АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүдийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах зөвшөөрөл олгох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Хориг арга хэмжээг АНУ-ын цэргийн алба хаагчдын Афганистан цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг шалгаж байгаа ОУЭШ-ийн гишүүдийн эсрэг авах аж.
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг /ОУЭШ/ нэг талыг барьсан мөрдөн шалгалт хийсэн, авлигын хэрэгт буруутгаж байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кейли Макинани мэдэгджээ. АНУ болон холбоотнуудын зүгээс удаа дараа Олон улсын эрүүгийн шүүхийг шинэчлэхийг уриалсан ч тус байгууллага шинэчлэл хийх алхам аваагүйгээр үл барам АНУ, Израил зэрэг холбоотнуудын эсрэг улс төрийн зорилготой шалгалт хийсээр ирсэн гэж мэдэгдэлд онцолжээ.
ОУЭШ-ийн прокурор Фату Бенсуда 2017 онд АНУ-ын цэргийн алба хаагч, Холбооны мөрдөх товчоо болон Афганистаны аюулгүй албаны үйлдсэн гэх цэргийн гэмт хэргийг болон хэт даврагчдын “Талибан” бүлэглэлийн үйлдсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шалгах зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргаж байжээ. ОУЭШ энэхүү хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрөл олгосон байна. 2019 онд АНУ эдгээр хэргийг шалгаж буй ОУЭШ-ийн албан тушаалтнуудын эсрэг визийн хориг арга хэмжээ авсан.
Нидерландын Гааг хот дахь ОУЭШ АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг хатуу шүүмжилжээ. Энэ алхам нь асуудлыг хурцатгах, хууль дээдлэх ёс, шүүхийн процедурт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж ОУЭШ онцлоод ОУЭШ-д халдах нь хэрцгий гэмт хэргийн хохирогчдын эрх ашигт халдаж буйтай агаар нэг бөгөөд тэдний хувьд шүүх нь шударга ёсыг тогтоох эцсийн найдвар юм гэжээ.
Вашингтон 2002 онд байгуулагдсан Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрдөггүй бол Афганистан ОУЭШ-ийн гишүүн ч хамтран ажиллахаас татгалздаг байна.
Сэтгэгдэл ( 0 )