АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хумхааны эсрэг гидроксихлорохин болон хлорохин эм КОВИД-19 эмчилгээнд үр дүнтэй гэж мэдэгдсэний дараа эдгээр эмийн эрэлт 46 дахин нэмэгдсэн тухай New York Times сонинд мэдээлжээ.
Эл хоёр эм коронавирусний эсрэг үр дүнтэй үйлчилгээ үзүүлж байгаа нь одоогоор нотлогдоогүй ч эмч нар өнгөрсөн хугацаанд нийт 32 мянган жор бичсэн байна. Дөрөвдүгээр сарын эхээр эдгээр эмийн жорыг бичих нь багассан ч энгийн үетэй харьцуулахад зургаа дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
Мэргэжилтнүүд КОВИД-19 эмчилгээний эмийн жагсаалтад албан ёсоор оруулаагүй гидроксихлорохин болон хлорохин эмийг санал болгох нь аюултай гэдгийг анхааруулж байна. Учир нь эдгээр эмийн сөрөг нөлөө эрсдэл дагуулж болзошгүй гэж тэд үзэж байна. Өнгөрсөн лхагва гарагт анагаах ухааны medRxiv цахим хэвлэлд АНУ-д гидроксихлорохин эм хэрэглэсэн өвчтөнүүдийн дунд нас баралт өндөр байгаа талаар мэдээлжээ. Судалгаанд 368 өвчтөн оролцсоноос 97 нь энэ эмийг хэрэглэсэн бөгөөд эдгээрийн дунд нас баралтын түвшин 27.8 хувьд хүрсэн бол энэ эмийг хэрэглээгүй 158 өвчтөнүүдийн дунд нас баралтын түвшин 11.4 хувьтай байсан байна. 113 өвчтөн гидроксихлорохин эмийг азитромицин антибиотиктой хавсран хэрэглэсэн бөгөөд тэдний дунд нас баралтын түвшин 22.1 хувьтай байжээ. Судалгааг Өмнөд Каролина, Виржиниа мужийн эрдэмтэд хамтран явуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )