Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.04.29/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Одоогийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3,2 сая халдварын тохиолдол илэрсэн. 217 мянган хүн нас барж, 951 мянган хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм. ОХУ-д сүүлийн 24 цагт 6411 тохиолдол илэрч, нийт өвчтөний тоо 93 мянгад хүрээд байна. ОХУ-д тавдугаар сард Ялалтын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Ерөнхийлөгч В.Путин хөл хориог энэ сарын 12 хүртэл сунгалаа. Тэрбээр коронавирустэй холбоотойгоор ард түмэндээ хандан, гурав дахв мэдэгдлээ хийлээ. Энэ удаад "Халдварын оргил үе болоогүй байна. Бид дэлхийн хоёрдугаар дайнаас хойшх хамгийн хүнд үетэйгээ тулгарлаа. Эмч, сувилагч нар вирустэй эхний эгнээнд тулалдаж байна" гэж мэдэгдсэн юм.
ОХУ-д эдгэрсэн 16 хүний цусны сийвэнг эмчилгээнд ашиглахад үр дүнтэй байгаа нь мэдэгджээ. ОХУ-д илэрсэн тохиолдлын 43 хувь нь шинж тэмдэггүй халдвар байлаа.
Манай улсад нийт 735 хүн ажиглалтад байна. Сүүлийн 14 хоногт гадаадад байгаа таван монгол иргэний хариу эерэг гарсан байна. Тэдэнд ЭМЯ-наас утсаар зөвлөгөө өгч байгаа.
Харин Монголд хийсэн 315 шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Сүүлийн үед дулаарсантай холбоотойгоор гадуур хүүхдүүд амны хаалтгүй гарч байгаа тул ЭМЯ-наас хүүхдэдээ заавал маск зүүлгэхийг анхаарууллаа.
ШУУД ҮЗЭХ