Жилийн дөрвөн улиралтай орнуудад коронавирусний халдварын тархалтын эрсдэл өндөр, ялангуяа томууны улиралтай давхцан өвчлөл гарах магадлалтайг ДЭМБ-аас анхааруулж байна.
Улс орнууд халдвараас сэргийлэх хатуу дэглэм тогтоосоор байна. Токиогийн захирагч л гэхэд иргэдээ гурав хоногт нэг удаа хүнсний дэлгүүр орох, ингэхдээ 1-1.5 метрийн зай барьж явцгаах дэглэм тогтоожээ.
Дэлхий дахинд судалгааны ажлын үр дүнгүүд нийтлэгдсээр байгаа бөгөөд коронавирусний халдвартай холбоотой 30 орчим эрдэм шинжилгээний материал хэвлэгджээ. Түүнд дурдсанаар зүрх судас, бөөрний архаг өвчинтэй өвчтөн, эмнэлгийн ажилчид өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар дурдсан байгаа аж.
Коронавирусээр өвчилсөн өвчтөнд эмнэл зүйн шинж тэмдэг илрэх үед бусдад халдвар тараах эрсдэл хамгийн өндөр гэнэ. Түүнчлэн халдвар авсан 20 настай эрэгтэйн биеэр тууралт гарснаас үүдэн биеэр тууралт гарах шинж тэмдгийг дэлхий нийт анхааралдаа авах хэрэгтэй гэжээ.
Түүнчлэн вакцин гартал тархалт дахин нэмэгдэх магадлалтай байна. Халдварын эсрэг тэмцэх хүчин чадал хангалтгүй орнуудад хөл хориог 2021 он дуустал үргэлжлүүлэх хэрэгтэйг ДЭМБ зөвлөжээ.
Эргэн тойронд тань өвчний шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ тогтмол хэрэгжүүлээрэй. Харвардын их сургуулийн эрдэмтэд коронавирус хамрын хөндийн шүүрлийн эс, уушгины эс болон гэдэсний хөндийд байрлаж, вирусээр довтолдог гэсэн судалгааны дүн нь эм, вакцин гаргаж авахад чухал нөлөө үзүүлэх аж.
Сэтгэгдэл ( 0 )