Өдийд Дорно нутагт минь өвс шаргалтан өндөлзөж, зээрийн сүрэг шаргалтаад адуу малтайгаа бэлчээр нэгсэн яваа даа. Энэ л орчлонгийн учир шалтгаанд одох эс одохын шалтгаан дүүрэн буй. Шувуудаа буцахыг мэдсэн нуур усан цалгиж, нулимсан дунд буурал хайрхан дүнхийж харагдаа даа.
Өчигдрийн наран өнөөдөр ахиад мандахгүй ч өглөө бүхэн шинээр ургах ертөнцийн шалтгаан дор амьдарч байгаа учраас орчлонгийн юмс бүхнийг даган амьдардаг хүмүүний ёсон аж. Өвгөн сарны дор он цаг эргэж, өндөр тэнгэрийн үүлс газарт унаад өргөн талын элгэнд нуур болох нь бас л хурмастын шалтгаан. Хүнийг шалгасан байгаль дэлхийн араншин.
Хүмүүн бид хаашаа ч зайлахгүй энэ л шалтгаан дунд амьдарнам. Өдийд миний нутагт намраас өвөл рүү очиж яваа нулимсан хяруутай нүүдлийн замд хүн төрж, бас бурхан болж өнөөх л учир шалтгаанаа даган буй. Гэхдээ говь, талын намрын уртыг хэлж барах биш дээ. Хүн зон нь өвөл болохгүй юм шиг налайж, мал сүрэг нь цас унахгүй юм шиг бэлчиж байгаа биз ээ. Ёстой л “Зуны сарыг зургаа юм шиг санан” найрлаж байгаа даа. Амьдрал үнэний зам дээр хоёр нь учран жаргаж байхад хоёр нь хагцан шаналж, алсаас гийчин ирж байхад алсад хүүгээ зөрүүлэн үдэх түмэн шалтгаантай тэр л намар нутагт минь ирчихсэн байгаа. Эцэст нь эргэх цагийн тэнхлэг дагаж, энэ ертөнц өтлөх хамгийн том шалтгаан л нутагт минь үлдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )