Дэлхийн зүрхний холбооны санаачилгаар 2000 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 29-ний өдөр зүрх, судасны өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн зүрхний өдрийг тэмдэглэдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхийн хэмжээнд зүрх судасны өвчин нас баралтын үндсэн шалтгаан болдог бөгөөд жилд 17.5 сая хүний аминд хүрдэг байна. Ингэхдээ ийм шалтгаантай нас баралтын 75 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад ногддог байна.
2030 он гэхэд зүрх, судасны өвчний улмаас дэлхий дахинд 23.6 сая хүн нас барна гэж ДЭМБ сэрэмжлүүлж байна. Эрсдэлтэй бүлэгт зөвхөн өндөр настнууд төдийгүй 35-аас дээш насны эрчүүд, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд багтдаг аж. Статистикаас үзвэл, зүрх, судасны өвчнөөр эрчүүд, эмэгтэйчүүд ижил шаналдаг ч нас баралтын түвшинд эмэгтэйчүүдийн дунд илүү өндөр байдаг байна. Ингэхдээ эрчүүд ийм шалтгаанаар эмэгтэйчүүдийг бодвол 10 жилээр өмнө нас бардаг гэнэ. Тиймээс эрчүүдийн хувьд хамгийн эрсдэлтэй нас нь 50-60 байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд 65-75 насанд зүрх, судасны өвчний улмаас нас барах эрсдэл өндөр байдаг аж. Эрсдэлийн гол хүчин зүйл нь удамшил, дараа нь буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ, стресс болон хэт таргалалт гэж үздэг байна.
Эрдэмтэд зүрх, судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулахын тулд долоо хоногт 150 минут идэвхтэй, дасгал хөдөлгөөн хийж байхыг зөвлөж байна. Ингэхдээ долоо хоногт нэг, хоёр удаа өдрийн цагаар богино хугацаанд унтаж, амрах нь цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлийг тавин хувиар бууруулдаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
яг л таарч байна халдвар аваад эдгэрсэн гэгдэх тоо нь одоо 24сая гаруй байгаа биз дээ