КОВИД 19 | ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тархалт, нас баралт ихтэй байгаа орнуудад тархалт, нас баралт буурах хандлагатай байна. Дэлхийд нас баралт долоон хувьтай байгаа аж.

Халдварын тархалт Сингапур, Филиппинд их хэвээр байгаа бол хойд хөрш ОХУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсээр байна. 10600 гаруй шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 134 мянга давжээ. Батлагдсан тохиолдлуудад эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй байгаа аж. Орост нас баралт 1280 болжээ.

Тэгвэл Бразилд 101 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нас баралт 7000 давсан байна. Сингапурт 657 тохиолдол шинээр илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тоо 18200 болжээ. Японд 200 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт нас баралт 549 болсны 13 нь “Даймонд Принцесс” хөлөг онгоцны зорчигч аж.

БНСУ-д зайнаас харилцах болон бусад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг бууруулж, цуцална гэсэн бол Тайланд мөн зарим хатуу арга хэмжээгээ сулруулахаар болжээ.

ДЭМБ-аас улс орнуудад хандан тархалтын байдлыг харж, бүсчилсэн байдлаар хөл хориог сулруулахыг анхааруулж байна. Мөн хэдэн хүн халдварт өртөх, тоног төхөөрөмж хүрэлцээтэй байгаа эсэх зэрэг зайлшгүй шаардлагатай нөөцийг тооцох аргачлалын шинэчилсэн хувилбарыг ДЭМБ гаргажээ.

Итали, Испани, Франц зэрэг улсад хоногт 100 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд Итали улс хөл хориогоо сулруулах арга хэмжээ авч байна.

 

Top