Коронавирус тамирчдын бие, сэтгэлзүйд ХЭРХЭН НӨЛӨӨЛӨВ!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Коронавирус хэмээх цар тахал дэлхийг айлган сандаргаж эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Цар тахал намжаагүй хэвээр, зарим улс орон ковидийн гурав, дөрөв дэх давлагаад өртөж, хил хязгаар нээгдээгүй л байна.

Энэ нэг жилийн хугацаанд спортын ертөнц олон саадтай нүүр тулж, маш их бэрхшээл тууллаа. Цаашдаа ч саад тотгор байсаар байх болно. Хүн төрөлхтний Цэнгэлийн манлай гэгддэг Олимпын наадам ч цар тахлаас ангид байж чадсангүй.

2020 онд явагдах ёстой байсан Токиогийн олимпын наадам коронавируст ялагдаж, нэг жилээр хойшилсон. Энэхүү хойшилсон нэг жил гэхэд л олон тамирчдын хувь заяаг өөрчилсөн гэхэд болно. Сүүлийнхээ олимпод бэлтгэж байсан ахмад тамирчид хүлээж дийлэлгүй зодог тайлж, харин зарим нэг нь коронавирусний халдвар авч, дахин спортын талбайд гарах эсэх нь ч эргэлзээтэй болоод байна.

Цэнгэлдэх хүрээлэн, спорт танхимууд үзэгчгүй болж, хэзээ үзэгчтэй тэмцээн болох нь мөн л тодорхойгүй.
 


Яг одоо олимпын тамирчдын хувьд хамгийн сэтгэл зовоосон асуудал нь КОРОНАВИРУС.

Олимпын наадам эхлэхэд гурван сар гаруйхны хугацаа үлдээд байгаа энэ үед хэн, хэзээ халдвар авах нь хэн ч таашгүй асуудал болжээ. Тамирчид олимпын өмнө халдвар авчихгүй байгаасай хэмээн эмээж, байнга сэргийлж явсаар зарим нь нэг төрлийн сэтгэцийн эмгэгт өртөж байгааг эрдэмтэд тогтоожээ. 

Улс орнууд олимпын тамирчдаа хамгийн түрүүнд дархлаажуулалтад хамруулж эхлээд байгаа нь ч үүнийг баталж байгаа юм. Учир нь хүн болгоны бие организм өөр тул ковид туссан тамирчин хэд хоногт эдгэрэх, хэд хоногийн дараа бэлтгэлдээ гарч чадах, формдоо хэзээ орох нь хүн болгонд өөр өөр байгаа. Яг энэ талаар хийсэн шинжлэх ухааны судалгаа дэлхийн аль ч оронд байхгүй.
 


Токиогийн олимп эхлэхээс сар, долоо хоногийн өмнө халдвар авбал яах вэ? Хэрхэн эмчилж, ямар бэлтгэл хийх вэ? Эдгэрсэн ч гэсэн тухайн тамирчин бусдад халдвар тараахгүй гэсэн баталгаа байгаа юу? Ер нь түүнийг зохион байгуулагчид олимпын наадамд оруулах уу?

Энэ бүх асуудлын хариу тодорхой бус. ОУОХ-ноос олимпын тамирчдыг вакцинд хамрагдахыг уриалснаас өөр ямар ч арга хэмжээ авч чадахгүй байдалд байна.

Эмч, судлаачдын зүгээс Олимпын наадмыг бүр мөсөн цуцлахыг санал болгож байгаа ч бүтэн дөрвөн жил (Энэ удаад 5 жил) олимпын медалийн төлөө бэлтгэсэн, хөлсөө урсгасан тамирчдын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж болохгүй. Олимпын медаль гэдэг хүний амьдралыг үндсээр нь өөрчилдөг үнэ цэнтэй зүйл.

Спортын ертөнцөд коронавирус анх нэвтэрч байх үед хүмүүс Роналду долоо хоногт эдгэсэн, залуу, тамирчин хүмүүст нэг их нөлөөлдөггүй гэж байлаа. Гэвч үгүй юм.

