Монгол Улсын "Морин хуурын чуулга" Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ.
Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг "Морин хуурын чуулга"-д гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /2018.11.01/ Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамны байранд боллоо.
Ёслолын арга хэмжээг нээж, Япон улсаас Монголд суугаа Элчин сайд Масато Такаока үг хэлж, өргөмжлөлийг "Морин хуурын чуулга"-ын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханд гардуулсан юм. "Монгол аялгуу", "Уулын горхи" болон "Зүрхний анд" хэмээх алдарт япон дууны айзамд хөвсөн ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсын Филармонийн дарга Ж.Даваасүрэн, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Япон дахь Монгол Улсын соёлын элч Сато Нарико, Ардын жүжигчин Д.Ухнаа, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж тэргүүтэй хүндтэй зочид уригдан ирсэн байв.
"Морин хуурын чуулга" Японд анхны тоглолтоо хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд буюу 1997 онд толилуулж байжээ. Түүнээс хойш 21 жилийн хугацаанд 35 удаа Японд айлчлан тоглолт хийсэн байна. Чуулгын уран бүтээлчдийн 2016 онд байгалийн гамшиг тохиолдсон Фүкүшима мужид хийсэн тоглолт Японы Зүүн хойд нутгийн ард түмэнд халуун сэтгэлийн дэм өгсөн гэдгийг Элчин сайд онцолсон юм. Хүрэлцэн ирсэн олон зочин энэ үеэр Монголын соёл, хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, "Морин хуурын чуулга"-ын үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Цэндийн Батчулуун агсны гавьяаг дурсан, талархал илэрхийлж байв.
Ёслолын үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаокад "Зиндаа" сэтгүүлийн хамт олны төлөөлөл сэтгүүлийнхээ дээжийг бэлэг болгон өглөө.
Элчин сайд Масато Такаока:
-"Морин хуурын чуулга" олон жилийн турш дуу хөгжмөөр дамжуулж, хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Япон Улсын Засгийн газраас энэ хичээл зүтгэлд гүнээ хүндэтгэл үзүүлэхийн ялдамд Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг олгохоор шийдвэрлэсэн. Ц.Батчулуун багшийн үйлийг үргэлжлүүлэн, хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа та бүхэнд талархаж байна. Япон улсын угсаа залгамжлах ханхүү Монгол Улсад айлчлах үеэрээ "Морин хуурын чуулга", Улсын филармонийн хамтарсан хүндэтгэлийн тоглолт дээр хийл хөгжим тоглосон нь хоёр орны найрамдалт харилцааны илэрхийлэл, түүхэн үйл явдал болсон. Япон, Монгол хоёр улс нь улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажилладаг ч урлаг соёлоороо гүн гүнзгий холбогддог. Ялангуяа морин хуурын гайхамшиг япон хүний зүрх сэтгэлийг үргэлж эзэмддэг юм.
"Морин хуурын чуулга"-ын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан:
-"Морин хуурын чуулга" нь монголчууд бидний соёлын том өв. Байгуулагдсан цагаасаа эхэлж Монголын соёл урлагийг дэлхийн тайзнаа хүргэж, сурталчилан таниулж, бидний өв, монгол сайхан аялгууг өвлөн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гайхамшигтай хамт олон билээ. Энэ хамт олныг бүрдүүлж, чуулгыг санаачлан, өдий зэрэгт хүргэсэн нэрт хөгжмийн зохиолч, морин хуурч Ц.Батчулуун агсныг дурсах нь зайлшгүй юм. Тэр хүний хийж бүтээсэн бүхэн өнөөдрийн олон сайхан амжилтыг дагуулж байна.
Өнгөрсөн хугацаанд "Морин хуурын чуулга" маань төр засгийн өндөр хэмжээний том айлчлалууд болоод НҮБ-ын танхим, дэлхийд алдартай, уран бүтээлчдийн хүсэж мөрөөддөг дэлхийн олон тайзан дээр Монголын болоод дэлхийн сонгодог бүтээлийг хоёр чавхдсаараа дэлхийн чихэнд эгшиглүүлэн хүргэсэн. Энэ гайхалтай хамт олноороо монголчууд бахархахгүй байхын аргагүй. Өнөөдөр чуулгын хамт олны хоёр улсын харилцаанд урлагаар дамжуулан оруулсан хувь нэмрийг үнэлж, Японы Гадаад хэрийг сайдын өргөмжлөлийг хүртээж байгаад туйлын их баяртай байна. Залуучууддаа амжилт хүсье. Та бүхний хоёр чавхдсаас гарч байгаа тансаг аялгуу үеийн үед дэлхийн чихэнд дуурсаж, гайхагдана гэхэд итгэл дүүрэн байна.
