ШУА-ийн ээлжит их чуулганаар таван эрдэмтэн академич хэргэм хүртлээ

2021 оны 02 сарын 26

ШУА-ийн ээлжит Их чуулган болж өндөрлөлөө. Тус хурлаар ШУА-ийн 2020 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, мөн ШУА-ийн шинэ гишүүдийг сонгох сонгууль явагдлаа.  

ШУА-ийн гишүүн сонгох сонгууль  2 жилд нэг удаа явагддаг бөгөөд өнөө  жил дараах 12 эрдэмтэн нэр дэвшлээ.

1.     Ц.Баатар /эдийн засгийн шинжлэх ухааны доктор/

2.    Ц.Батбаяр /түүхийн шинжлэх ухааны доктор/

3.     З.Батсүх /мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор/

4.    Г.Батхүрэл /эдийн засгийн шинжлэх ухааны доктор/

5.     Ж.Даваасамбуу /физик-математикийн шинжлэх ухааны доктор

6.    Б.Дагвацэрэн  /анагаахын шинжлэх ухааны доктор/

7.    Ц.Нанзад /техникийн шинжлэх ухааны доктор/

8.    С.Нарантуяа /химийн шинжлэх ухааны доктор/

9.    Ж.Норовсүрэн /биологийн шинжлэх ухааны доктор/

10.  Н.Тогтохбаяр /Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор/

11.  Н.Энхболд /биологийн шинжлэх ухааны доктор/

12.  Б.Эрдэнэбат /техникийн шинжлэх ухааны доктор/

ШУА-д  өдгөө 58 академич хэргэмтэй эрдэмтэн байдаг бөгөөд Их чуулганд 56 академич оролцож санал өглөө. ШУА-ийн гишүүн сонгох журмын дагуу нууц санал хураалт явуулж их чуулганд оролцсон гишүүдийн ¾ ба түүнээс дээш гишүүдийн санал авсан нэр дэвшигчийг академийн гишүүнээр сонгодог дүрэмтэй.  

Энэ дүрмийн дагуу дээрх 12 эрдэмтнээс Ц.Батбаяр 79.2 хувь,  Ж.Даваасамбуу 81.4 хувь, Ц.Нанзад 78.4 хувь,  Ж.Норовсүрэн 88.6 хувь, Н.Тогтохбаяр 77.3 хувийн саналаар тус тус сонгогдлоо.

Сонгогдсон гишүүдийг Монгол улсын ерөнхийлөгчид уламжилж академич хэргэм олгодог уламжлалтай билээ.  

Чуулганы төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ:  Академийн Их чуулган хэлэлцсэн асуудлынхаа талаар хууль дүрмийн хүрээнд зохих шийдвэрээ гаргалаа.  Юуны өмнө энэ чуулганаар Шинжлэх ухааны академийн гишүүнээр шинээр сонгогдсон 5 эрдэмтэндээ нийт академичдийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж Монгол улсын шинжлэх ухааны төлөө улам их эрч хүчтэй зүтгээрээ” хэмээн  ерөөлөө.  

Шинээр сонгогдсон 5 гишүүний тухай товч мэдээллийг  та бүхэнд хүргэж байна.  

ЦЭДЭНДАМБЫН БАТБАЯР /Түүхийн шинжлэх ухааны доктор/

Ц.Батбаяр нь ХХ зууны Монголын түүх, ялангуяа гадаад харилцаа, геополитикийн судалгааг чанарын шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх зорилгоор монгол, орос, англи, хятад, япон зэрэг олон хэлээрх дэлхийн олон оронд хадгалагдаж буй Архивын анхдагч эх сурвалжийг түүх, геополитикийн үүднээс судалж, онол арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, томоохон суурь бүтээлүүд туурвиснаар өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлын суурийг тавьсан.

