Дэлхий дахинд коронавирусний халдвараар 3.5 сая хүн өвчилж, 1.1 сая нь эдгэрээд байна. АНУ, Испани, Итали, Франц, Герман, ОХУ, Турк, Иран, Бразил улсад халдвар болон нас баралтын тоо өндөр байгаа юм.
Орост хоногт 10500 гаруй тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдол нийт 145 мянга гаруй болжээ. Хойд хөршид 1356 хүн нас бараад байна.
Бразил улс өнгөрсөн долоо хоногт нийт халдварын тоогоор БНХАУ-ыг давсан билээ. Өмнөд Америкт Чилид халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Номхон далайн баруун бүсэд Хятадын дараа Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Австрали, Малайз зэрэг улсад коронавирусний халдварын тоо өндөр байгаа юм.
Японд хоногт 176 шинэ тохиолдол, 100 нас баралт бүртгэгджээ. Тус улсад анх онц байдал зарласан үеэс хойш тархалт 3.1 хувиар буурсан байна. Тархалтыг хязгаарлаж чадаж байгаа ч эмнэлгийн байгууллагуудад хүндрэл байсаар байгаа аж.
Билл болон Мелинда Гейтсийн сан, Европын холбоо зэрэг хэд хэдэн байгууллагаас хандив өргөх цахим уулзалтыг зохион байгуулж, 30 гаруй улс нийлээд нийт найман тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Энэхүү санхүүжилтийг коронавирусний эсрэг вакцин, эм гаргаж авах, судалгааг хөгжүүлэхэд зарцуулах аж.
Коронавирусний халдвараар хүн бүр өвчлөх эрсдэлтэй учир халдвар аваад эдгэрсэн ч байсан, эрүүл байсан ч эрсдэл байсаар байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.
Сүүлийн үед өвлөл шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч байгаа учир олон нийтийн газар нэгнээсээ зай барьж явах, амны хаалт зүүх, гараа угаах зэрэг эрүүл ахуйн дүрэм журмыг сайтар баримтлаарай.