ОХУ-ын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөөд удаагүй байна. Европын аваргын хос мөнгөн медальт Алена Стародубцевад улсын аваргын медаль олон бий ч энэ жилийн хүрэл медалиа тэр онцгойлон дурсах болно гэдгээ ОХУ-ын Спорт бөхийн холбооны сайтад ярилцлага өгөхдөө хэлжээ. Учир нь Алена энэ жил коронавирусний халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаад спортын дэвжээндээ эргэн ирсэн юм. Ингээд эрэлхэг бүсгүйн ярилцлагыг толилуулья.
-Энэ жилийн УАШТ-д хүрэл медаль хүртлээ.
-Алтан медаль аваагүй нь харамсалтай ч би хүрэл медальдаа баяртай байгаа. Хүрэл медалийн төлөө залуу тамирчинтай барилдсан. Мэдээж түрүүлэх хүсэлтэй байсан ч энэ жил үзэж туулсан бүхнээ бодохоор хүрэл медаль авсан минь хангалттай сайн амжилт. Нэгдүгээр сард би гэмтсэн. Дараа нь Халдвартын эмнэлэгт коронавирус туссан өвчтөнүүд дээр ажиллалаа. Тэнд үзэж харснаа эргэн дурсахыг ч хүсэхгүй байна. Үнэхээр аймшигтай. Тийм болохоор энэ хүрэл медаль миний хувьд онцгой медаль.
-Яагаад тийм аюултай ажил хийх болов?
-Надад эмнэлэгт ажиллах санал тавихад хэн ч зөвшөөрнө гэж бодоогүй. Харин би хүмүүсийн амь насыг аврахыг хүсч байлаа. Аюултай гэж нэг ч удаа бодоогүй. Хамгаалалтын хувцастай зургаан цаг ажиллаад дараа нь нэг цаг кросс гүйж, өдөр болгон бэлтгэл хийж байсан. Бэлтгэл хийж байгаа бичлэгээ багш дасгалжуулагч нартаа илгээнэ. Энэ намар Анагаахын техникумд элссэн. Би хүмүүст тус болмоор байна.
-Эмнэлэгт хэр удаан ажиллав?
-Тавдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 1 хүртэл хоёр сар, 14 хоног. Ажил дуусаад 14 хоног карантинд суугаад цугларалтдаа гарсан. Манайхан нэг удаа л шинжилгээ өгсөн байхад би 38 удаа коронавирусний шинжилгээ өгсөн байлаа.
-Энэ хүнд ажил хийхэд тамирчин хүний тэсвэр хатуужил их хэрэг болсон байх даа.
-Мэдээж, хүнд юм өргөх үе их гарсан. Заримдаа нуруу өвдөнө.
-Тамирчин хүн байж боль гэж хэн ч хэлээгүй юу?
-Ээж намайг эмнэлэгт ажиллаж байгааг мэдээгүй. Бусад нь намайг чадна гэж мэдэж байсан болохоор юм хэлээгүй. Хэрэв одоо дахиад Халдвартын эмнэлэгт ажиллах шаардлага гарвал би өчүүхэн ч эргэлзэхгүй шууд зөвшөөрнө.
-Шигшээ багт ч та эмчийн гол туслах гэж ярьж байсан.
-Багийн эмч Николай Викторович их завгүй хүн. Би сувилагчийн бараг бүх ажлыг хийж чадна. Спорт намайг их зүйлд сургасан. Би анагаах ухааныг эхлээд практик дээр сураад дараа нь сургуульд нь элссэн хэрэг л дээ.
-Анагаахын техникумд суралцаад хажуугаар нь бэлтгэл хийх хэцүү биш байна уу?
-Энэ УАШТ-д бэлтгэхэд маш хэцүү байлаа. Өглөө бэлтгэл хийгээд хичээлдээ явна. Хичээл оройны 20 цаг хүртэл ч би 18.30-д чөлөө авч, бэлтгэлдээ очно. Нэгдүгээр дамжаа маш завгүй байдаг болохоор их ядарсан.
-Хичээл сургуулиа сонгоод их спортоо орхих бодол төрж байв уу?
-Ийм байдалд барилдаад хүрэл медаль авна гэдэг намайг харих болоогүйг харуулсан. Улсын аваргад медаль авч байгаа цагтаа барилдсаар байх болно. Харин Красноярск хотынхоо охидод ялагдаад эхэлбэл зодог тайлна. Одоохондоо спорт, бэлтгэл, цугларалтгүй амьдралаа төсөөлж чадахгүй байна. Анагаах ухаан, спорт хоёр бол миний амьдрал.
-Яагаад өмнө нь Анагаахын сургуульд элсээгүй юм бэ?
-Багаасаа л эмч болох дуртай байсан. Гэхдээ спортын сонирхол давамгайлаад биеийн тамирын сургуульд орж байлаа. Харин одоо нас ахиад ирэхэд хүмүүст туслах, амь насыг нь аврах хүсэл илүү болж эхэлсэн.
Сэтгэгдэл ( 0 )