Монголын түүхийн шинжлэх ухаанд ХХ зууны түүхийн зарим асуудлыг шинээр дэвшүүлэн тавьж, шинэ дүгнэлт гаргалгаа хийж, зохиогчийн эрхийн гэрчилгээ авчээ.  Үүнд: Богд хаант Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”, 1935-1937 оны БНМАУ-Манжгогийн хилийн яриа хэлэлцээ, Халхын голын дайныг тойрсон их гүрнүүдийн геополитикийн асуудал, дэлхийн II дайны төгсгөлд Их гүрнүүд БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар баримталсан байр суурь, “хүйтэн дайны” үеийн Зөвлөлт-Монгол-Хятадын гурамсан харилцааны зөрчил өрнөл, “Гуравдагч хөрш”-ийн бодлогын түүхэн залгамж холбоо зэргийг судалж нэг сэдэвт зохиолууд туурвисан.

Нийт 22 нэг сэдэвт зохиол, 13 хамтын бүтээл, 70 эрдэм шинжилгээний өгүүлэл, 34 илтгэл хэвлүүлснээс гадна олон улсын судалгааны индекстэй, мэргэжлийн түвшинд сонгон шалгаруулж хэвлэгддэг хамтын бүтээлд 5 бүлэг, мэргэжлийн сэтгүүлд 14 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, гадаад дотоодын судлаачид сүүлийн 5 жилд 60 орчим удаа ишлэл авчээ. Түүний бүтээлүүд ОХУ, Япон, Энэтхэг, БНХАУ, БНСУ-д орчуулагдан хэвлэгджээ.

ЖАВЫН ДАВААСАМБУУ /Физик-математикийн шинжлэх ухааны доктор/

Тэрээр  2003 онд ХБНГУ-ын Потсдамын Их Сургуулийн Физикийн Институтэд гадны цахилгаан орны нөлөөгөөр пьезоэлектрик кристаллд явагдах бүтцийн өөрчлөлтийн механизмыг судалж докторын (Dr.rer.nat) зэрэг хамгаалсан.

2020 онд физик-математикийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг “Кристалл дахь фазын шилжилтийн синхротрон цацрагийн болон нейтроны сарнилын судалгаа” сэдвээр диссертац бичиж хамгаалжээ.  

Ж.Даваасамбуугийн физикийн шинжлэх ухаанд оруулсан гол хувь нэмрийг дурдвал: 

Ø  Орчин үеийн синхротроны үүсгүүрт гадны цахилгаан орны нөлөөгөөр кристаллд явагдах бүтцийн өөрчлөлтийг судалж кварцын урвуу пьезоэлектрик эффектийг шинэ загвараар тайлбарласан. Энэхүү шинэ загварыг туршилт төдийгүй квант механикийн онолын тооцооллоор баталсан байна.

Ø  Лазерын цацрагийн үйлчлэлээр зарим органик кристаллд үүсэх хэт хурдан процесс нь изотроп шинж чанар бүхий электроны түгэлтийн агшин зуурын өөрчлөлт болохыг тогтоож, завсрын энэ шинэ төлөв нь фазын шилжилтийн өмнөх метастабил төлөв болохыг илрүүлсэн.

Ø  Рентген цацрагийн дифракцын шинэ арга болох поликристаллын дифракцын аргачлалыг боловсруулж, туршилтаар мөхлөг бүрийн кристалл бүтцийг тодорхойлох ажлыг анх удаа амжилттай хийж гүйцэтгэсэн.

Ø  Фононы пикийн өргөний хэмжээ нь торын хэлбэлзлийн унтралтыг илэрхийлдэг болохыг туршлагаар баталж фазын хэмжээ тодорхой критик утгад хүрэхэд фононы пикийн өргөн огцом буурч улмаар торын хэлбэлзлийн унтралт багасах зүй тогтлыг тогтоосон.

Ø  Лазерын судалгааны лабораторийг байгуулж, бодис гэрлийн харилцан үйлчлэлийн судалгааны тодорхой аргуудыг хөгжүүлснээр Монголд лазерын физик, технологийн судалгааг хийх, хөгжүүлэх боломжийг нээсэн.

 Ж.Даваасамбуу нь гадаадын 9, дотоодын 11 нийт 20 эрдэм шинжилгээний төслийг хамтран гүйцэтгэж, нийт 166 бүтээл туурвисан бөгөөд үүнээс диссертац, ном, сурах бичиг, редакторласан ном, патентын тоо 11, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 68, дотоодын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 43, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийн тоо 44 байна. Бүтээлүүд нь Web of Science, Scopus, Google scholar зэрэг мэдээллийн санд давхардсан тоогоор 745 удаа ишлэгджээ.

