КОВИД-19 | ХӨСҮТ-ийн 19 ажилтнаас коронавирус илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, эмчилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 2020.04.27

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрөөс хойш коронавирусний шинэ тохиолдол Монгол Улсад нэмж илрээгүй. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирусний халдвар авсан Франц улсын иргэний шат шатны шинжилгээний дүн сайн гарч, Франц иргэн эдгэрлээ. Түүнийг сувилалд шилжүүлсэн. Нийтдээ 47 хоног эмчлүүлсэн. Францын иргэнд уушгины нэвчдсийг шимэгдүүлэх зэрэг шинжилгээг өдөр болгон хийж байсан. Анх ирэхдээ хүнд байсан. Бид эмчилж чадлаа. Тэр өдрөөс эхлэн Монгол улс дэлхийн анхаарлын төд байсан шүү. Бидний энэ тус монголчуудад минь ирэх болтугай" гэсэн мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч нарыг хамруулсан 19 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. 

ХӨСҮТ-ийн зүгээс эмнэлгийн ажилтнуудад цаг тухай бүрт нь шинжилгээ авдаг гэдгийг тодотгосон юм.

“ХӨСҮТ-ийн зүгээс эмнэлгийн ажилтнуудад тусгаарлалтад орохоос өмнө шинжилгээнд хамруулж, уушгины зургийг нь авдаг. Улмаар 14 хоногийн тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээнд хамруулдаг юм. Эмч, эмнэлгийн ажилтнуудад шат дараатай шинжилгээ авдаг гэдгийг хариуцлагатай мэдэгдье” гэж ХӨСҮТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Нямхүү ярилаа.

Түүнчлэн ХӨСҮТ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторийн хяналтад байсан 161 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй, ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж буй 48 оюутны шинжилгээнээс мөн коронавирус илрээгүй. Тандалтаар таван хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 15 жолоочоос коронавирусийн халдвар илрээгүй гэсэн мэдээллийг ЭМЯ тодотголоо. 

Top