АНУ нийт долоон тэрбум ам.долларын өртөг бүхий усан дор ашигладаг тэсрэх бөмбөг, далавчит пуужин, нисгэгчгүй аппарат зэрэг зэвсгийг Тайваньд нийлүүлэхээр зэхэж байна гэж “Financial Times” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.
Өнгөрсөн онд Вашингтон Тайбэйд найман тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх хэлэлцээр байгуулах тохиролцоонд мөн хүрч байсан билээ. Ингэснээр Тайванийн батлан хамгаалах үзэл баримтлалыг дэмжих боломжтой болно гэж Вашингтон дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээч Бонни Глейзерийн хэлснийг тус сонин иш татжээ.
Хонконг дахь нөхцөл байдлаас шалтгаалан Вашингтон, Бээжингийн харилцаа хурцдаад буй энэ үед Цагаан ордон Тайваньтай харилцаагаа идэвхжүүлж байна гэж ажиглагчид онцлох болсон. Өнгөрсөн наймдугаар сарын 9-12-нд АНУ-ын эрүүл мэнд, нийгмийн албаны сайд Алекс Азар Тайбэйд зочилсон нь Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн. Пүрэв гарагт /2020.09.17/ АНУ-ын төрийн департаментын орлогч дарга Кейт Крач Тайбэйд мөн гурван хоногийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Тэрбээр 1979 оноос хойш энэ аралд айлчилж буй АНУ-ын Төрийн департаментын анхны өндөр албан тушаалтан болж байгаа юм. 1979 онд Вашингтон Тайбэйтэй тогтоосон дипломат харилцаагаа тасалж, Бээжинтэй дипломат харилцаа тогтоож байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )