АНУ-ын холбогдох албан тушаалтнууд Хятад улс шинэ төрлийн коронавирусний тархалттай тэмцэхэд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхийн тулд КОВИД-19 халдварын дэгдэлтийн хүрээ, хоруу чанарын талаарх мэдээллийн нуун дарагдуулсан хэмээн үзэж байна гэж Ассошиэйтед Пресс агентлаг тагнуулын баримт бичийг иш татан мэдээлжээ.
Халдварт өвчний аюултай нөхцөл байдлыг бууруулснаар Хятад улс эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүн, хэрэгслийн импортыг нэмэгдүүлж, экспортыг бууруулсан гэж илтгэлд дурджээ. Ингэхдээ экспортод хязгаарлалт тавьснаа үгүйсгэж, худалдааны мэдээллээ хоцрогдуулж, будлиулах замаар дээрх мэдээллийг нуун дарагдуулахыг оролдсон гэж онцолжээ. Илтгэлд дурдсанчлан, Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сарын турш коронавирусний хоруу чанарын талаарх мэдээллээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нуужээ. Хятадын экспорт, импортын хэмжээ ердийн үеийнхээс ихээхэн өөрчлөгдсөн нь энэхүү дүгнэлт 95 хувийн магадлалтай болохыг гэрчилж байна.
Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ коронавирус Хятадын Ухань хотын лабораторид үүссэн байж болзошгүй гэх таамгийг судалж байгаа бөгөөд гарал үүслийг нь тогтооно гэж мэдэгдэж байсан билээ. Тэрбээр Бээжин КОВИД-19 халдварыг санаатайгаар дэгдээсэн нь нотлогдвол хариуцлага тооцох болно гэж Хятадад сүрдүүлсэн.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам Хятад улс анхнаасаа коронавирусний халдварын талаарх мэдээллийг хүргэх чиглэлээр нээлттэй, хариуцлагатай байр суурь баримталж эхэлсэн гэж нэг бус удаа мэдэгдсэн билээ.