Ерөнхий сайд асан Д.Содном:
-"Морин хуурын чуулга"-ын залуусынхаа хийж бүтээж байгаа зүйлээр би маш их бахархдаг. Монголчуудын үндэсний хөгжмийн зэмсэг бол морин хуур гэдгийг дэлхийд ойлгуулж, түүний гайхамшгийг мэдрүүлэхэд энэ чуулга том гавьяа байгуулсан. Хоёрхон чавхдастай зэмсэг дээр дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглож байна гэдэг гайхмаар авьяас, би бодохдоо монголчуудаас өөр үүнийг хийж чадах хүн ховор гэж боддог.
Ц.Батчулуун маань чуулга байгуулах санаагаа дэмжүүлж, 1992 онд байгуулсан. Тун удалгүй чуулгынхаа залуучуудыг аваад Япон улс руу толглолтоо хийхээр явж байсан юм. Тухайн үед уртын дууны хатан хаан Н.Норовбанзад нарын хүмүүс явсан байдаг. Түүнээс эхлээд япон хүмүүс Монголын морин хуур гэж агуу хөгжим байдаг юм байна гэдгийг ойлгож, мэдэрсэн. Урлаг, хөгжмийн зэмсгийн утга учир, чадвар, үндэсний урлаг соёлд япон хүмүүс онцгой хүндэтгэлтэй ханддаг. Тийм ч учраас өнөөг хүртэл жил бүр "Морин хуурын чуулга"-ын тоглолтыг Японд урьж тоглуулж, үздэг байх. Өнөөдөр Японд морин хуурын сургууль байгуулагдаж, хүүхдүүдийг сурган, жил бүр уралдаан зохион байгуулдаг болсон байна. Өөрөөр хэлбэл, манай урлаг, морин хуурыг Японы ард түмэн маш их таашаан, судалж байна. Ингээд Элчин сайд Масато Такаока болон Японы Гадаад хэргийн сайдад манай чуулгад энэ хүндтэй шагналыг хүртээсэнд нийт монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров:
-Надад байгаа мэдээллээр Япон улсад 400 гаруй хүн морин хуураар хичээллэж байна. Дийлэнх нь хүүхэд залуус, эмгэд, өвгөд байгаа нь хоёулаа сайн. Залуучууд нь ирээдүйн хоёр улсын хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэхэд бие сэтгэлээ бэлтгэж байна. Настнууд нь ажил амьдралаа тэгшилчихээд, амгалан сайхан амьдралын төлөө явж, морин хуураар сэтгэлээ баясгаж, бие сэтгэлээ тэжээж байна. Тэгэхээр морин хуур япончуудын соёл болон амьжиргааны нэгэн том хэрэглээ болсон байна. Энэ бол "Морин хуурын чуулга"-ын хийсэн гавьяа юм. Хоёр улсын Засгийн газар, хувь хүн, байгууллагууд энэ ажлыг чин сэтгэлээсээ дэмжиж, энэ амжилтад хүргэсэн.
Чуулга маань 1992 онд байгуулагдаад, гадаадад тоглолтоо хүргэхийг чин сэтгэлээсээ хүсэн, мөрөөддөг байлаа. Эхлээд бид Буриад руу гарсан. Ингэхдээ өвлийн хүйтний цасан дунд автобусны дугуй хагарч, бензин дууссан ч Улаан-Үдэд очиж тоглосон. Бид гадаадад гарч чадсан. Дараа нь Өвөр Монгол руу явсан. Тэгэхдээ бид Ордосоос Шилийн гол хүртэл араар нь явган явж, урт зам туулсан. Тэр үед Японы тухайд бид бодох ч хэрэггүй байв. Гэтэл Сато гэдэг морин хууранд дуртай нэгэн эмэгтэй гарч ирсэн. Тэгээд энэ хүний хичээл зүтгэлээр анх 1997 онд Япон руу тоглолт хийхээр явж байлаа. Японы Гадаад хэргийн сайд өнөөдөр "Морин хуурын чуулга"-ын амжилт үнэлж байна. Маш их баярлалаа. Нэмж хэлэхэд, энэ чуулгыг дэлхийн чуулга болгоход Японд гарсан тэр он жилүүд үндсэн суурь нь болсон юм шүү. Тиймээс Монголын соёл урлагийн өмнөөс япончууд та бүхэнд үнэхээр талархах ёстой. Үүнээс гадна хувь хүмүүс энэ хамтлагийг ийм өндөр түвшинд хүргэж чадсан. Үүний үндсэн гол төлөөлөгч нь Ц.Батчулуун, Сато хоёр юм. Сатог Монгол Улсын Засгийн газраас Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтангадас одонгоор шагнасан байдаг. Өөрөөо хэлбэл, нэг хүн олны төлөө зүтгэхэд, олон хүн нийлээд түүнд буян болдгийн жишээ энэ. Ц.Батчулуун багш бид хоёр Япон улсын Эзэн хааны “Мандах наран” одонг хүртсэн. Би япончуудад юу ч хийж өгөөгүй. Гэвч "Морин хуурын чуулга" миний бүтээлийг япончуудад хүргэж, тэд бүтээлд маань талархаж, чуулга надад энэ одонг авчирсан. Тийм учраас дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдгээр бие биеэ дэмжиж чадвал ийм амжилтад хүрдэг юм байна гэдгийг хэлэхийг хүсч байна.
