“Sun Medical” эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч, анагаах ухааны магистрант Г.Ундармаатай чих, хамар, хоолойн өвчнүүд түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
-Хүмүүс чихээ хулхитай болгочихлоо гэдэг. Тэгээд түүнийгээ буруу цэвэрлээд явдаг. Хэнгэрэг хагарах зэрэг асуудлууд гарч байна. Энэ талаар мэргэжлийн хүний үүднээс зөвлөгөө өгөөч...
-Хулхи нь өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Хүмүүс хулхийг хэрэггүй зүйл, үүнийг цэвэрлээд хаячихъя гэдэг. Хулхи нь чих рүү бактер, вирус орохоос хамгаалж байдаг. Чихэнд гаднын биет орох юм бол уг биетийг цааш нь суулгахгүй байх, хэнгэрэг рүү ойрхон очуулахгүй байх зэрэг өөрийн гэсэн олон үүрэгтэй. Гэрээр чихээ замбараагүй цэвэрлэх, ялангуяа хүүхдийнхээ чихийг замбараагүй цэвэрлэх нь гадна чихний сувгийг гэмтээж, урж, цаашаагаа хэнгэрэгийг гэмтээдэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ чихийг гэрийн нөхцөлд огт цэвэрлэх ёсгүй. Чихээ цэвэрлэх шаардлага гарвал усанд ороод гарсныхаа дараа зориулалтын чих цэвэрлэдэг бамбараар зөвхөн харагдах хэсгийг цэвэрлэнэ. Чихний бамбарыг цааш нь огт хийх ёсгүй.
-Хэнгэрэгээ гэмтээсэн тохиолдолд ямар эрсдэлүүд үүсэх вэ?
-Хэнгэрэг их ойрхон байдаг. Том хүнд 2.5 см орчимд байдаг бол хүүхдэд насных нь байдлаас болоод илүү ойрхон байдаг. Чихний сувгаа гэмтээгээд, хэнгэрэгээ урчихсан ирдэг хүмүүс байдаг. Хэнгэрэгний цаана сонсголын гурван яс гэх хүний хамгийн чухал, гурван жижигхэн яс байдаг. Сонсголын гурван ясыг гэмтээвэл шууд сонсгол буурдаг. Мэс засал шаардлагатай болдог.
-Хоёулаа үргэлжлүүлээд хамрын эрүүл ахуйн талаар ярья. Хөл хорионы үеэр хүүхдүүд танхимаар хичээллэхгүй, гэртээ байгаа энэ үед эрсдэлүүд үүсээд байна. Хүүхэд хамрандаа гаднын биет хийчихсэн байвал ямар тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой вэ?
-Хөл хориотой үед гэртээ байгаа бага насны хүүхдүүд тоглоомноосоо хамар руугаа гаднын биет их оруулж байна. Тоглоомноосоо дискэн жижиг батерейг хамар руугаа хамгийн их хийдэг. Энэ батерей нь дотроо идэмхий химийн бодис агуулсан байдаг учир хамрын салстыг түлдэг. Амьсгалын зам, цаашлаад улаан хоолой, ходоод гэдэсний зам руу очих юм бол бүр аюултай. Маш ноцтой хүндэрнэ. Бас тоглоомны шүрэн зүүлт, жижиг пүрш зэрэг янз бүрийн юмыг хүүхдүүд хамар руугаа хийдэг. Тэр тохиолдолд эцэг эхчүүд өөрсдөө авах гэж оролдох хэрэггүй. Шууд эмнэлэгт хандах хэрэгтэй. Өөрсдөө авах гэж оролдох юм бол шууд залгиур руу ороод залгигдаж болно. Эсвэл хамрын ханыг гэмтээнэ. Хэрвээ чих рүү нь юм орсон байвал шууд авах гэж оролдох нь хэнгэрэгтэй ойрхон очих, гэмтээх аюултай. Хэнгэрэгтэй ойрхон очсон зүйлийг авахад их хэцүү болдог. Хүүхдүүд, чих, хамар руугаа юм хийсэн тохиолдолд шууд мэргэжлийн эмчид хандах ёстой.
