АЙЛЧЛАЛ | Эргэлзээгүй олгосон ЗЭЭЛ, эргэлзээ тээсэн АСУУЛТ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

-Магадгүй Японы гадаад хэргийн сайдын айлчлалын ерөнхий дүр зураг нь зээл хүсээд, тусламж гуйгаад байсан мэт харагдаж болох ч ерөнхий нюанс нь стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд оршиж байсан-

Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монгол Улсад айлчлав. Айлчлал энэ сарын 09-ний өдрийн баасан гарагт эхэлж 10-ны өдөр өндөрлөсөн. Япон улсын талаас Гадаад хэргийн сайдын хэмжээнд тав дахь удаагийн айлчлал энэ болсон юм. Монгол Улс харьцангуй сүүлд буюу 2010 онд Япон улсыг “гуравдагч хөрш”-өө гэж үзсэн байдаг. Үндсэндээ хоёр тал хүлээн зөвшөөрсөн нь 2010 он болохоос хэлэлцээ үүнээс ч удаан үргэлжилсэн нь тодорхой. Үүнээс харвал арван жилийн тэгш ойн дээр Япон улсын Гадаад хэргийн сайдын айлчлал давхцав. Айлчлалын дүр зургийг товчоор дүгнэвэл бид дахиад л гуйж, тэд харин өмнөх тусламжаа яалаа гэсэн байдалтай өндөрлөв.


Эргэлзээгүй олгосон зээл

Айлчлалын гол дүр зураг нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл байсан. Япон улсын Засгийн газар 0.01 хувийн хүүтэй 25 тэрбум иен буюу 230 гаруй сая ам.долларын зээл олгохоор шийдсэнээ мэдэгдсэн юм. Зээлийн “малгай” нь “ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл гэсэн шошготой. Бид дотооддоо вирус алдаагүй ч олон улсын хэд, хэдэн байгууллагын судалгаагаар эдийн засгийн хямралд өртөж болзошгүй улсын тоонд багтсан нь ийн “бадар барихад” хүргэжээ. Гэхдээ Японы зээлээс өмнө бид Азийн хөгжлийн банк болон хэд, хэдэн байгууллагаас хөнгөлөлттэй зээл авсныг сануулахад илүүдэхгүй. Японы Гадаад хэргийн сайдын айлчлалаас ердөө хоёр долоо хоногийн өмнө Хятадын Гадаад хэргийн сайд айлчлахдаа мөн л хөнгөлөлттэй зээл олгосон юм. Энэ талаар гаднын хэвлэлүүд мэдээлэхдээ цар тахлаас болж хүнд байдалд орсон бизнесүүдийг дэмжих, эдийн засгаа тогтворжуулах ажилд зарцуулагдана гэдгийг онцолжээ.

Бүтээгч үйлдвэрлэлгүй, эдийн засгийн нь төрөлжөөгүй улсын хувьд манай улсад хийж буй гадаад айлчлалуудын өнгө аяс ийм л байдаг, ялангуяа эдийн засгийн хувьд биднээс тохой илүү улсын айлчлалууд. Хөнгөлөлттэй зээлийн дараа бид экспортын нэр төрлөө нэмэгдүүлэх, Японы ноу-хауг татахыг Японы талаас хүссэн. Гадаад харилцааны яамны цахим хуудаст мэдээлснийг харвал талууд Монгол-Японы стратегийн түншлэлийг гүнзгийрүүлнэ гэдгийг албан ёсоор тохиролцжээ. Энэ тухай Японы хэвлэлүүд мэдээлэхдээ Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж мэдээлж байна. Японы Маиничи сонин ч мөн энэ өнцгөөр мэдээлэл бэлтгэжээ.

“Монгол бол зөвхөн эдийн засгийн хувьд ч биш геополитикийн хувьд асар их ач холбогдолтой улс гэж Япончууд үзсээр ирсэн”

Маиничи сонин

Технологи нэвтрүүлнэ, экспортоо нэмэгдүүлнэ, зөвхөн зээл тусламжид найдахгүй гэдгээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ч илэрхийлсэн нь бид зөвхөн гуйхаас гадна асар том хүсэлтэй шүү гэдгээ дипломат аргаар илэрхийлсэн явдал байлаа. Том хүсэлтэй ч үр дүн болгоход том эдийн засгийн туслалцаа хэрэгтэй гэдгийг сануулаад байгааг эрхэм уншигч та анзаарсан байх.

Эргэлзээ тээсэн асуулт

Монголчууд хөнгөлөлттэй нөхцөлөөр тусламж гуйдаг юм байж. Гэтэл энэ их хүсэлт, гуйлтын дараа Японы Гадаад хэргийн сайд Хөшигийн хөндийн нисэх буудал хэзээ ашиглалтад орохыг асуув. Нисэх буудлын нээлт удаа дараа хойшлогдоод байгаагийн шалтгааныг манай талаас коронавируст цар тахлын нөхцөлтэй холбон тайлбарласан. Мэдээж хэрэг тусалж дэмжээд, менежментийн хувьд ч дэмжлэг үзүүлсэн Япон улсын хувьд асуухаас өөр аргагүй. Гэтэл бид үүнийг нь анх гуйсан гуйлт дээрээ “тавьчхаж” байгаа юм. Бид цар тахлын нөхцөл байдлыг сайжруулахын тулд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан шүү дээ. Айлчлалын дараа Японы ихэнх хэвлэлүүд, блог орчинд “Хөшигийн хөндийн нисэх буудал хэзээ ашиглалтад орохыг асуутал, коронавируст цар тахлын нөхцөлтэй холбов” гэсэн өнцгөөр нийтэлж байсныг сануулъя.

