Дэлхий дахинд цөмийн зэвсгийн нөөц цөөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

АНУ, ОХУ-ын ачаар дэлхий дахинд цөмийн зэвсгийн нөөц буурч байгаа хэдий ч цөмийн улс орнууд ийм төрлийн зэвсгээ улам боловсронгуй болгож байна гэж Стокгольмын энх тайвны асуудлыг судлах олон улсын хүрээлэнгийн тайланд дурджээ.

2020 оны эхээр АНУ, ОХУ, Их Британи, Франц, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Израил болон БНАСАУ зэрэг есөн орон нийт 13.4 мянган цөмийн цэнэгт хошуутай байжээ. Өнгөрсөн оны мөн үед энэ тоо 13.9 мянга байсан аж. Цөмийн цэнэгт хошууны нөөц бүхэлдээ цөөрч байгаа нь юуны өмнө ОХУ, АНУ зэвсэглэлийн бүрэлдэхүүнээс гарсан цэнэгт хошууг устгаж буйтай холбоотой гэж тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд онцолжээ. Ингэхдээ тус хоёр улс цөмийн цэнэгт хошуу, пуужин, онгоц тээвэрлэх систем болон зэвсэг үйлдвэрлэх объектуудаа шинэчлэх, боловсронгуй болгох өндөр өртөгтэй өргөн хүрээний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бусад цөмийн зэвсэгтэй улс гүрнүүдийн нөөц ОХУ, АНУ-г бодвол бага ч бүгд цөмийн зэвсэг тээвэрлэх шинэ систем хөгжүүлж эхэлсэн ба эсвэл энэ тухай мэдэгдээд байна. БНХАУ гэхэд цөмийн зэвсгээ боловсронгуй болгох, өргөжүүлэх тал дээр замын дунд хүрээд байна гэж шинжээчид тодруулжээ. Энэтхэг, Пакистан цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж байгаа бол Хойд Солонгос цөмийн хөтөлбөртөө тэргүүлэх чиглэлийн ач холбогдол өгсөөр байна гэж тус хүрээлэнгийн тайланд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top