Дэлхий дахинд коронавирусний нийт халдварын 46 хувийг Европ тив эзэлж байна. Их Британийн Эдинбургийн их сургууль, Лондоны Эзэн хааны коллеж зэрэг хэд хэдэн сургууль нийт 166 эмнэлгийг хамруулж судалгаа хийжээ. Судалгаанаас үзэхэд, коронавирусний халдвартай өвчтөнүүдийн 49 хувь нь эдгэрч, 33 хувь нь нас барж, үлдсэн хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Амьсгалын аппаратад орсон өвчтөнүүдийн 53 хувь нь нас барж, 20 хувь нь эдгэрч байна гэв.
Уушги, зүрх, бөөрний архаг суурь өвчинтэй байх нь энэхүү цар тахлаар нас барах эрсдэлтэй болгож байгаа аж. Мөн эрэгтэйчүүд болон таргалалттай хүмүүс дунд нас баралт зонхилж байгааг судалгаагаар тогтоожээ. Тарган хүмүүсийн уушгины үйл ажиллагаа бууралттай байхаас гадна дархлаа сул байгаа нь амь насанд аюултай болгосон байна.
ДЭМБ-аас цар тахал бидний урд байна, зарим газар оргил үедээ ч хүрээгүй байна гэсэн анхааруулгыг өгч байгаа юм.
Коронавирусний тархалттай холбоотой нийт 11225 судалгаа шинжилгээний өгүүлэл нийтлэгдсэнээс 83 хувь нь вакцины талаар байжээ.