Европын орнууд хорио цээрийн дэглэмийг СУЛРУУЛЖ байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Европын хэд хэдэн улс даваа гарагаас эхлэн цар тахалтай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмээ сулруулж эхэлжээ.

Чехийн Засгийн газар өнгөрсөн баасан гарагаас эхлэн гадаад улс орнуудад зорчих, чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн бөгөөд ингэхдээ нэг дор 10 хүртэл хүн цугларахыг зөвшөөрсөн байна. Энэ сарын 27-ноос эхлэн 2.5 мянга хүртэл кв. метр талбай бүхий дэлгүүр, үйлчилгээний газар, фитнес төв, номын сан болон задгай дээвэртэй амьтны хүрээлэнгүүд үүдээ нээж байна. Түүнчлэн, сүм, хийдүүд ном хурж, сүсэгтэн олонд үйлчилж эхэлжээ.

Хорватын Засгийн газар эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг сэргээж байна. Даваа гарагаас эхлэн тус улсад дэлгүүрүүд үүдээ нээж байгаа бол тав, зургаадугаар сард хот хоорондын болон олон улсын тээврийн үйлчилгээг сэргээж, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, спорт, соёлын төвүүдийг нээхээр төлөвлөжээ.

Швейцарт хорио цээрийн дэглэмийг гурван үе шаттай цуцлахаар төлөвлөж байна. Энэ сарын 27-ноос эхлэн шүдний тасаг, гоо сайхан, массажны салон, машин угаалгын газар, ахуйн хэрэглээний барааны дэлгүүрүүд нээгдэж байна.

Грек улсад хорио цээрийн дэглэмийг 63 хоногийн турш үе шаттай цуцлах бөгөөд төлөвлөгөөг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан эргэн харах аж. Даваа гарагаас эхлэн тус улсад зарим төрийн үйлчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн үйлчилгээ сэргэж, анхан шатны шүүх үйл ажиллагаагаа сэргээж байна.

Гүржийн Засгийн газар даваа гарагаас эхлэн хөнгөн тэрэг, таксигаар зорчих, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээг сэргээж, задгай дээвэртэй хүнсний ногооны захыг нээх зөвшөөрөл олгоод байна.

Европт хамгийн хатуу хорио цээрийн арга хэмжээ авсан Испанид ард иргэд нь зөвхөн хүнс, эм худалдан авах, эмнэлэгт очих, шаардлагатай тохиолдолд хүмүүст тусламж үзүүлэх, ажилдаа явах, нохой салхилуулахын тулд гэрээсээ гарахыг зөвшөөрч байна.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг ирэх сарын 9-нийг хүртэл сунгах тухай хүсэлтийг парламентад танилцуулахаар төлөвлөж байна. Гэхдээ даваа гарагаас эхлэн 14 хүртэлх насны хүүхдүүдэд салхилахаар гэрээсээ гарахыг зөвшөөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top