын эрх чөлөө хоёрын ялгааг монголчууд саяхнаас л мэдэрч, нийслэл төдийгүй бүх аймаг, суманд хашаандаа сайхан амьдрахыг чухалчилдаг болжээ. Хөвсгөл аймаг гэхэд жишиг хорооллыг цогцлоосон. Хашааны зохион байгуулалт нь эмх цэгцтэй, жигд дүнзэн байшинтай, банзан хашаатай, гүйдэг хаалгатай цэвэрхэн хашаанд тав тухтай амьдардаг учраас орон сууцанд орох юмсан гэж тэд түвддэггүй. Өмнөговь аймагт амьдралын чанар сайжирсан учраас айлууд инженерийн шугам сүлжээ татчихсан, гэртээ усанд орж, тансаг хаусандаа тарвалзаж сууна. Нийслэлд ч Тахилт, Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо зэрэг газруудад айлууд гудмаараа нэгдэж хөршийн холбоо үүсгэснээр гэр хорооллын дэд бүтцийн асуудлаа шийдэж чаджээ. Дундаа нэг под станц байгуулж, байшиндаа халуун хүйтэн устай, бохирын системтэй, халаалттай амьдарч байгаа айл олон байна. Хэсэгчилсэн байдлаар дэд бүтцээ шийдэх нь хямд төсөр тусдаг талаар айлууд сэтгэл хангалуун ярьж байлаа.  Нийслэлээс гэр хорооллын айлуудад тогны мөнгөний хөнгөлөлт эдлүүлж, халаалтаа шийдэх боломж бүрдүүлж байгаа нь агаарын бохирдол буурахад ч  нөлөөлж байгаа билээ.

 

ХАШААНДАА АМЬД БАЙГАЛИЙГ БҮТЭЭХ БОЛОМЖТОЙ

Коронавирус гарч хөл хорио тогтоосноос хойш хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ ойр байхын үнэ цэнийг мэдэрч эхэлж байна. Учир нь хүмүүс хүүхдүүдтэйгээ нар, салхи үзэхгүй, тоглож наадахгүй, идэвхтэй хөдөлгөөнгүй дөрвөн ханан дунд “хоригдож” үзлээ. Энэ хугацаанд, баригдмал орчинд хүмүүс төдийгүй хүүхдүүд ч маш их стресс, бухимдалд өртдөг юм байна гэдгийг ухаарав. Хүн гэдэг байгалийн амьтан. Байгалиас авч буй энерги хүний биеийн дархлаа, витаминыг нөхөж байдаг. Хашаандаа амьдарч байгаа хүн хэзээ ч хөдөлгөөний дутагдалд орохгүйгээс гадна тогломоор байвал гараад, тоглочихно, мод бутаа усалчихна, хашаа хороогоо цэвэрлэчихнэ, зүлэг ногоогоо тарьчихна, хүүхдээ салхилуулчихна. Ингээд бодохоор энэ ахуй хүүхдэд байгаль экологио хайрлах, хамгаалах хүмүүжлийг суулгадаг байх нь. Байгалиас өгөх дуу чимээ, эрч хүч, нар салхи, агаарыг мэдэрч байж хүн эрүүл саруул байдаг бол дөрвөн ханан дунд энэ бүхнийг мэдрэх боломжгүй. Хашаандаа байгалийг бүтээж болно. Бяцхан төгөл үүсгэж мод бут, ой, цөөрөм, усан оргилуур цогцлооход шувууд цуглан жиргэлдэж, эрвээхэй эргэлдэн нисэлдээд нүд баясгаж, сонор мялаах нь дамжиггүй. Сүүлийн 10 гаруй жил тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр ажиллаж байгаа “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн санаачлагч Ц.Түмэнбаяр нь хашаагаа тохижуулж, моджуулах сонирхолтой иргэдэд зөвлөгөө заавар өгдөг бөгөөд өнгөрсөн хугацаанд  800 гаруй иргэдэд хүрч ажиллажээ. “Хашаандаа сайхан амьдаръя” цахим групп нь 80 мянган гишүүнтэй. Тэд өөрсдийнхөө сайн туршлагыг хуваалцаж, нэг нэгэндээ үлгэр жишээ болж, хамтдаа хөгжиж байгаа нь бахархууштай. Түүний гол зорилго нь хашаандаа бохирдолгүй, цэвэрхэн, ая тухтай, бүтээлч, үр ашигтай  амьдарч болдгийг хүмүүст ойлгуулах явдал юм. Ц.Түмэнбаяр: “Жишээ нь, айл өрхүүд 700 мкв хашааныхаа 40-50 хувийг л ашиглаж байдаг аж. Байшин, граж, нүхэн жорлон, нүүрсний амбаар мөнөөх зайг эзэлж, бусад ашиглагдаагүй талбай нь улаан шороонд эзлүүлж, зэрлэгт баригдсан байдаг. Ашиглагдахгүй байгаа 50-60 хувийг тохижуулж, хүүхдийн талбай, спорт талбай, мод бут, усан оргилуур, саравч сүүдэр, хүлэмжийн аж ахуй эрхэлж хүнсний ногоо тарих зэргээр төрөл бүрээр ашиглаж болно. Эдлэн газартай хүн шиг эрх дураараа, тааваараа амьдрах боломж бидэнд бий” гэлээ. 700 мкв талбайтай хашааг тохижуулж, ногооруулахад 5-10 сая төгрөгт багтдаг талаар тэрбээр нэмж өгүүлэв. Хүмүүс нэг хавар дайраад бүгдийг нь засаж шинэчлэх гээд байдаг. Энэ байдал нь нэгдүгээрт санхүү, хоёрдугаарт туршлага, гуравдугаарт ажиллах хүчний асуудалд оруулдаг учраас хамгийн эхлээд сайн төлөвлөх хэрэгтэй. Энэ удаа саравч сүүдэр хийсэн бол дараагийн удаа засмал зам, тоглоомын талбай хийнэ гэх мэтээр бага, багаар өөрчилж, шинэчлээд явахад таван жилийн дараа танай хашаа тансаг эдлэн газар шиг болох болно.

“НОГООН” ХАШАА ХООСОН ХАШААНААС ГУРАВ ДАХИН ҮНЭТЭЙ

Хашаандаа 100 гаруй мод буттай айлын газар хоосон хашаанаас гурав дахин үнэтэй байдаг. Таван айл хашаагаа ногооруулснаар агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурч, хотын өнгө үзэмж нэмэгдэх нь дамжиггүй. Айл бүр өөрийнхөө газрыг ногооруулаад, бохирдолгүй болгочихвол нийтээрээ цэвэрхэн хот болно. Тавдугаар сарын эхээр мод нахиалж, мод тарих улирал эхэлдэг. Жил бүр Барилгачдын талбай дээр уламжлал болгон зохиогддог мод бут, үр үрсэлгээний үзэсгэлэн худалдаа энэ жил коронавируснээс болоод болохгүй. Тийм учраас  Байгаль орчны яамнаас онлайн үзэсгэлэн гаргаж, мод бут, үр үрсэлгээ зардаг албан ёсны газруудын байршлыг нь зааж өгөхөөр болжээ. Монгол оронд 140 төрөл зүйлийн мод бут ургадаг. Говь, хангайн хөрс, уур амьсгал өөр хэдий ч нийслэлд бүх төрлийн мод ургах боломжтой. Энэ нь гурван төрөл байдаг. Мөнх ногоон мод буюу гацуур, нарс, хуш зэрэг мод нь арчилгаа, усалгаа шаарддаг хэдий ч хаана ч ургах боломжтой. Жимсэлдэг мод буюу алим, үхрийн нүд, чацаргана, мод, нэрсний мод хашаандаа тарьснаар хүнсэндээ хэрэглэх, төдийгүй зарж борлуулах ч боломжтой. Гоёл чимэглэлийн, цэцэглэдэг мод буюу монос, буйлс, монгол сакура, тэхийн шээг, шар хуайс, голт бор зэргийг хашаандаа өнгө алаглуулан таривал хэчнээн үзэсгэлэнтэй харагдах бол. Үзэмж тансаг цэцэгт хүрээлэнд амьдарч буй айлд үргэлж сайхан энерги цацарч, сэтгэл санаа ч өөдрөг байх нь дамжиггүй. Сонгинохайрхан дүүргийн 43-р хорооны иргэн Д.Энх-Отгон эгчийнх алимны мод тарьдаг. Тэрбээр “Дэлгүүрээс Хятад бордоогоор тарьсан алим авч идэхгүй байна гэдэг эрүүл мэндээ ч давхар хамгаалж буй хэрэг шүү дээ. Эгч нь өнгөрсөн таван жилийн хугацаанд нэг сая төгрөгийн үр үрсэлгээ авч тариалсан. Зарснаасаа хураасан нь их. Намар болохоор мод маань хэчнээн сайхан цэцэглэдэг гэж санана, тэгээд л алим нь бондойгоод ирнэ шүү дээ. Миний дүү намар заавал ирээрэй” гээд инээмсэглэв. Хүмүүс мод бут тарихдаа аль болох уулнаас ухаж авчраагүй, гаднын улсаас оруулж ирээгүй, монгол оронд тарьж нутагшуулж үржүүлсэн мод бутыг сонгож тарих хэрэгтэй. Ялангуяа жимс өгөх модыг хөрс шороо, нөмөр нөөлөг, нарны тусгалаас хамаараад цаг уурын нарийн төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай тарихгүй бол болдоггүй гэж тэрбээр зөвлөж байлаа. Мөн Сүхбаатар дүүргийн XVI хорооны иргэн Ж.Наранцэцэгийнх 380 мкв хашаатай бөгөөд хашаанд нь байшин, амбаар, нойл, нохойны үүр, машины граж байдаг. Үлдсэн 150 мкв талбайдаа долоон бэсрэг хүлэмж байгуулж, тэр алгын чинээ газраасаа орлого, зарлагаа хасаад жилдээ 10 сая төгрөгийн ашиг олдог аж. Ж.Наранцэцэг сүүлийн 10 жилд 10 гаруй мянган нэр төрлийн үрсэлгээ хийж зарсан ба 40 гаруй төрлийн нарийн ногооны үрсэлгээ зах зээлд нийлүүлдэг. Ингээд бодохоор газрын их, багадаа биш сэтгэл зүтгэлийн их, багадаа л учир байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Лхагвасүрэн(122.201.22.199) 2020 оны 04 сарын 25

Айл бүр мод таръя

1  |  0
Зочин(66.181.187.26) 2021 оны 04 сарын 22

ийм макетаа хүртэл алдаатай хийхээр одоо яана даа цэцэг нь төгөл байхдаа яахав дээ цэцгэн төгөл эсвэл цэцэгт төгөл гээч

1  |  1
Bat(202.126.89.85) 2020 оны 04 сарын 25

Odoo ger horoolold uuriin gazar deeree saihan amidrah bolomj ulam bur burdseer. Niitiin oron suuc moodnoos garah oirtjee.

1  |  0
Top