Дээр хэлсэнчлэн хүн болгоны бие өөр. Коронавирус хүний уушгийг гэмтээдэг тул эдгэсэн ч ямар нэг сэв үлдэх нь ойлгомжтой. Хүч чадлаа шавхан өрсөлддөг тамирчин хүнд илүү хор нөлөөтэй. Үүнд хэдхэн жишээ авч үзье.

Коронавирус ямар аймшигтайг батлан харуулсан анхны жишээ бол ОХУ-ын алдарт тулаанч Хабибийн аав Абдулманап Нурмагомедов байлаа.
 


Жүдо, самбо бөхийн Украины аварга, чөлөөт бөхийн ЗХУ-ын спортын мастер тэрээр эхэндээ коронавирусийг огт тоогоогүй. Дагестаны уулын цэвэр агаарт ковид ирэхгүй хэмээн ууланд бэлтгэлээ хийж байсан эцэг Нурмагомедов халдвар авсан байлаа.

Эмнэлэгт хэвтсэн хойноо ч тэр коронавирусыг спортын хүчээр дарна хэмээн өрөөн дотроо суниаж, бэлтгэл хийсээр өвчнөө улам хүндрүүлж орхисон юм. Москвагийн хамгийн том эмнэлэгт онгоцоор хүргэсэн ч ухаан орохгүй байсаар амьсгал хураасан билээ. Түүнийг 57 настай ахмад хүн болохоор аргагүй гэж зарим хүн хэлж болох юм.
 


Тэгвэл Чехийн алдарт жүдоч Лукас Крпалекийн жишээг харъя. 

Крпалек өнгөрсөн намар халдвар аваад, эдгэрсэн. Эдгэрснээсээ хойш тэр оролцсон дотоод, гадаадын тэмцээнүүдэд энэ сарыг хүртэл огт медаль аваагүй. Бэлтгэл хийхэд хүндрэлтэй, сэргэлт авахад хэцүү байсан нь түүнд нөлөөлсөн юм. Энэ сарын эхээр болсон Антальяагийн "Их Дуулга"-д хүрэл медаль хүртсэнийхээ дараа +100 кг-ийн чансааг тэргүүлэгч Лукас яаж баярлаж байсныг харсан бол та коронавирус түүнд яаж нөлөөлснийг ойлгох болно.
 


UFC холбооны шинэ од, чечень гаралтай Шведийн тулаанч Хамзат Чимаев нэгдүгээр сард ковидийн халдвар авснаасаа хойш эдгэрсэн ч бие нь сайжрахгүй байсаар гуравдугаар сард зодог тайлснаа зарласан.

Тэр бол 26 настай, ид үедээ байгаа тамирчин. Хамзат ковидийн улмаас амархан ядардаг, цуцдаг болсон төдийгүй бэлтгэл дээр ам, хамраас нь цус асгарсан тул амиа алдахаас сэргийлэн, ийнхүү спортоо орхилоо гэж мэдэгдсэн билээ.

Их аварга Хакүхо нэгдүгээр сард халдвар аваад 10 хоногт эдгэрэн, эмнэлгээс гарсан ч коронавирус түүнд бас нөлөөлсөн байлаа. Гуравдугаар сард болсон Хаврын тэмцээний эхний хоёр хоногт барилдсаныхаа дараа Хакүхо хуучин гэмтлээ сэдрээж, тэмцээнээс гарсан. Түүний өвдгөнд өмнө нь ч шингэн хуралддаг байсан, тухай бүр соруулж авдаг байсан гэнэ. Харин эмч нарын дүгнэлтээр ковид туссанаас хойш шингэний хэмжээ нэмэгдсэн, цустай гарах болсон гэж бичсэн байна.