Сато Норико:
-Монгол Улс ардчилалд шилжиж байсан тэр хүнд үед ийм сайхан чуулга байгуулахыг дэмжсэн тухайн үеийн Ерөнхийлөгчид талархаж байна. Морин хуур бол хүний сэтгэлийг уяраадаг гайхамшигтай хөгжим юм. Япончууд морин хуур хөгжимд дуртай байдгийн учир нь монголчуудтай адилхан байгальтайгаа ойр байдагт оршдог байх. Үүнээс гадна Японы бага сургуулийн сурах бичигт морин хуурын тухай домог байдаг. Хэдийгээр хуурын хөгжмийн аяыг сонсоож өсөөгүй ч япон хүүхдүүд түүгээр дамжуулан хуурын тухай мэддэг болсон.
Би анх 1990 оны долдугаар сард байгаль хамгаалах ажлаар Монголд ирсэн юм. Тэр үед нэг тоглолт дээр морин хуурын аялгууг анх сонсож байлаа. "Энэ чинь юу билээ" гээд л шууд л сэтгэлд хүрсэн. Тэр хүртэл би япон хүүхдүүдийн сурах бичигт байдаг "Сүхийн цагаан морь" домгоос л морин хуурын тухай уншсан байсан. Харин тэр тоглолт дээр хуурын аялгуу сонсож, морин хуурын гайхамшгийг анх мэдэрсэн. Ингээд олон жил морин хуур хөгжимд дурлаж, өдийг хүртэл хамт байна.
Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж:
-"Морин хуурын чуулга"-г үүсэхээс нь эхлэн өнөөг хүртэл бүтэмжтэй сайхан яваад нь баярлаж явдаг. Монголчууд эрт дээр үедээ морин хуурын том оркестртой байсан түүх бий. Харин нэр бүхий хүмүүсийн хичээл зүтгэлээр 1992 онд Засгийн газрын 123-р тогтоолоор өнөөгийн "Морин хуурын чуулга"-ыг байгуулсан. Морин хуур хөгжим өөрөө хийморьтой, хүний сэтгэлд бат сайхан нийцэлтэй, уянгын сайхан эгшигтэй учраас хуур олуулаа дуугарсан ч, ганцаар дуугарсан ч дандаа хүний сэтгэлийг татдаг. Тиймдээ ч чуулга маань Монголдоо төдийгүй дэлхийн том тайзан дээр гарахад нүүр бардам болжээ.
Монгол Улсын Филармонийн дарга Ж.Даваасүрэн:
-Япон бол агуу том орон. Энэ том орны хүндтэй шагналыг хүртэж байгаа хамт олон мөн адил агуу байж таарна. Морин хуур бол монгол үндэсний хөгжмийн гол зэмсэг. "Морин хуурын чуулга" гэхээсээ илүү морин хуур гэдэг хөгжим энэ шагналыг бид нарт авчирлаа гэж ойлгож байна. Энэ хөгжмөөр Японы ард түмний сэтгэлийг татаж, хоёр орны ард түмний ойлголцлыг нэгтгэж өгсөн. Морин хуурын чуулгад өгч байгаа энэ шагнал Монголын ард түмэн, монгол өв соёлд өгч байгаа шагнал гэж бодож байна. Хоёр улсын соёлын харилцааны гүүр болсон "Морин хуурын чуулга" Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэж байгаад дахин баяр хүргэе. Хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаа үргэлж мөнхөд хөгжин цэцэглэж байх болтугай.
Д.Үржинбадам
Гэрэл зургийг Д.Амаржаргал
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Yrmaar l aldarsij baibal boloh ni ter?...Manai hegjimchid yalanguya MORIN HYYRIIN CHUULGA agyy s dee!!Ted maani gochloldoo garamgai sain delhii tedneer ydahgyi magtaalaa gamnahgyi chag irnee!
Yrmaar l aldarsij baibal boloh ni ter?...Manai hegjimchid yalanguya MORIN HYYRIIN CHUULGA agyy s dee!!Ted maani gochloldoo garamgai sain delhii tedneer ydahgyi magtaalaa gamnahgyi chag irnee!
Yrmaar l aldarsij baibal boloh ni ter?...Manai hegjimchid yalanguya MORIN HYYRIIN CHUULGA agyy s dee!!Ted maani gochloldoo garamgai sain delhii tedneer ydahgyi magtaalaa gamnahgyi chag irnee!