Британийн эмч нарт хандив цуглуулсан ахмад дайчинд хурандаа цол олгожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Шинэ төрлийн коронавирустэй тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад нийт 37 сая ам.долларын хандив цуглуулсан Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Том Мур өнөөдөр /2020.04.30/ 100 насны ойтой золгож байна. Тэрбээр одоогоор 125 мянга гаруй баярын цахилгаан аваад байгаа бөгөөд төрсөн өдрийн бэлэг болгож цолыг нь нэмж, гэрийнх нь дээгүүр Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Spitfire бөмбөгдөгч онгоц зэрэг цэргийн нисэх онгоцнууд нисэж, баяр хүргэх гэнэ.

Их Британийн зэвсэгт хүчний чөлөөнд гарсан ахмад Том Мур цар тахалтай тэмцэж буй цагаан халааттай баатруудад зориулан хандив цуглуулахын тулд дугутай алхуулагчийн тусламжтайгаар гэрийнхээ цэцэрлэгийг тойрон, дүрс бичлэгээ интернетэд байршуулсан нь түүнийг дэлхийд алдартай нэгэн болгоод байна. Тэрбээр 100 насныхаа ойд зориулж цэцэрлэгээ 100 удаа тойрно гэж амласан ч 200 удаа тойрсон байна. Мурын энэ санаачилга олон нийтийн анхаарлыг татаж, төлөвлөж байснаасаа ч илүү хандив цуглуулж чаджээ. Ахмад дайчны дээд амжилт үүгээр зогссонгүй. Гэнэтийн алдар хүндтэй хамт тэрбээр Их Британийн хөгжмийн хит парадад эхний байрыг эзэлсэн түүхэн дэх хамгийн өндөр настай уран бүтээлчээр тодорчээ. Британийн тенор Майкл Боллтой хамтран өмнө нь бичүүлж байсан “You"ll Never Walk Alone” дуу олон хоногийн турш Их Британийн “iTunes” чартыг тэргүүлсэн байна.

Төрсөн өдрөөр нь ахмад Том Мурт Британийн зэвсэгт хүчний хүндэт хурандаа цол олгохоор болжээ. Түүнчлэн түүнд Их Британийн өнцөг булан бүрээс мэндчилгээ ирүүлсээр байгаа аж. Sky News сувгаар ахмад дайчны ач хүү сурдаг сургуулийн зааланд түүнд зориулсан баярын мэндчилгээг өрж тавьсныг харуулжээ. Их Британийн ханхүү Уильям, түүний гэргий Кейт Миддлтон нар мөн баярын ил захидал ирүүлсэн байна. Хатан хааны шуудангийн албан Томас Мурын 100 насны ойд зориулан хийсэн дардсыг энэ өдөр хүргэгдэх бүх илгээмж дээр дарах аж. “Үндэсний эрүүл мэндийн албанд зориулж хандив цуглуулсан баатар, ахмад Томас Мурт 100 насны баярын мэнд хүргэе” гэсэн үгтэй дардсыг түүнд зориулж гаргасан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.112) 2020 оны 04 сарын 30

аягүй хөөрхөн анх 1250 доллар л цуглуулах зорилготой байсан гэтэл үр дүн ямар байв хардаа чин сэтгэлийн юм бүхэн ийм далайцтай төрсөн өдрийн мэнд хурандаа Том Мур

2  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 30

yneheer saihan setgeltei ovgon chin setgeeleeree odor bolgon odorjingoo alhsan ...

3  |  0
Top