Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.12.16) боллоо.
Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой "Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам"-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өглөө.
Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна.
Жишээлбэл, өнгөрсөн жилийн 12 дугаар сард цахилгаан, эсвэл дулаандаа 30 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ 12 дугаар сард 40 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн тухай сайд Н.Тавинбэх хэлэв.
2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар, шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ. Ачаалал урьдчилан тооцоолж байснаас өндөр, ялангуяа 17.00-21.00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд ногдож байгаа учир аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх цахилгаан халаагуур ашиглахгүй байхыг журамд тусгажээ. Хэрэглэгчид стандартын шаардлага болон галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах ёстой юм байна.
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад үнэгүй өвс өгнө
Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймаг болон Улаанбаатар хотод Улсын нөөцөөс үнэгүй өвс олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ. Нийт 2,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3,800 тн өвс, 1,900 тн тэжээл олгож үнийн зөрүү болох 600 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Дээрх аймгуудын 72 суманд зуд болох эрсдэл хамгийн их байгаа бөгөөд 45 орчим мянган өрхийн 18,5 сая мал өвөлжихөөс 8,000 өрх, 4,3 сая мал оторлож байна. Гантай, гандуу байсан аймгуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, ус хүрэлцээгүй, отор, нүүдэл хийж туйлдсан, өвс, тэжээлийн нөөц муу, үнэ өндөр байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлсэн гэж Улсын онцгой комисс үзжээ. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зарим сум, отрын малчдад зориулж ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны төслөөс таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Ингэснээр 40 орчим мянган өрх буюу нэг өрх 300 орчим мянган төгрөгийн тэжээлийн тусламж авах юм. Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлж өвс, тэжээлийн гаалийн болон НӨАТ-ыг тэглэсэн. Мөн дотоодод үйлдвэрлэж байгаа малын гаралтай өвс, тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн борлуулалтаас авдаг НӨАТ-ыг чөлөөлөх хууль батлуулан хэрэгжүүлж байна.
2021 оноос цэцэрлэгүүд дэргэдээ ясли ажиллуулна
2021 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрөв. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм. Тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ. 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэнэ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймгийн хоёр яслийн бүлэгт 130 хүүхэд байгаа бол Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн клиник сувилал /1,8 сартайгаас зургаа хүртэл насны, архаг, суурь өвчтэй хүүхдийг эмийн бус аргаар нөхөн сэргээх, сувилах, асрах, эмнэгийн үйлчилгээ үзүүлэх/ ажиллаж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа
Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан байна. Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж импортолжээ. 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага орлоготой иргэд халдварт бус өвчтэй үед хэрэглэх эмээ худалдан авах боломжгүй, зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байна. Эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгаа учир агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Товч мэдээ