“Гадаад харилцааны сайд Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Японы хөрөнгө оруулалтаар барьж буй нисэх онгоцны буудлын төслийн явц удаан байгааг лавлан асуухад коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбон тайлбарлав”

Киодо мэдээллийн агентлаг

Япон улс эргэлзэх нь ч аргагүй. Бүтэн 12 жилийн турш ярилцаж буй сэдэв. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага 2008 онд жилийн 0.2 хувийн хүүтэй 28.8 тэрбум иенээр олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатар хотод барихаар болсон. Дараа нь Японы талаас оролцсон зөвлөх компани зураг төсөл боловсруулж улмаар барилгын явцад анхны тооцооллоос хэтрэх дүн гаргасан юм. Япон улстай хийсэн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээнд “Зээлийн хөрөнгө нь төслийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлдэгч тал шаардлагатай хөрөнгөөр хангах арга хэмжээг нэн даруй авна” гэсэн заалтыг үндэслэн нэмэлт санхүүжилтийн асуудлыг 2011 оны зургаадугаар сарын 08-ны өдөр шийдсэн байдаг. Тухайн өдрийн  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай санхүүжилт болох 8.1 тэрбум иен буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар 122.8 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Дээр дурдсан зээлийн хэмжээ одоо 36.6 тэрбум иен болсон.

Төгсгөлийн оронд

Эргэлзээ тээсэн асуулттай ч эргэлзэлгүй олгосон зээлтэй айлчлалын ерөнхий дүр зураг ийм байсан. Гэхдээ хоёр тал ирэх жилүүдэд стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлж, улам өргөжүүлэхээр тохиролцсон.  Хоёр улс 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Токио хотноо Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр баталж, улмаар дараа жилээс нь албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байдаг. Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг 2013-2017 онд хэрэгжүүлж эхэлсэн юм. Японы Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлалаар дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг онцлоод дараагийн хөтөлбөрийг 2021-2025 болж, агуулгыг нь ч хөндөн ярилцав. Магадгүй айлчлалын ерөнхий дүр зураг нь зээл хүсээд, тусламж гуйгаад байсан мэт харагдаж болох ч ерөнхий нюанс нь стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд оршиж байсан. Гадаад хэргийн яам ч энэ тал дээр тодорхой үр дүнд хүрсэн гэдгээ албан мэдээлэлдээ илэрхийлсэн.

Стратегийн түншлэл гэдэг бол хоёр талд харилцан ашигтай байхад оршиж байдаг. Магадгүй монголчууд бид технологи, эдийн засгийн асар өндөр хөгжилтэй энэ улсад ямар ашигтай вэ гэж бодож байж болох. Гэхдээ их гүрнүүд манай улсыг геополитикийн ач холбогдлоор нь жигнэн үздэг. Энэ жинлүүрээр бид тийм ч “хөнгөн” улс биш. БНХАУ бүс нутаг, төдийгүй дэлхий дахинд нөлөөллөө тэлж байгаа учраас Япон улс “гуравдагч хөрш”-ийн хувиар харьцаагаа зузаатгах нь ашигтай. Нөгөө талаар Япон улсын гол холбоотон АНУ сар хүрэхгүй хугацааны өмнө Иж бүрэн стратегийн түншлэлийг Конгрессоор хэлэлцээд хүлээн зөвшөөрсөн. АНУ ч тэр гадаад харилцаагаа Номхон далай, Энэтхэгийн бүс нутаг гэж зурагласан нь Японы гадаад бодлоготой ч, Монгол Улс Япон улстай харилцах харилцааны үндсэн чиглэлтэй ч нийцэж байгаа. Монгол-Японы цаашдын харилцаа ч энэ чиглэлээс гажихгүй нь гарцаагүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санал(107.77.220.186) 2020 оны 10 сарын 13

Манайхан хамтарч ажиллая, технологийг чинь авьяа гэж маш олон хэлэх болгонд Японы тал тэгэе ээ гээд тодорхой санал маш олон удаа гаргасан. Манайхан тэр бүрд нь хэлсэнээ мартаад гүлийчихдэг. Цаадуул нь одоо бүр дасаад юм хэлэхээ больсон. Тодорхой санал хэлэхээ ч больсон. Иим л байна

0  |  0
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 12

зөндөө зээл авч байж Хөшигийн хөндийг түргэн ашиглалтанд өгөөд санааг нь амраагаач дээ ичмээр юмаа ажил нь явдаггүй урагшгүй албат нар шиг байх юмаа

0  |  0
Top