Д.Түвшинсайхан: Хөгжим гэдэг хүнд хайрлах боловсрол олгодог

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь “Поэма” дан хөгжмийн концерт хийхээр бэлдэж байна. Тус тоглолтын талаар Монгол Улсын Филарманийн уран сайхны удирдагч, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшин­сайхантай ярилцлаа


-Тун удахгүй тоглох “Поэма” дан хөгжмийн концертын талаар яриагаа эхэлье?

-Энэхүү тоглолтыг  10 гаруй жилийн өмнөөс хийхээр төлөвлөж эхэлсэн. Би 2007 онд удирдаачаар төгсөж ирээд орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчид тэр тусмаа Төрийн шагналт З.Хангал гуайн бүтээлийг түлхүү оруулаад морин хуурын  тоглолт хийж байсан. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл цөөхүүл хөгжимд зориулагдаагүй том концерт болчихоод болдоггүй. Жирийн хүн ойлгоход хэцүү л дээ. “Хэнтийн өндөр ууланд”, “Сэтгэлд шингэсэн говь” зэрэг бүтээлүүд шиг концертын хэлбэрийн бүтээлүүд бичигдэхээ байсан байна. Монгол хөгжмийг хуучин язгуураар нь, аялгуу төвтэй, хүний сэтгэлд ойр тусах бүтээлүүд маш дутмаг болжээ. Концерт маань академик сургалтын түвшинд маш үр өгөөжтэй. Өөрөөр хэлбэл сургалтын хэрэглэгдэхүүн болж, оюутан сурагчдад тоглох шинэ бүтээл болж өгөх зорилготой. Ном уншиж байгаа хүн шууд роман барьж уншихгүй, эхлээд өгүүллэг, туужаас эхэлдэг шиг сургалтын хэрэглэгдэхүүн болохуйц байх ёстой.

-Тоглолтод ямар, ямар бүтээлүүд тоглох вэ?

-1983 онд удирдаач Ч.Жамс­ранжав гуай З.Хангал агсанд зориулж “Салхич шувуу” зэрэг хэд хэдэн бүтээл хийлгэсэн байдаг.  Найрал хөгжмийн концерт тэр үеэс хойш тасарсан гэж хэлж болно. Үүнийг түүчээлж энэхүү тоглолтыг хийх гэж байна. Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Чанадын оргилд”, “Хүрдэн” Морин хуурын чуулгад зориулсан найрал хөгжим эгшиглэнэ. Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын Морин хуурын V концерт, ёочин хөгжимд зориулсан концерт тоглоно. Мөн хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын Флейт хөгжимд зориулсан “Интермеццо”,  Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн ятга, найрал хөгжимд зориулсан концерт, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөн­цийн Морин хуурын чуулгад зориулсан концертын “Уран сэт­гэмж” тус тус эгшиглэнэ.  Удирдаачаар Соёлын тэргүүний ажилтан Н.Жигжиддорж болон миний бие ажиллах юм. Тоглолт  Монгол Улсын Филармонийн концертын танхимд энэ сарын 30,31-ний өдрүүдэд 19 цагт болно.

-Тоглолтод дан монгол аялгуу эгшиглэх нь ээ?

-Тийм. Хөгжмийн тоглолт дэлхийн хэмжээнд үндэсний язгуур шинжээрээ л гадаадынханд сонин шүү дээ. Үндэсний сонгодог хөгжим гэдэг өөрөө үнэ цэнтэй. Нэг шүүмж хэлэхэд нэгэн том компанийн ойн баярт очиж тоглоход нээлтээ “Хаадын тоглоом” гэдэг дэлхийн цувралын хөгжмөөр эхэлсэн нь нэг л наалдацгүй санагдсан. Үндэстнээ таниагүй байж гадаадыг шүтэх буруу л юм. Хуучных шиг тайзан дээр гоё байх, алга ташуулаад байхдаа сонин биш үнэн рүүгээ ойртох, үнэн байх цаг иржээ. Үзэгчдийн хөгжмийн боловсрол, сонсдог түвшин нь өөр болж байна. Тиймээс бид чанартай, зөв бодлоготой зүйл хийхгүй бол болохоо байсан байна шүү.

-Дан хөгжмийг 2,3 цаг суугаад үзэх үзэгчдийн тэвчээр хэр байх бол, ер нь үзэгчдийнхээ боловсролыг дээшлүүлэх тал дээр бид юу хийх ёстой вэ?

-Хөгжмийг мэдэрье, ойлгоё гээд шимтээд сууж байгаа хүндээ маш сонирхолтой. Хөгжим өөрөө сонсох бүрийд шинэ таамаг, шинэ ертөнцийг хүний сэтгэлд нээж байдаг гайхамшигтай урлаг. Хөгжмийн шинжлэх ухаанд хөгжмийн уран зохиол гэж хичээл ордог шиг хөгжим өөрөө яруу найраг, уран зураг юм. Бидний зорилго нь хөгжим сонсох соёлд хүмүүсийг сургах, төвлөрөх, мэдрэмжийг нь дээшлүүлэх, соён гэгээрүүлэх юм шүү дээ. Хөгжимчдөд нот болгон үнэ цэнтэй байдаг. Нэг л нот алдах юм бол хөгжим биш болно. Сайн хөгжмийн зохиолыг муу тоглох хөгжимчин байна. Муу зохиолыг сайн тоглодог ч хүн байна. Хөгжимчин хүн нэг л өдөр хөгжмөө давтахгүй бол өөрт мэдрэгддэг. Хоёр өдөр хөгжмөө орхивол хажуудахь хүнд нь мэдрэгддэг. Гурван өдөр хөгжмөө тоглоогүй бол бусдад мэдэгддэг. Тиймээс өдөр бүр давтаж, маш их хөдөлмөрлөж байж бүтээл эгшиглэдэг учир амьдаар нь хөгжмийг сонсоно гэдэг үзэгч, сонсогчдод маш үнэ цэнтэй, тансаглал юм. Үзэгчид театрт ямар хувцас өмсөж ирэх, яаж биеэ авч явах соёлыг заавал эзэмшсэн байх ёстой боловсрол.

-Монгол Улсын Филармони сардаа хэчнээн бүтээл тоглож байна вэ. Цаашдын төлөвлөгөө юу байна вэ?

-Монгол Улсын Филармони 200 шахам ажилтантай. Үүнээс Морин хуурын чуулга 35, Симфони найрал хөгжим 70 гаруй, “Баянмонгол” 30-аад уран бүтээлчтэй. Сард хамгийн багадаа гурван шинэ бүтээл хийж байна. Үзэгчид заавал сонсох ёстой гэсэн бүтээлээ хоёр удаа тоглодог. Академик түвшиний урлагийг төрийн оролцоотой барьж урлаг соёлоо хөгжүүлэх шаардлагатай байна. Аливаа улс үндэстэн оршин тогтнохын нэг үндэс нь хэл, соёл учир хөгжмийн урлаг гэдэг үндэстнийхээ аялгууг авч явдаг. Хөгжим гэдэг хүнд хайрлах боловсролыг олгодог. 2022 онд Монгол Улсын Филармоний 50 жилийн ой, Симфони найрал хөгжмийн 65 жилийн ой, Морин хуур чуулгын 30 жилийн ой тохионо. Энэ ойг угтаж шинэ уран бүтээл төрүүлэх, үзэгчдийн эрэлт, хүсэлтийг анхаарч задаргаа хийх, аймгуудын театр чуулгуудыг чадавхжуулах зэрэг маш олон ажил төлөвлөж байна даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top