Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын “BGF Retial” ХХК нь хамтран “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, “BGF Retial” ХХК-ийн удирдлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээ цахимаар болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ж.Сандагсүрэн, БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дарга Кей Чёл И, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенз, “BGF Retial” ХХК-ийн дарга Кён Жун И нар болон албаныхан оролцлоо.
Улаанбаатар хот гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион бүтээж, нэвтрүүлсэн монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц нь үнэ өртгийн хувьд хямд, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй шийдэл. CHIP багцыг худалдан авах санхүүгийн боломжгүй, эмзэг бүлгийн айл өрхөд дээрх дэмжлэгийг үзүүлнэ. CHIP үйлдвэрлэгч болон худалдан авах айл өрхүүдэд зориулсан санхүүжилт, ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж, орон нутагт ногоон ажлын байрыг бий болгон, тогтвортой үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. CHIP-ийг хэрэглэснээр өрхийн амьдралын чанар сайжирч, гэрийн дотор дулаан орчныг бүрдүүлж, хог хаягдлын хэмжээ буурч, хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл буурахад хувь нэмэр оруулах юм. Мөн иргэдийн эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг нэмэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж.
Нийслэлийн хүн амын 50.7 хувь нь инженерийн дэд бүтэцгүй сууцанд амьдарч байгаа бөгөөд агаарын бохирдлын 56 хувийг гэр хороолол болон халаалтын зуух, 20 хувийг автомашин, 10 хувийг цахилгаан станц, 14 хувь нь бусад эх үүсвэрээс үүдэлтэй байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )