Энэ сарын 26-нд ОХУ-д “Закалённая Россия - сильная страна” бүх нийтийн арга хэмжээ хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээ нь ард иргэдэд биеэ чийрэгжүүлж, спортоор хичээллэснээр улс орноо улам хүчирхэг болгоно гэдгийг ухааруулж, эрүүл амьдрах ёсыг сурталчлах зорилготой. Энэ өдөр хүмүүс хүйтэн харзны усанд орж, тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү арга хэмжээг манай өвлийн усанд сэлэлтийн ОУХМ Ш.Даваадорж дэмжин, Монголоос мэндчилгээ дэвшүүлснийг ОХУ-ын “АРГУМЕНТЫ НЕДЕЛИ” агентлаг онцолжээ.
Тус агентлагийн мэдээнд “Монголын алдартай тамирчин Даваадорж Шагдарсүрэн “Закаленная Россия – сильная страна” арга хэмжээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Ш.Даваадорж бол өвлийн сэлэлтийн Дэлхийн Цомын тэмцээний аварга, олон удаагийн шагналт тамирчин юм. Тэрээр Монголын Өвлийн сэлэлтийн холбоо байгуулж, тэмцээн уралдаан зохион байгуулахаар ажиллаж байна. Ш.Даваадорж 2016 оноос өвлийн сэлэлтийн тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд монгол үндэсний малгайгаар нь бүгд түүнийг таньдаг. Тэр “Өнөөдөр би өөрийн найз, шавьтайгаа хамт энэ арга хэмжээг дэмжин оролцож байна. Спорт мандтугай, өвлийн сэлэлт мандтугай” гэж хэлээд хүйтэн усанд шумбалаа” гэж бичсэн байлаа.
Сэтгэгдэл ( 0 )