-Хүүхдүүд хамар, ам, чих рүүгээ юм хийсэн шалтгаанаар эцэг эхчүүд танай эмнэлэгт хэр ханддаг вэ?
-Гаднын биет хамар руугаа оруулсан талаар ярихад, тоглоомны эрүүл ахуй их яригдана. 0-3 хүртэлх насны хүүхдүүд юмыг амаараа мэдэрч барьдаг учир тоглоомны сонголтыг эцэг эхчүүд маш зөв хийх хэрэгтэй. Эцэг эхчүүд анхаарлаа сулруулахгүй байж, хүүхэд юугаар тоглож байна, юу амандаа хийж байна зэргийг байнга харж байх хэрэгтэй. Судалгаагаар хоногт 6-10 хүүхэд хамар, чихэндээ гаднын биет хийж эмнэлэгт ирдэг нь тогтоогдсон. Энэ бол их тоо.
-Хоолойны эрүүл ахуйг яаж хангах ёстой вэ. Хоолойны махыг авах нь зөв үү. Ямар шалтгаантай үед хоолойны махыг авахуулах заалттай байдаг вэ?
-Хоолойны мах гэдэг нь эмнэлгийн хэлээр бол тагнайн гүйлсэн булчирхай. Хүмүүс хэлж заншсанаараа хоолойны мах гэдэг. Хоолойны мах бол дархлааны өндөр үүрэгтэй эрхтэн. Хоолтой хамт нян, бактер ороход тэр бактерыг гадаргуу дээрээ авч үлдэж, дархлааны эрхтний үүргийг гүйцэтгэдэг. Нян, бактераас хамгаалдаг. Олон удаа ханиад хүрэх, харшил өгөх, амьсгалын дээд замын халдвараар олон дахин өвдөхөөр тагнайн гүйлсэн булчирхай үрэвсдэг. Хагалгааны асуудал ярихаасаа өмнө хамгийн эхэнд эрхтэнээ авч үлдэх талаар бодох хэрэгтэй. Гүйлсэн булчирхайн үрэвслийн эсрэг эмчилгээ хийх хэрэгтэй. Хоолойны махыг авахгүй бол болохгүй заалтууд бий. Сард олон удаа өвдөх, тагнайн гүйлсэн булчирхайн буглаа хүндрэх тохиолдолд мэс заслын аргаар авах заалттай. Ер нь хүмүүс аль болохоор хоолойгоо өвтгөхгүй байх, өвдөхөөс нь урьдчилан сэгргийлэх, хоолойгоо тогтмол давс болон содатай уусмалаар зайлах, өвдсөн тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгээд, аль болох хоолойны махыг авахуулахгүй байх хэрэгтэй.
-Хоолой өвдсөн үед хүмүүсийн хэрэглэдэг шээсээрээ зайлах, чонын хэл тавих зэрэг уламжлалт арга нь хоолойны махыг арилгахад, өвдөлтийг нь намдаахад хэр үр дүнтэй байдаг вэ?
-Уламжлалт янз бүрийн аргуудыг хүмүүс хэрэглээд ирсэн байдаг л даа. Цахилдаг цэцэг идэхээр хоолойны мах жижгэрдэг зэрэг ардын уламжлалт арга нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл биш. Чонын хэлийг хүзүүн дээрээ тавихаар хоолойны мах жижгэрдэг гэдэг нь боломжгүй зүйл юм. Арьс, булчин, салст зэрэг олон давхаргыг чонын хэл давж, хоолойны маханд үйлчилнэ гэж байхгүй. Тэгэхээр энэ бол зохимжгүй арга.
Сэтгэгдэл ( 0 )