ЦЭВЭЭНИЙ  НАНЗАД /Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи-уул уурхайн сургуулийн профессор, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/

Ц.Нанзадын нийт бүтээлийн тоо илтгэлүүдийг нэмж тооцвол 463 бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл 184 үүнээс гадаадад 46, дотоодод 138 хэвлүүлсэн, илтгэл 101 үүнээс гадаадад 22, дотоодод 79-ыг хэлэлцүүлсэн, нэг сэдэвт бүтээл 15, сурах бичиг 13, гарын авлага товхимол 26, эмхэтгэж редакторласан бүтээл 49, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний тайлан 41-ийг туурвисан, оновчтой санал, ашигтай загвар, зохиогчийн эрх 34, гадаадын шинжлэх ухааны хоёр академийн гишүүнчлэлтэй эрдэмтэн юм.

Тэрээр манай улсын эдийн засгийн болон экспортын гол салбар болох уул уурхайн салбарын, тэр тусмаа уулын ажлын механикжуулалтын үндсэн техник хэрэгсэл болох уурхайн машин тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, ашиглалт, засвар техникийн үйлчилгээний систем, уул-тээврийн иж бүрдэлийн оновчтой сонголт, чанар, тэдгээрийн сэлбэг хэрэгсэлийн эргэлтийн фондын оновчлол, сэргээн засварлах технологи, ашиглалтын үеийн байгаль цаг уур, уул-техникийн болон зохион байгуулалтын хүчин зүйлсийн нөлөөлөл, эдэлгээний хугацааг оновчтой тогтоох зэрэг өргөн хүрээний судалгаа явуулж судалгааны онол арга зүйг боловсруулж уул уурхайн шинжлэх ухааны хөгжил, хууль эрх зүйг боловсронгуй болгох, гадаад харилцаа хамтын ажиллагаа, үндэсний боловсон хүчин бэлтгэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан Монголд төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм.

Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОХУ-ын Уул уурхайн тэргүүн зэргийн бүтээлд / ГИАБ, Горный журнал “Вестник” / 30 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд түүний бүтээлээс гадаадын судлаачид гуч гаруй удаа ишлэл авчээ.

ЖАДАМБААГИЙН НОРОВСҮРЭН /Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Биологийн шинжлэх ухааны  доктор (Sc.D), ШУА-ийн Хими, биологийн салбарын Бага чуулганы гишүүн/

Ж.Норовсүрэн нь  2001 онд ” Почвенные актиномицеты редких родов в основных экосистемах Монголии”” сэдвээр микробиологийн чиглэлээр (03.00.07) биологийн ухааны дэд эрдэмтний (Ph.D) зэрэг, 2007 онд “Экология редких родов актиномицетов в почвах Монголии и их роль в почвообразовании” сэдвээр хөрс судлал, микробиологийн чиглэлээр (03.00.27 ба 03.00.07) биологийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг тус тус  хамгаалжээ.

Тэрээр Монгол орны хөрсөн дэх актиномицетүүдийн тархалтын зүй тогтолыг илрүүлж, улмаар тэдгээрийн экологийн төлөв байдал, функционал үүргийг тогтоожээ.

 Судалгааны үр дүнд хөрсний актиномицетийн тархалтын төлөв, таксономын бүтэц нь манай орны байгалийн болон хөрсний онцлогийг илтгэн харуулах төдийгүй Монголын экосистемүүдийн чанарын нэг гол нэмэлт үзүүлэлт болж, тэдгээрийн түүхэн хөгжлийг зарим талаар урьдчилан таамаглах боломж олгож байна. Судалгаанаас Монгол орны хөрснөөс илрүүлсэн антагонист, ферментийн идэвхтэй, антибиотик нийлэгжүүлэх чадвартай өсгөврүүдийг ургамлын өвчин, хортон болон микробын эсрэг экологийн аюулгүй биобэлдмэл, эмийн эх материал болгон ашиглах практик ач холбогдолтойг тодорхойлсон байна.

Ж. Норовсүрэн нь хамтын бүтээл 2, бие даасан нэгэн сэдэвт бүтээл 4, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 134, үүнээс гадаадад эрдэм шинжилгээний өгүүлэл 48, дотоодод 25, эрдэм шинжилгээний  илтгэл 61, үүнээс гадаадад 54, дотоодод 7 нийтлүүлжээ.

