ОХУ-д коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн дөрвөн хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглаж, дөрвөн хүнийг эдгээсэн байна. Хойд хөршийн Эрүүл мэндийн яамнаас эдгэрсэн хүмүүсийг цусны сийвэнгээ өгөхийг уриалжээ.
Түүнчлэн Япон улс эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг эмчилгээнд ашиглахаар болжээ. Вирусний эсрэг дархлаа болох эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг эмчилгээнд ашиглах талаарх судалгааг Азийн хэд хэдэн улсад хийж байгаа аж.
Япон улсад хоногт 327 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдээс буурсан үзүүлэлт болжээ. Тус улсад бүртгэгдэн нийт халдварын 10 орчим хувь нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэн, түүний ар гэрийнхэн аж.
Токио хотын захирагч ирэх тавдугаар сарын 6-ныг хүртэл иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан билээ. Энэ хугацаанд тус улсын үндэсний баяр болох учир олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс хорио цээрийн хатуу дэглэм тогтоожээ.