ОЛОН ӨНГӨ: Их хотын соёлыг түгээгчид

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Аливаа зүйлийг яг тэр чигээр нь олон дахин давтаад хийвэл өөрийн мэдэлгүй зуршил буюу дадал болчихдог. Миний хувьд гэхэд хаанаас ч билээ уншсан дүрмийн дагуу хэзээнээс ч билээ автобуснаас буугаад араар нь тойрч гарцаар гардаг зуршилтай болчихсон байлаа. Өөрөөр хэлбэл, автобусны урдуур зам хөндлөн гардаггүй.

Энэ зуршлынхаа дагуу автобуснаас буугаад хойш алхаж байтал миний өмнө явган хүний замаар явж буй 40 эргэм насны ах хэн нэгэн хүний татаад хаясан тамхины ишийг хогийн сав руу авч хийнгээ 100 гаруй метрийн цаана харагдах явган хүний гарцыг миний адил чиглэн алхана. Тэр хүн аль болох гарцаар гарахыг эрхэмлэдэг бололтой. Түүний бяцхан боловч ухамсарт үйлдлүүд нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.

Цаашлаад ууланд алхаж, хол газар руу аяллаар явахдаа хүртэл бусдын тарьсан хогийг цэвэрлэж явдаг сайхан хүмүүс цөөнгүй болсныг саналаа. Хүн бүхэн тэдэн шиг бол ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр байсхийгээд л яриад байдаг нөгөө “Хотын соёл, хотын соёлтой иргэн” гээч нь хялбар бүрэлдэх ажил. Харамсалтай нь, манай хотын ухамсарт иргэдийн цөөнгүй хэсэг нь бусдын шидсэн хогийг түүж хаях нь байтугай өөрийн татсан тамхины ишээ хогийн сав руу хийхээс ч залхуурдаг. Яг хажууд нь гарц байсаар байтал автомашины зорчих хэсгээр тэс хөндлөн зам гардаг. Хурдны замаар ч гэнэтхэн гүйгээд л ороод ирэх нь даанч аюултай. Дөнгөж ургаж ядаж байгаа ногоон байгууламжийн дээгүүр юу ч бодолгүй гишгэлэхийг яана. Угтаа бол гудамжинд хог хаяхгүй байж, гарцаар гарах нь 21 дүгээр зууны хүн төрөлхтний хувьд наад захын дадал шүү дээ. Энэ бол хүн өглөө босоод нүүрээ угаадаг шиг энгийн л дадал, зуршил болох ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top