Хятад улсад коронавирусний халдвартай 723 хүн үлджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

 
Хятад улсад өнгөрсөн нэг хоногт 77 хүн эдгэрснээр шинэ төрлийн коронавирусний халдвартай нийт 723 хүн үлдээд байна.

Тус улсад сүүлийн хэдэн хоногт нас баралт бүртгэгдээгүй байна.

БНХАУ-ын эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдээллээр, сүүлийн нэг хоногт гурван шинэ тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь зөөвөрлөгдөн орж иржээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад нийт 1636 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээс 1009 нь эдгэрчээ.

Дэлхийд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын гадаад хэргийн яам ард иргэдээ гадаад руу зорчихгүй байхыг зөвлөж байна. БНХАУ-д КОВИД-19-өөр өвчилсөн нийт хүний 93.5 хувь нь бүрэн эдгэрээд байна. Өнгөрсөн хугацаанд тус улсад 83804 халдварын тохиолдол бүртгэгдэж, 4633 хүн нас баржээ. Нас баралтын түвшин 5.59 хувьтай байна.

Нэгдүгээр улиралд уналтад орсон Хятадын эдийн засаг сүүлийн үед эрчимтэй өсөж эхэлжээ. Хотуудад нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдэж байгаа бол олон тооны ресторан, кафенууд үүд хаалгаа нээгээд байна. Гэсэн хэдий ч аюулгүй байдлыг хангах үүднээс олон нийтийн газар онцгой дүрэм үйлчилсэн хэвээр байна. Түүнчлэн, тус улсад шинж тэмдэггүй халдварын 974 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 25 нь сүүлийн нэг хоногт бүртгэгджээ. Одоогоор халдвар өндөр байгаа буюу 367 тохиолдолтой Хармөрөн муж үлдээд байна. Тус улсын засаг захиргааны 31 нэгжээс 15-д нь КОВИД-19 өвчтэй хүн үлдээгүй байна. Үүнд Түвэд, Шинжян-Уйгарын өөртөө засах бүс, Хайнань арал, халдварын голомт болоод байсан Хубэй муж оржээ. Бусад муж, хотуудад халдварын тохиолдол 1-70 хооронд хэлбэлзэж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад халдвар авсан хүмүүстэй харьцсан нийт 8.4 мянга гаруй хүн эмч нарын хяналтад байгаа аж. Мөн 10 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Өдгөө 52 өвчтөний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.44) 2020 оны 04 сарын 27

Халдварын давалгаа дуусжээ

0  |  0
Top