Ингээд бодохоор коронавирус нь хөгшин залуу, тамирчин, жирийн хүн, аварга, сонирхогч ялгаагүй, хайр найргүй өвчлүүлж байгаа нь харагдаж байна. Одоо хийж чадах ганц зүйл бол тамирчдаа нэн яаралтай дархлаажуулалтад хамруулах явдал л байна.
 


Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 6-9-нд Киргизийн Бишкек хотноо болох гэж байна. Өчигдөр тус тэмцээний сугалаа явагдсан ч манай тамирчид сугалаанд оролцоогүй. Үүний дараа дэлхийн чансаанд өндөрт бичигдэж яваа Монголын шигшээ багийн жүдочид халдвар авсан мэдээлэл ил болов. 

Манай шигшээ багийн таван тамирчин эхлээд коронавирусний халдвар авсан нь тодорхой болсон бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны мэдэгдсэнээр бусад тамирчдад ч халдвар тархсан аж. 

Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос "Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээнд оролцохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хилийн чинадыг зорьсон. Улмаар энэхүү тэмцээнд амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, шагналт тавдугаар байр эзэлсэн билээ. Гэвч Ташкентын Гранд Сламын дараа манай баг Гүржийн нийслэл Тбилиси хотыг зорьж, тус улсад олон улсын хамтарсан бэлтгэл хийх үеэр манай шигшээ багийн зарим тамирчнаас коронавирусний халдвар илэрч, Тбилисийн Гранд Сламд бүтэн багаараа оролцож чадаагүй. Улмаар коронавирусний халдвар илрээгүй шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнд оролцож, хоёр алт, хоёр хүрэл медальтайгаар багаараа гуравдугаар байр эзэлж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Тбилист манай 5 тамирчинд тэмцээний өмнөх өдөр халдвар илэрснээр тусгаарлалтад орсон бөгөөд ямар нэг ноцтой  шинж тэмдэггүй хэвийн байгаа аж. Короновирусний халдвар илэрсэн манай баг Антальягийн Гранд Сламыг өнжөөд, Кыргызстаны Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байв. Гэсэн ч дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлаас болж, манай тамирчид маргааш эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Учир нь, манай шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. Монголын шигшээ багийнхны хувьд “Токио2020” олимпийн эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ-үүд хүлээж байна" гэсэн мэдээлэл өгөөд байгаа.

Коронавирусний нөхцөл байдал сайнгүй, тэр тусмаа өндөр ачаалал авч, бэлтгэл хийдэг тамирчдад, спортынхонд маш хүндээр тусаж мэдэхээр байна. Жүдо бөхийн шигшээ багийнхны хувьд Монголд вакцинжуулалт эхлэхээс өмнө олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнд оролцохоор хилийн дээс алхсан байсан тул вакцинд хамрагдаж чадаагүй байсан. Одоо ойрын өдрүүдэд Монголд ирж, журмын дагуу тусгаарлагдана. Ингээс хэсэг хугацааны дараа дахин олимпын эрхийн оноо олгох тэмцээнд явна. Энэ хооронд тамирчдын бэлтгэл доголдох, халдвар авсан тамирчдын биеийн байдалд өөрчлөлт орох магадлалтай гээд анхаарах асуудлууд олон байна.

Олимп болоход хэдхэн сарын хугацаа үлдсэн энэ цаг хугацаанд тамирчид, шигшээ багтаа алхам тутамд нь анхаарал тавьж, эрүүл мэндийн байдлыг нь нарийн хянах шаардлага үүсэж байгаа хаа хаанаа бодолцох хэрэгтэй болжээ. Тамирчид маань эхлээд коронаг ялж байж, дараа нь олимпын өрсөлдөгчөө ялах цаг үеийн нөхцөл байдал бидэнд тулгарсныг үйл явдлууд сануулсаар байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.126.88.43) 2021 оны 04 сарын 06

Balai ymaa

1  |  0
Өлзий(66.181.166.134) 2021 оны 04 сарын 09

Үнэхээр бодууштай, анхаарвал зохих асуудлыг хөнджээ... \n\n

3  |  0
Top