Нүдээ олсон шагнал гэдэг сайхан. Хийж бүтээснээ улс орондоо үнэлүүлж алдар нэрээ мандуулж яваа аавын хүү, ээжийн охид Бурхан багшийн их дүйчин өдрөөр Сүхбаатарын талбай дээр цэцэг ургах шиг алаглав. Утга зохиолын сүмбэр оргилуудын нэг Д.Урианхай абугуайд нэгэн цагт төр соёрхлоо ивгээж Төрийн соёрхол өгье гэтэл “Ийм муухай төрөөс шагнал авахгүй” гэж хэлсэн гэдэг. Шагнал гэдэг бүтээл төрөхтэй адил авах цагтай. Зарим нь цаг нь болоогүй нэр алдрын төлөө сэмхэн асаж байхад зарим нь авах ёстойгоосоо цааргалж ичиж нэрэлхэн суух, зарим нь авах цагтаа авч түмний магнайг тэнийлгэж байхад зарим нь оройхон боловч даруухан аваад нам жимхэн алхана. Хүний хүсэл гэдэг хязгааргүй.
Цол дагаж бяр гэдэг шиг ямар нэг сэтэр зүүчихвэл бусдаас дээгүүр, бүхнээс дөнгүүр мэт сэтгэх. Хэчнээн одонгоор цоллуулж, торго дурдангаар хулдуулаад ч хүний мөн чанар нь өөрчлөгдөхгүй. Шагналыг муулах ч гээгүй, сайлах ч гэсэнгүй. Төр нүдтэйдээ нүдтэй. Цэл залуугаасаа кино урлагийн салбарт энэ насаа элээж яваа эрхэм жүжигчин өчигдөр гавьяатын тэмдгээр энгэрээ мялаалгаж ард олноо баясгаад авав. Дэлгэцийн өмнө олонд ил байдгаараа оройтсон ч гэсэн ийнхүү авах ёстой юмаа авчихлаа. Харин амьдрал дээр жинхэнэ хөдөлмөрөөрөө манлайлж, нийгмийг соён гэгээрүүлж улс орныхоо хөгжлийн төлөө залуу халуун насаа зориулсан чимээгүй баатрууд олон доо. Тэд баяр дөхөх бүрийд дээл хувцсаа сэмхэн бэлдэж, чимээ сураг харуулдан суудаг юм шүү. Нууцхан догдолж, чимээгүйхэн горьдсон сэтгэлээ санаа алдалтаар төгсгөж дуугаа хураан туних мэт, мэгших мэт буруу хараад хэвтэж буй тэр нэгэн буурлыг төр хардаг болов уу. Шагнал нүдээ олсон байх нь л сайхан даа.
Сэтгэгдэл ( 0 )