Альхан зүгт шувууд зэллэж, альхан нутгийг зорино вэ. Сэтгэлийн уудмаас зуларсан шувууд сарны хүйтэн гэрэлд дүрсээ үлдээж байгаа даа гэж бодохоор жихүүдэс хүрмээр. Санахын хэвлийд ээж болсон охид, сая жилийн тэртээд дурсамж болсон санагдавч аравдугаар сарын зэвэргэн өдрүүдийг амрагийн уруулаар бүлээцүүлж явсан идэрхэн залуу нас санагдах аж.
Алдаа оноогоо адилхан өвөртөлөөд, алдуул салхи шиг зоргоороо явсан идэрхэн залуу насандаа аравдугаар сарыг би тэгтлээ мэдэрч яваагүй бололтой. Алдуул морин нутгаа гүйж ирээд, аялагхан талаа хөрвөөн босохдоо аравдугаар сарын өвсөнд үлдээсэн мөр ч сэтгэлд үлдсэн байна.
Алаг тарлан талын цоорхойд саран зүүрмэглэж, айлын жаахан бүсгүй энгэр түшээд бодол хэлхэхэд хэрхэн хаашаа ч явах тухай бодож чадахгүй суусан тэр л намрын өдрүүдээс эрх биш санаанд үлджээ. Энэ л үед би ирэх хаврын яргуй үнэртүүлсэн бодол, инээмсэглэлд нь тодорч байгааг төвөггүйхэн анзаараад, тэнгэрийн заадаст гялалзах оддыг тэнэмэл салхиар хөтлүүлэн харцандаа үйж байгааг ч мэдэрнэ. Талын бутанд хярсан бүжин шиг тэвэрт минь бодол хэлхэх айлын жаахан бүсгүйг санах тусам арван долоон насны намар, аравдугаар сар санаанд тодорно.
Сэтгэгдэл ( 0 )