Ж. Норовсүрэн нь Монгол орны хөрсөн дэх актиномицетүүдийн тархалт, биологийн идэвх, экологи зэрэг асуудлыг тусгасан эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ  импакт фактортай болон олон улсын эрдэм шинжилгээний сүлжээнд хамрагдсан сэтгүүлүүдэд хэвлүүлсэн ба түүний судалгааны үр дүнгээс Scopus мэдээллийн санд, Google scholar-т АНУ, Англи, Франц, Герман, Итали, Тунис, Бразил, Мексик, Энэтхэг, Португаль, Колумби, Иран, Саудын Араб, Япон, Хятад, ОХУ, Монгол зэрэг Монгол зэрэг олон орны судлаачдын  эрдэм шинжилгээний  бүтээлүүдэд 300 гаруй удаа ишлэгдээд байна.

НОРОВСАМБУУГИЙН ТОГТОХБАЯР /ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн зөвлөх профессор, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны  доктор (Sc.D), профессор/

Н.Тогтохбаяр нь  “Ойт хээр, хээрийн бүсийн алаг өвс-үетэнт бэлчээрийн ургамлын тэжээллэг чанар” сэдвээр 1995 онд доктор (Ph.D)-ын, “Монгол орны нөхцөлд тэжээлийн шимт чанарыг солилцлын энергиэр үнэлэх нь” сэдвээр 2005 онд доктор (Sc.D)-ын зэрэг  хамгаалжээ.

 Түүний  бүтээлээс гадаадын судлаачид 284 өгүүлэлд эшлэл авсан байна. Шинэ бүтээл нэг, ашигтай загвар 11, Зохиогчийн эрх 8-ийг авч, стандарт 11-ийг батлуулсан, сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинээр 9 арга зүй нэвтрүүлсэн байна.  

Шинжлэх ухаан, үйлдвэрлэлд оруулсан хувь нэмэр:

Тэжээлийн шимт чанарыг хошуу будааны нэгжээр үнэлсэн хуучин үнэлгээг Олон улсын СИ системд солилцлын энергид шилжүүлсэн. Өөрсдийн судалгааны материалдаа тулгуурлан нийт 580 гаруй төрлийн тэжээлийг багтаасан “Тэжээлийн шимт чанарын хүрд”-ийг хамтран зохиож үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.  Олон улсын атомын энергийн агентлаг, Канадын олон улсын судалгааны төв, Японы хөдөө аж ахуйн олон улсын судалгааны төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд ХААИС-д тэжээл үнэлгээний болон биотехнологийн 3 лаборатори, тэжээлийн цех, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд тэжээлийн задлан шинжилгээний лаборатори, биотехнологийн лабораторийг шинэчлэн тохижуулахад нэг тэр бум гаруй төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эм урвалжийн хөрөнгө оруулж, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлжээ. Орон нутгийн түүхий эд ашиглан мах, сүүний үхэр, зөгий, өндөглөгч тахиа, мах өөхний гахайд зориулсан импорт орлох багсармал тэжээлийн болон уураг эрдсийн премиксийн 9 төрлийн жор боловсруулж, баталгаажуулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн болно. Мөн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг түшиглэн 2015 онд гарааны “Мэргэн Хариг” компани байгуулж, “Тансаг” брэндийн зөгийн бал болон зөгийн уурагт тэжээл, цэцгийн тоос, анхилуун үнэрт лаван лаа, ариутгалын саван зэрэг инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эх сурвалж: Шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 04 сарын 23

Монголд ямар ч эрдэмтэн, доктор, профессор, академи ч байхгүй зөвхөн тийм цол тэмдэг л байдаг. Хэрэв монголд эрдэмтэд байсан бол эх орон маань ингэтлээ доошоо орохгүй байсан. Коммунистуудыг ингэж давраахгүй байх байсан. Хайран газар шороо, эрдэс баялаг, эх орон, ард олон минь.

0  |  1
Баяр(192.82.77.8) 2021 оны 04 сарын 23

Татан буулгах хэрэгтэй. Хуучны Оросыг дуурайсан байгууллага.

0  |  1
Top