Нэгэн үед ядуусын гэх тодотголтой байсан хоол орчин цагт үнэтэй рестораны цэсэнд бий. Олон зууны туршид эдгээр хоол нь өөрчлөгдөж, тогооч нар үнэтэй орцоор баяжуулан чимэглэх болжээ.
Паста
Италид паста Дундад зууны үед дэлгэрчээ. Тухайн үед пастаг элсэн чихрээр амталсан сүүнд болгодог байсан гэнэ. Сэргэн мандалтын үед пастаг бэлтгэх соёл ихээхэн хөгжиж, оливын тос, бяслагаар амтлах болжээ. Орчин цагт үнэтэй рестораны цэсэнд ороод буй паста XIV зуунд ядуусыг өлбөрч үхэхээс аварч байв. Ингэхдээ пастаг гараараа иддэг байжээ. Учир нь халбага, сэрээ зөвхөн баячуудын тансаг хэрэглээ байсан аж. XVI зуунд нөхцөл байдал өөрчлөгдөж, пастагаар баярын ширээ чимж, үд, оройн зоог болжээ. Хожим нь паста үндэстний хэмжээний хоолны нэгэн төрөл болсон бөгөөд өдгөө муж, бүс нутаг бүр өөрийн уламжлалт жороор бахархдаг.
Пицца
Пиццатай төстэй хоол эртний Ромд дэлгэрчээ. Орчин цагийн хувилбар нь XVI зуунд гарчээ. Тухайн үед ядуусын энэхүү хоолны орцонд улаан буудайн гамбир, улаан лооль, оливын тос, амтлагч ургамал ордог байж. Италийн хатан хаан Маргарита саваагүй зан энэ хоолыг ихэс дээдсийн ширээнд “залжээ”. Түүний ядуусын хоол амсаж үзэх хүслийг тогооч нь Италийн далбааны өнгөөр чимэглэсэн пиццагаар дайлж биелүүлсэн байна. Тэр цагаас хойш “Маргарита” пицца дэлхийд түгжээ. Он цагийн явцад олон төрлийн пицца гарсан бөгөөд өөр хоорондоо орц, сүмсээр ялгагддаг.
Тирамису
Тирамису нь Италийн харьцангуй шинэ цагийн буюу ХХ зууны дунд үед гарч ирсэн амттан. Тирамисугийн эх орон нь Тревизо хот юм. Дайны дараах үед хүмүүст хүчээ сэлбэх шаардлага гарсан тул элсэн чихэр, уургийг их хэмжээгээр хэрэглэх болжээ. Өнгөрсөн зууны 60-аад оны үед ч тэр, орчин цагт ч тэр эл амттаныг гэртээ бэлтгэхэд хялбар. Тиймээс Италийн гэрийн эзэгтэй нарын гал тогоонд савоярди жигнэмэг үргэлж байдаг. Гэсэн ч тирамисуг Европын ихэнх ресторан, кафед санал болгосоор иржээ.
Киноа
Цагаан, ногоо хоолтнууд болон жингээ барьж буй хүмүүс киноа ашиг тустай гэж нэгэн дуугаар хэлдэг. Инкуудын “алтан үр” амин дэм, тэжээллэг бодисоор үнэхээр баялаг. Гэхдээ киноа үргэлж эрэлттэй байгаагүй. Эрт үед киноа үр тариаг зөвхөн Өмнөд Америкт тариалдаг байж. Испанийн эзлэн түрэмгийлэгчид инкуудын соёлыг тэр бүр сайшаадаггүй байсан тул ХХ зуунд л дэлхий киноагийн ашиг тусын талаар мэджээ. Харин өдгөө киноа “алдрын оргилд” хүрээд байна.
Сонгинотой шөл
Францын сонгинотой шөл XVII зуун ядуусын хоол байв. Далайчдын шараа тайлах гол арга байжээ. Мөн ийм зорилгоор Парисын худалдаачид зооглодог байсан аж. Учир нь сонгинотой шөлийг дарс эсвэл херес дарсаар бэлтгэдэг. Дулаацахын тулд ядуусын иддэг шөлийг XV Людовик хаан таалснаар ихээхэн дэлгэрсэн түүхтэй. Мэдээж хэрэг мөнгөний хэмжээнээс шөлний амт хамаардаг байж. Харин одоо цагт сонгинотой шөл ресторан бүрийн цэсэнд ордог болжээ.
Суши
Суши нь Японы уламжлалт хоолны нэг. Түүнийг бэлтгэх жор XVII зуунаас дэлгэрчээ. Гэхдээ эхэн үедээ сушиг даршилсан загасаар хийдэг байж. Далайн орон болох Японд суши нь загасчдын гол хоол байжээ. Харин Америк, Европт тивд ХХ зууны дунд үеэс эхлэн ихээхэн дэлгэрсэн байна.
Бигос
Энэхүү хоолны түүх XVII зуунаас эхлэлтэй. Тухайн үед тариачид гол төлөв байцаагаар хийдэг байж. Анчид бигосыг ангийн махаар баяжуулсан бол баячууд мах, утсан махтай бигос зооглодог байсан аж. Өдгөө бигос хоолны орц баялаг болсон ч зөвхөн байцаа уламжлал болон үлджээ.
Сэтгэгдэл ( 0 )