Гадаадаас ирсэн иргэдээс ТАВАН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.01/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,25 сая халдварын тохиолдол илэрч, 233 мянган хүн нас барж, 1 сая хүн эдгэрсэн байна. Дэлхийд нийтэд 2 сая хүн эмчлүүлж байгаа юм. Төв Азийн Тажикистан, Коморын аралд анхны халдвар илэрсэн байна. 

Өчигдөр /2020.04.30/ 20.40 цаг орчим Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгийн онгоцоор долоон улсаас 278 монгол иргэн эх орондоо ирсэн. Тэднийг 21 хоног тусгаарлана. Тэдний дотор жирэмсэн эмэгтэй 13, өндөр настан 29, эрүүл мэндийн шалтгаантай 43, хүүхэд 95 байна. Шинжилгээний эхний хариу нь маргааш гарах юм.

Тавдугаар сарын 02-нд Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ. Гадаадаас ирсэн бүх иргэнийг байнгын хяналтад байлгана.

Өчигдөр ирсэн хүмүүсээс таван хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлалаа.

Хүн бүр маш анхааралтай байхгүй бол дотоодод халдварын эрсдэл гарахыг анхааруулав.  Мөн хүмүүс гадуур хүүхдүүдээ дагуулан явах нь нэмэгдэж байгаа тул олон нийтийн газарт хүүхэд дагуулж явахгүй байх, зайлшгүй тохиолдолд амны хаалт зүүлгэхийг санууллаа.

Өчигдөр хийсэн шинжилгээгээр Монгол Улсад коронавирусний шинэ тохиолдол илрээгүй байна. Эмчлэгдэж байгаа 28 хүний биеийн байдал хэвээр байгаа гэж ЭМЯ мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ
 

Top